Д.Нямсүрэн: Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шаардлагатай газар нь хийдэг болно

6 цаг өмнө

Д.Нямсүрэн: Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шаардлагатай газар нь хийдэг болно

Хөвсгөл аймгийн уугуул Монгол Улсын Ардын эмч Даваажавын Нямсүрэнг “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа урьж ярилцав. Түүний найз Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Дашдондов дурсамж номыг нь баринтаглан хэлэхдээ “Ач буянт, аврал ихт нэгэн буюу нийтээр нэрлэдгээр “Бөөрний” Нямсүрэн эмч” хэмээн хэлсэн нь олноо алдаршсан билээ. 

Ардын эмч маань Оточ маналын саарал ордондоо одоо ч ажилласаар...

 

-Нэгдсэн I эмнэлгийн гурван давхрын шатны баруун, зүүн жигүүр үүрийн таван жингээс эхлээд олны хөлд дарагддаг газар. Сэтгэлдээ айдас, түгшүүр хураасан, эргэлзэж, тээнэгэлзсэн олон хүн суух нь сууж, зогсох нь зогсож харагдана. Товлосон ёсоор цагаа барин иртэл эмч маань хагалгаанаас арай гарч ирээгүй байв. Д.Нямсүрэн эмчийг хүлээсэн, асуусан хүн хэд, хэд болоод авлаа. Удалгүй эмчээс утсанд “Хүлээж байгаараа, одоохон” гэсэн хариу ирэв. Хагалгаа амжилттай болсон бололтой. Үүдэнд нам, гүмхэн байсан улсууд дуу чимээ орж удалгүй эмч нар гарч ирлээ.

 

Өглөө бүрийг хагалгааны өрөөнд эрдэнэт хүний амь насыг аврахаар цаг, хором бүртэй уралдан байдаг тэдний нэг өдрийн ажил ийнхүү эхэлдэг. Нас 70 гарсан ч буурал эмч маань Оточ маналын саарал ордондоо аль хэдийн ирчихсэн эмч нартайгаа зөвлөлдөж явааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан юм.

 

Тэрээр нэгэнт хийгээд сурчихсан ажлаа хийхгүй бол өөр хэн хийх билээ. Мөн залуучууддаа тусалж дэмжих нь миний үүрэг, хариуцлага бас үүгээрээ би бахархдаг. Залуу эмч нар маань намайг бас дэмжиж тусалдаг. Тиймээс урологи, андерлогийн тасгийн хамт олон болон Нэгдсэн эмнэлгийн удирдлага, Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олонд, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Урологи, андерлогийн мэргэжлийн салбар зөвлөлийнхөндөө баярлахгүй байхын аргагүй гэсэн юм. 

 

 Ардын эмч маань 2006 оноос эхлэн Бөөр шилжүүлэн суулгах багийг ахалж ажилласнаар өнөөдөр 440 бөөрийг шилжүүлэн суулгасан байна.

 

Би 2013 онд тэтгэврээ тогтоолгосон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл багийнхаа ахлагчаар ажиллаж 2016 оноос хойш зөвлөх эмч, урологийн төвийнхөө зөвлөх эмчээр нийтдээ 50 шахам жил ажиллаж байна. Найман настай балчраас 80,90 гарсан хүмүүст ч мэс засал хийж байсан гэв. Энэ хугацаанд залуучууддаа зааж сургаж, зөвлөж, хамтарч мэс засалд орохын зэрэгцээ 10 гаруй ном, гарын авлага бичиж хэвлүүллээ. Эдгээр нь залуу хойч үеийн залгамж халаа болсон эмч нар, оюутан, эмчилгээ эрхэлж байгаа урологи, андерлогийнхонд нь мэргэжлийн гол арга зүй товхимол нь болсон гэж бодож байна. Мөн бөөр суулгуулсан хүмүүст шаардлагатай эмчилгээний талаар гарын авлага гаргалаа" гэсэн юм. Ийнхүү тэрээр одооч Оточ маналын саарал ордондоо урологийн,бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмчээр ийнхүү ажилласаар нэгэн жарныг элээж байна.

 

Бөөр шилжүүлэн суулгах хоёр дахь төсөл амжилттай болсон он жил 

 

сонин mn

Д.Нямсүрэн Монгол Улсад анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг зориг гаргаж эхлүүлсэн эмч нарын нэг. Энэхүү мэс засал хийх эхлэл хэрхэн тавигдаж байсан тухай түүнээс сонирхоход тэрээр “Бөөр шилжүүлэн суулгах анхны хагалгаа 1996 онд амжилтгүй болж улмаар 10 жил завсарласны дараа 2006 онд амжилттай болсон түүхтэй. 1990 оны шилжилтийн дараагаас Монголын нийгэмд болон эрүүл мэндийн салбарт олон өөрчлөлт шинэчлэлт болсон билээ.

 

Түүний нэг нь эрхтэн шилжүүлэн суулгах асуудал байлаа. Нийгмийн ядуурал, хоосрол архидалт хэрээс хэтэрч тэр дундаа бөөрний өвчлөл ихсэж бөөр шилжүүлэн суулгах тухайд анхаарал хандуулж байсан үе. 1993 онд хэсэг эмч нарын баг бөөр шилжүүлэн суулгахаар Япон улсад нэг жилээр суралцаж буй юм дуулдаж байлаа.

 

Гэвч буцаж ирээд клиникийн лабораторигүй тул боломжгүй байсан. Тухайн үед Анагаах ухааны доктор Л.Жамбалжав Анагаах ухааны хүрээлэнгийн бөөр шилжүүлэн суулгах цогц төслийн удирдагч болж миний бие, Ж.Нарантуяа, Б.Бямбадорж бид хэд эхлээд нохой дээр бөөр шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж байлаа. 1996 онд бидэнд аргагүй байдалд орсон амь насыг нь бага ч гэсэн уртасгах шаардлагатай бөөрний архаг дутагдлын эцсийн шатандаа орсон хүнд эгчээс нь зүүн бөөрийг нь авч баруун таашаан хонхорт суулгасан. Донорын багийг би ахалж, Хөдөлмөрийн баатар Г.Нямхүү эмчийн тусламжтайгаар хийсэн. Гэсэн хэдий ч энэ хагалгаа амжилттай болоогүй. Яагаад гэвэл молекул химийн лаборатори байгаагүй. Мөн дархлаа дарангуйлах эм хангалт муу байсан. Мэдээж анхны юм бүхэнд алдаа, дутагдал байдаг. Тэр үед төслийн багийг Л.Жамбалжав ахалж Б.Гоош багш маань туслан зөвлөж, Ж.Нарантуяа эмч оролцсон.

 

Лабораторигүй хүнд байсан ч Н.Мөнхтүвшин багш эд эсийн тохиргооны шинжилгээг өөрийн лабораторид хийж өгч бидэнд маш их эрч,хүч оюун санааны дэмжлэг үзүүлж байсныг мартдаггүй.

 

Үүний дараагаар эрхтэн шилжүүлэн суулгах нэн шаардлагатай молекул-биологийн лабораторитой болсон. Анхны мэс заслыг хийснээрээ цаашид чадах юм байна гэдэгтээ итгэлтэй болж урам зориг нэмэгдэж байсан даа” гэсэн юм. Ингээд тэд Тайландын Бангкок, Хятадын Ухань Англи, Финлянд улсад мэргэшиж суралцсан гэдэг. Тухайлбал Хятад улсын Найрамдал эмнэлэгт 17 бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг газар дээр нь харж, оролцох зэргээр туршлага хуримтлуулжээ. Ингэснээр тус багийн эмч нарын ур чадвар сайжирч улмаар зөв менежментийн хүчээр арван жилийн дараа буюу 2006 онд Англиас М.Слапак,Тайландаас Файбул, Житрафай докторуудыг урьж Монголын эмч нар хамтарч гурван хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байгааг эмч маань хуучилсан.

 

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шаардлагатай газарт хийдэг болно

 

Өнөөдөр Улсын нэгдүгээр эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засал бүрэн нутагшсан гэдгийг тэрээр онцолж байсан юм. Мөн энэ онд Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлээд байгаа аж.

 

Цэргийн төв эмнэлгийн эмч нартаа хамтарч гурав дахь хагалгааг амжилттай хийсэн бол өнгөрсөн долоо хоногт Хавдар судлал болон Эх нялхсын төв эмнэлэгт мөн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг тус тус эхлүүлжээ. Ингэснээр нэг эмнэлэг дэх төвлөрлийг сааруулж либериалчлах буюу хүртээмжтэй байдалд шилжиж байна.

 

Шаардлагатай газарт хийгддэг, хүлээлтийг бууруулахад анхаарч ажиллаж байна. Сүүлийн үед бөөрний өвчлөлийг 1970,1980 онтой харьцуулахад ихэссэн юм шиг харагдаж байгаа ч энэ нь нэгдүгээрт,эрт илрүүлэг, эмнэлгийн хүчин чадал, эмч нарын ур чадвар, техник технологи, оношилгооны аппаратууд иргэд эрүүл мэнддээ анхаарах байдал нэмэгдсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, Монголын хүн амын өсөлттэй холбоотой өссөн юм шиг харагдаж байгаа. Нөгөөтээгүүр гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа. Түүнчлэн манай орны агаар, хөрс, усны бохирдол, утаа мөн архидалт, замбараагүй бэлгийн хавьталд орох, элдэв төрлийн өвчнөө эмчлэхгүй явах зэргээс шалтгаалж бөөрний өвчлөл ихсэх хандлагатай. Гэхдээ 100 болон 1000 хүнд ноогдох байдлаараа 10,20,30 жилтэй харьцуулбал ихэссэн. 

 

Амьгүй донорын талаарх Монголчуудын ойлголт нэг талдаа гарах байх гэсэн хүлээлттэй байна

 

Донорын хуулийг 2002 онд баталсан.Ингэснээр монголчуудын нэг сайхан зүйл нь ах дүүгийн амьд донор болох явдал. Донорын хуулийн дагуу ах дүү, гэр бүлээ үхлээс аврахын тулд аав, ээж нь, дүү нь ах нь, нөхөр нь, эхнэр нь бөөрөө өгч байна.Хуультай болсноор амьд донорын асуудал зохицуулагдаад явж байна. Харин амьгүй донорын тухайд олдоц муу байна. Гэхдээ түүхэн хөгжлийнхөө замаар олон улсын чиг хандлагаар монголчуудын хандлага өөрчлөгдөөд ирэхээр энэ асуудал аяндаа зохицуулагдах байх гэж бодож байна. Амьгүй донор нэлээдгүй гарч олон хүний амийг аварсан тохиолдол зөндөө.

 

Сүүлийн 1-2 жилд тасалдаж байна. Энэ нь манай ард түмний энэ талын ойлголт, санал, сэтгэгдэл нэг талдаа гараагүй учраас ийм байдалтай байна гэж үзэж байгаа аж. Сүүлийн үед бөөрний дутагдалтай хүмүүст диализын аппарат хүрэлцээгүй гэсэн асуудал яригддаг байсан.

 

Энэ тухай эмч ярихдаа “ Диализын аппаратын хүрэлцээ хангамж сайжирсан. Өнөөдөр 1000 орчим хүн хувийн болон улсын эмнэлгүүдэд энэ аппаратад орж байгаа байх. Түүнчлэн аймгийн төвүүд бүгд ийм аппараттай болсон. Хэвлийн диализ гэсэн бага оврын зөөврийн аппарат гарсан. Энэ нь тухайн өвчтөний хэвийд гуурс тавьж өөрийнхөө уургийн задралын эсийн бүтээгдэхүүнийг цэвэрлэдгээр онцлогтой. Аппаратдаа дасан зохицсон, тогтворжсон хүн хэдэн ч жил амьдрах боломжтой гэв. 

 

Төр, ард түмэн, ачтан багш нар, аав ээж дээ үргэлж талархаж явдаг 

 

Тэрээр 1977 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд мэс заслын эмчийн курс, дээд курс, Налайхад мэс заслын эмчээр ажилласан он жилүүдийн үр дагавар түүнчлэн мэс заслын эмч болох хувь хүний өгөгдөл, авьяас чадвар, эмнэлгийн хамт олон удирдлагын багийн дэмжлэг, гэр бүлийнхний түшиг, тулгуур зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр Ардын эмч хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон гэдэг.

 

Бөөрний өвчлөлийн, оношилгоо,эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын аргыг эх орондоо нэвтрүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласныг төрөөс өндрөөр үнэлсэнд талархаж байна.

 

Анх эмч болоод Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд дархад зон олны дунд гурван жил Сум дундын эмнэлгийн эмч, эрхлэгч, мэс заслын эмчээр ажилласан. Тодруулбал, Улаан-Уул, Баянзүрх, Цагааннуур гэсэн хамгийн алслагдсан тойргийн сумдад ажиллаж байлаа. Улмаар өөрийн сайн дураар цэргийн албанд татагдаж 1980 онд мэс заслын олгох курс төгсөж Зүүнбаяны Цэргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад 1982 оноос Цэргийн төв эмнэлэгт найман жил ажилласан он жилүүд надад эмчээр ажиллах туршлага, эв дүй, ур ухаан,өгөөжийг өгсөн газар. Энэ хугацаанд 1983 онд Ленинград хотод мэс заслын дээд курст суралцаж нүд тайлсан. Мянган удаа сонссоноос нэг удаа үз гэдэг үнэхээр үнэн үг. Дараа нь 1985-1986 онд Анагаах ухааны мэс заслын олгох курс төгссөн. Энэ бүх мэргэжил дээшлүүлэх алба нь мэргэжилдээ мэргэшихэд нь онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ингээд 1989 онд цэргээс халагдаж Улсын нэгдсэн нэгдүгээр төв эмнэлгийнхээ урологи андерлогийн тасагт эмчээр ирж ажилласнаас хойш 37 дах жилтэйгээ золгожээ. Тэрээр удирдагч, хамт олноо нэгтгэн нийлүүлэх тухайд бусдаасаа давуу гэдгийг үе, үеийн удирдлагууд эмч нар нь хэлдэг юм билээ.

 

Шулуун шударга зан, өвчтөндөө “Битгий ай би тантай хамт” хэмээн хэлдэг сайхан үгс нь тэднийг дахин амьдруулдаг гэлтэй. Тэрээр хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тэгэхээр эмч хүнд эм тариа, мэс ажилбараас илүүтэй хүнд итгэл өгөх, урам зориг хайрласан үг юутай үнэ цэнтэй билээ.

 

Ийм сайхан мэргэжлийг эзэмшихэд тухайн үеийн алтан гартай эмч нараар хичээл заалгасны ач. Мөн төрүүлж өсгөсөн ээж, аавын маань буян юм. Мөн ард түмний минь надад өгсөн итгэл найдвар намайг өдий зэрэгт хүрэхэд нөлөөлсөн. Тиймээс аав, ээждээ, ачтан багш нартаа ард түмэндээ маш их баярлаж байна. Та нарынхаа ач буянаар төрийн өндөр хишиг болох Ардын эмч цол хүртсэндээ баяртай байна гэсэн юм. Биднийг уулзаж байх үед эмч нар цалингаа нэмүүлэхээр ажил хаясан байлаа. Тийм дээ ч үү түүний эрэлт хэрэгцээ улам их байсан уу өвчтөн үзэх цаг болчихлоо гэснээр бидний уулзалт өндөрлөсөн юм. Тэр явахынхаа өмнө “ Эмч хүн тангараг өргөсөн гээд талхны мөнгөгүй явж болохгүй биз дээ” гэж хэлсэн нь нээрээ ч тийм дээ гэж бодогдсоор. Тэр одоо ч Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Урологи, андерлогийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмчээр ажиллаж хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд тасралтгүй ажиллаж байна. Монгол Улсын хүний гавьяат эмч,Төрийн хошой шагналт, Ангаах ухааны доктор,профессор, Монгол Улсын Ардын эмч тандаа урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.

 

Ц.МЯГМАРБАЯР 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.