Бүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ

3 цаг 35 минутын өмнө

Бүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ

Менежер нь аливаа байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, удирпаг манлайлах үүрэгтэй гол удирдагч. Өөрөөр хэлбэл цагаан гартай, оффисын ажилтан, зааж зааварладаг дарга хүн гэсэн үг.

 

Төрийн өмчит компаниудад ийм дарга нар өнгөрсөн сонгуулийн дараа борооны дараах мөөг шиг хос хосоороо томилогджээ. Гэтэл өнөөх компани, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд нь сахил хүртээд шал дордов гэгч болсон.

 

Хяналт болон бүтээмжийн менежерүүд томилогдсон компаниудын алдагдал нь хэдэн арван тэрбумаар хэмжигдэж, үр ашиггүй худалдан авалт, захиргааны зардлын хэтрэлт нь байгууллагаа татаж унагахад хүрчихсэн. Тухайлбал, МИАТ компанид бүтээмж, хяналтын менежерүүд томилогдоод ажил нь сайжрах биш улам муудаж, алдагдал нь 10 тэрбумд хүрсэн нь хэвлэлүүдэд саяхан бичигдсэн. “ДЦС-4” ТӨХК-д 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдсанаас ашиглалтгүй болсон гэх мэтээр бүтээмжийн менежертэй болоод ч бүтэлтэй ажиллаж чадаагүй жишээ олон. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д 2024, 2025 онд тендерийн хуулийг зөрчин шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авч, хууль зөрчиж байхад өнөөх бүтээмж, хяналтын менежерүүд нь хаана байв? Энэ мэтээр бүтээмжийн менежер томилоод бүтэл нь улам “бөгсөөрөө эргэсэн” төрийн өмчит компани, үйлдвэрүүдийн уртаас урт жагсаалтыг гаргаж болно.

 

Өнгөрсөн зун ноцтой осол аваар гарсан “ДЦС-3” ТӨХК-иас эхлээд “Цемент шохой” ХХК, “Багануурын ДЦС” ТӨХК гээд алдагдалтай ажилладаг атлаа зардлаа хэтрүүлдэг, үр ашиггүй худалдан авалт хийж төсвийн мөнгийг “гарын салаагаар урсгаж” суудаг аж ахуйн нэгжүүд тоймгүй. Тэд бүгд бүтээмж болон хяналтын менежерүүдтэй.

Төрийн өмчит компаниудын өр төлбөр 2022 онд 21 их наяд байсан бол бүтээмжийн менежерүүд томилогдон ажилласан 2024 онд 22.8 их наяд төгрөг болж өссөн байна. Ганц жишээ дурдахад эрчим хүчний салбарын 28 компанийн 11 нь алдагдалтай ажилладаг. Төрийн өмчит компаниудын 40 хувь нь алдагдалтай ажилладаг, тэр 40 хувийн тэн хагас нь гурван жил дараалан алдагдалтай ажилласаар буй. Бүтээмж, хяналтын менежерүүд томилоод энэ байдал огт өөрчлөгдөөгүй, харин ч байгууллагын дотоод зардал, цалин хангамж нь л эрс нэмэгдсэн жишээ захаас аваад бий.

Тиймээс бүтээмжийн бус алдагдлын менежерүүдийг цомхотгоно гэж Засгийн газар шийдээд буй нь хамгийн цагаа олсон, басхүү нэн яаралтай ажил хэрэг болгох шийдвэр мөнөөсөө мөн.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.