Нийгмийн бухимдал тэсрэх, дэлбэрэх аюултай

1 сар 13. 8:27

Нийгмийн бухимдал тэсрэх, дэлбэрэх аюултай

Хорвоо ертөнцийн эхлэлийг ч, бас төгсгөлийг ч мэдэх боломж үгүй талдаа. Гэхдээ бидэнтэй холбогдох тэр багаахан зурвас үеийн (5 тэрбум жил гэе) талаар хүмүүс бидэнд мэдлэг, мэдээлэл байгаа.

Нар, нарны систем, дэлхий, сар, дэлхий дээр маань явагдсан хувьсал, үр дүн нь болсон өнөөдрийн бодит байдал, хүний нийгэм, биет болон биет бус соёл, өнгөрсний түүх, ирээдүйн төлөв, хандлага – энэ бүхний тухай мэдлэг ч буй, мэдээллүүд ч буй. Амьд байгалийн хувьслын түүх гэж буй, хүмүүсийн оюун санааны амьдралын хувьсал, хөгжлийн түүх гэж бас буй. Дэлхий дахины түүх гэж байгаа. Мөн улс орон нэг бүрийн түүх, бас зарим хүний намтар, түүх ч гэж буй. Энэ олон түүхэнд хүн төрөлхтний таньж мэдсэн тун олон үнэн мэдлэг, зөв мэдээлэл агуулагдаж байгаа. Гэхдээ тэр бүхэнд мөн л маш олон худал зүйлүүд ч бас буй.

 

Тэр бүх түүхүүдийг яг л зөвөөр шүүн тунгааж, шинжлэх ухаанч байр, сууринаас эцэслэн редакторлах боломж одоохондоо бас байхгүй. Тиймээс үнэн нь үнэнээрээ, худал нь худлаараа адилхан л уншигдаж, судлагдаж байгаа юм. Энэ зуунд, баруун Европод нэгэн сонин үзэгдэл буй боллоо.

 

Энэ бол “түүхэн үнэн ер сонин биш. Хүчлэн сурталчилж, хүмүүст бүрэн итгүүлж чадсан л бол тэр зүйл худал байсан ч үнэн мөн. Тиймээс бид өнгөрсөн түүхийг ганцхүү өөрсөддөө ашигтай байдлаар бичиж залууст зааж, итгүүлэх хэрэгтэй. Тэр итгэл дээр нь үндэслэж бид залуусыг, хар массыг дуртай зүгрүүгээ удирдаж, хөтөлж болно. Нар манай гаригийг тойрон эргэлдэж байдаг гээд л итгүүлчих юм бол тэдний хувьд энэ л жинхэнэ үнэн болдог” хэмээсэн үзэл, байр суурь юм. Ийм үзэл санаа, байр суурь хэрэгжээд дэлхийн I ба II дайны түүх аль хэдийнээ өөрөөр бичигдээд бүх шатны сургуулиудад сурах бичиг болон ашиглагдаж байна. Энэ үзэгдэл өргөжиж газар авсаар удлаа. Монголд маань хүртэл халдварлаж ийн сэтгэдэг хүмүүс буй болчихжээ. Энэ бол улстөр, үзэл суртлын хувьд нэн хортой үзэл санаа, байр суурь юм. Бодит байдлыг орхиод бодитой бишүүдрүү хүмүүсийн үзэл санааг хөтлөх нь, дүрсэлж хэлэх аваас, элдэв зүсмийн солиорлыг л төрүүлэх үр дагавартай. Иймэрхүү үр дагавар барууны ертөнцөд аль хэдийнээ гарчихаад байна. Хүмүүс түүхээс л сургамж авч зам мөрөө засдаг, зүг чигээ тогтоодог. Гэтэл түүхийг нь огт өөрөөр, үнэнээс их өөрөөр, аль нэгэн субъектын бусармаг зорилго, санаархалд нийцүүлэх бичих, засварлах нь хэний ч болов зөв зам мөрийг алдагдуулж, буруу, осолтой зүг чигрүү л хөтөлнө шүү дээ.

 

Төөрөлдсөн хүн, ардууд араатан адил ааш авир ч гаргаж мэднэ. Чухамхүү иймэрхүү л хөрс, суурин дээр нацизм, фашизм, милитаризм төрөн гардаг ажээ. Олон улс орны өнгөрсөн түүх энэний гэрч болон үлдсэн юм. Хүмүүс бид өөрийн цаг үеийг болон өрөөл бусдын цаг үеүдийг ч үнэлэх гэж оролддог.

 

Энэ бол буруу зүйл биш. Гэхдээ нэг л үзэл онолын үүднээс, нэг л цаг үеийн үүднээс бусад бүх цаг үеүдийг шүүн үзэх, үнэлэх нь үнэнд хүргэхгүй. Харин эсрэгээр олон үзэл онолыг мэдэж, тооцож байж, мөн олон олон цаг үеийг ойлгож, судалж байж тухайн нэгэн цаг үеийг үнэлж, дүгнэх нь зөв юм. Тэгвэл л бидний үнэлгээ үнэнд ойртож очно. Солиотой гэхээр хэт үндсэрхэх үзэл, санаа нь фашист үзэл санаатай хиллэдэг, нийлдэг, улмаар милитарист үзэл санааг хөөрөгддөг, цаашид даврахаараа дайн, түрэмгийлэл, геноцид зэрэг үйлдлүүдийг өдөөдөг нь нэгэнт тогтоогдчихсон, практик илрэл нь хэд хэдэн удаа давтагдаад гарчихсан зүйл юм. Өнөөдөр ч гэсэн иймэрхүү үзэгдлийн гэрч болоод бид сууцгааж байна. Хүмүүс мартамхай, богинохон настай, ихэнхид нь түүхээ үзэх, судлах зав цаг ч байхгүй. Дэлхийн хэмжээнд түүхчдийн тоо ч тун цөөн, эмч, инженер, физикчид, хуульчидтай харьцуулахын ч аргагүй цөөхөн. Гэтэл түүхийн сургамж шиг үнэтэй зүйл бараг л үгүй. Чухам ийм шалтгаан, нөхцөл нь түүхийг элдвээр гуйвуулах боломжийг олгодог. Энэ боломж өнөөдөр дэлхийн дайнуудын түүхэн үнэнийг огт өөрөөр үнэлэх, дүгнэх, даан ч дээ! гэхээр гажуудуулах нөхцөлийг Европын улстөрчдөд (давжаарчихсан гэхээр улстөрчдөд) олгожээ. Зарим нэг нь зүүдэнд ч оромгүй худлыг үнэн мэтээр яриад зогсож байх болов... “Дэлхийн II дайны ялалтыг АНУ, Англи хоёр авч ирсэн. Тэд л Европын олон орныг фашизмаас аварсан, чөлөөлсөн. Германы хорих лагериудаас ч хүмүүсийг англо-саксууд л сулласан. Японы милитаристуудыг ч атомын бөмбөгөөр сүрдүүлж байж АНУ л буулгаж чадсан. Хоёр системийн өрсөлдөөн, хүйтэн дайнд ч АНУ ялсан” гэсэн түүх Европод бичигдэж, сурталчлагдаж байна.

 

Даяаршил, ардчилал, олон ургальч байдал аль аль нь л хүмүүсийг үнэнрүү, түүхэн үнэнрүү, жинхэнэ үнэнрүү, маргаангүй үнэнрүү хөтлөх, үнэнд элэгтэй болгох, хүмүүнлэг болгох учиртай. Гэтэл өнөөдөр энэ гурвын нэр, далбаан дор хийгдэхгүй луйвар, хэлэгдэхгүй худал гэж үгүй боллоо.

 

Төрийн эрхэнд гарсан ардчилсан гэгдэх намуудын үйл ажиллагаа хүртэл зарим оронд шинэ колончлолын бодлогыг нууцаар хэрэгжүүлэх болов. Жишээ нь Байден ерөнхийлөгчийн үеийн АНУ-ын гадаад бодлого ийм шинжтэй байсан нь илчлэгдсээр байна. Ардчилсан гэх нэрийг баг болгон ашигладаг улстөрчдийн тоо тив бүхэнд өссөөр, тэр хэрээр ардчиллын нэр хүнд унасаар... Хуурамч ардчиллаас залхах үзэгдэл өргөжсөөр... Монголын нийгэм ч гэсэн ийм төлөв байдалд орчихоод байна. Тэгээд гарц эрж, бухимдаж, мухардаж, хүсэмгүй ааш авир ч гаргацгаах болов. Эрх барьж буй намын удирдлага ийм болчихсон нөхцөл, байдлыг ойлгож, бухимдлыг тайлах, мухардлаас гарах тайван, зөөлөн арга, зам, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэд огт боломжгүй зүйлүүдийг шаардаад байгаа биш шүү дээ. Цалин, орлого бага, амьдралын түвшин дорой байгаа нь төр засгийн удирдан зохион байгуулах чадамжтай л юуны өмнө холбоотой гэж үздэг, хэрэг дээрээ ч тийм.

 

Гурван сая гаруйхан хүний аж амьдралыг 35 жилийн туршид боломжийн түвшинд хүртэл нь өөд нь татчихаж чадахгүй байгаа нь ойлгохын ч аргагүй, уучлахын ч аргагүй, тэвчээд өнгөрөхийн ч аргагүй үзэгдэл, баримт юм.

 

Ийм болчихсоны шалтгаан нь юу юу байв аа? Авлига, хулгай, луйварт найгүй болтлоо автагдсан төр, засаг, улстөрийн нам л гол шалтгаан нь гэж харийн судлаачид ч хэлж байна, өөрийн судлаачид ч хэлж байна. Тэдний үнэлгээ, дүгнэлт адилхан байгаа болохоор энэ нь маргахын аргагүй үнэн юм. Энэ үнэнийг эрх баригчид өөрсдөө ч гэсэн ойлгож байгаа шүү дээ. Ардчилсан төр, засаг гэх нэрийг ашиглан Монголын маань үнэтэй цэнтэй бүхнийг цөөн хүмүүс элдэв аргаар хувааж аваад өмчилчих юм бол, тэгээд “хувийн өмч бол халдашгүй зүйл” гээд ард түмэнд буцааж өгөхгүй болчихвол жирийн иргэд л хохирох болно. Ийм байдал өнөөдөр ч ажиглагдаж байна. Монголын маань газар нутаг том, хөрсөн доорх баялаг нь их тулдаа л цаана нь бас үлдсээр байгаа юм. Газар нутаг өчүүхэн, баялаг нь багаахан байсансан бол юу болох байсан бол оо? Тун ч эвгүй л зүйл гарах байсан даа. Энэ тухай үргэлжлүүлэн бодохоор айдас хүрэх юм.

 

Монголын маань цөөхөн хүн амын тун ялимгүй хэсэг нь хулгай, луйвраар баяжлаа. Харин үлдэх хэсэг нь ядуурсан буюу ядуурлын ирмэг дээр зогсож байна. Ийм байтал нөгөө баяжсан цөөнх төр, засгийг авлигадаад, худалдаад авчихлаа.

 

Ингээд л Монгол улсад бүх баялаг нь ч цөөхөн гэр бүлийнх, төр засаг нь ч цөөхөн гэр бүлийнх болчихлоо. Цагдаа, шүүх, прокурор, хот болон аймгуудын захиргаад ч мөн нөгөө цөөн гэр бүлийнхэнд л үйлчилдэг, тэдний гар хөл, хамсаатан нь болжээ.

 Ийм байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийн бухимдал тэсрэх, дэлбэрэх аюултай. Аль ч улс оронд ингэж ирсэн түүхтэй. Энэ аюулаас сэргийлэхийг миний бие эх орон нэгтнүүддээ уриалж байна.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.