Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтийг 15 хоногт цахимаар шийднэ

3 цаг 5 минутын өмнө

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтийг 15 хоногт цахимаар шийднэ

“Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, 1–5 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ” гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Тэгвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ мэдээлэлд тайлбар хийсэн байна. 

Тодруулбал, тус албанаас "Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 3.24.6-д “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс цахим болон цаасан хэлбэрээр санал авна” заасан байдаг. Иргэн та шинээр газар эзэмших тухай санал, хүсэлтээ цахимаар гаргах бөгөөд нийслэлийн 9 дүүргээс Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулснаар шинээр газар эзэмших боломжтой юм.

Нийслэл, дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн, нийтийн эрх ашиг болон газар эзэмших, ашиглах эрх нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн эдэлбэр газрыг газраар дүйцүүлэн эзэмшүүлэхээр тусгагдсан байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтүүдийг www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, хуульд заасны дагуу 15 хоногийн дотор шийдвэрлэж байна" гэжээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.