Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог

3 цаг 11 минутын өмнө

Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог

Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн титмийн эзэн Б.Энхтуулыг  “Өөр зочин”-оор урилаа.

Тэрээр эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт ахлах мэргэжилтнээр ажилладаг. Мөн мэргэжлээ дээшлүүлэхээр “Төрийн удирдлага”-ын магистраар суралцаж байна.

 

-Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”-аар тодорсон танд баяр хүргэе. Тухайн үеийн баярын сэтгэгдлээ хуваалцаач?

 

-Miss World нь 1951 оноос хойш нийт 72 удаа зохион байгуулагдсан эмэгтэй хүний зөвхөн гадаад гоо үзэсгэлэнг бус, оюун ухаан, нийгмийн хариуцлага, бусдад туслах чин хүсэл эрмэлзлийг үнэлдэг дэлхий дээрх хамгийн эртний, нэр хүндтэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийн нэг билээ.

 

Спортоор төлөөлүүлбэл олимптой дүйцнэ. Харин Монгол Улсын хувьд тус тэмцээнд 2005 оноос хойш оролцож байгаа бөгөөд энэ жил 19 дахь удаагаа зохион байгуулагдсан.

 

Үндэсний ялагч шалгаруулах тэмцээн нийт хоёр сарын хугацаанд зохион байгуулагдсан. Финалын өдөр номинаци бүрээр миссүүдээ эхнээс нь дуудаж байгаад хамгийн сүүлд үндэсний ялагч, тэргүүн миссээр Баярсайханы Энхтуул гээд зарлах мөч бол үнэхээр үгээр хэлэхийн аргагүй амьдралын маань хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байсан. Мөн үүнийгээ дагаад маш их хариуцлагыг мэдэрсэн. Яагаад гэхээр энэ бол зөвхөн миний мөрөөдөл төдийгүй дэлхийн тив тивийн миссүүдтэй нэгэн тайзнаа алхаж, Монгол гэсэн нэрээр дуудуулна гэдэг миний хувьд үнэхээр бахархалтай санагдсан.

 

сонин mn

-Ихэнх охид багадаа мисс болохыг хүсэж мөрөөддөг. Мисс гэх цолны утга учир мөн чанарыг та юу гэж боддог вэ?

 

-Бидний багадаа үзэж өссөн хүүхэлдэйн кино, телевизээр гарах хамгийн үзэсгэлэнтэй үлгэр дуурайлал авдаг хүмүүс нь титэм зүүсэн мисс, гүнж, барбинууд байсан. Тэгэхээр охид бүр гялалзсан титэм зүүж, тэрхүү мэдрэмжийг авахыг хүсдэг байсан болов уу. Харин “Мисс” гэдэг цол нь зөвхөн гоо сайхныг хэмжих шалгуур төдий зүйл биш. Эмэгтэй хүний оюун ухаан, зан чанар, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг илэрхийлдэг. Тэгэхээр “Мисс” байна гэдэг нь зөвхөн улс орноо олон улсад төлөөлөөд зогсохгүй, олон охидын мөрөөдөл, итгэлийг тээж, нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэж, эерэг өөрчлөлтийн төлөө дуугарч чаддаг байх шаардлагатай гэж боддог.

 

-Та “Хөхөө хайрлая, хамгаалъя, халамжилъя" уриан доор хүмүүнлэгийн ажлаа хийж байгаа. Хүмүүнлэгийн ажил нь хэр үр дүнтэй явагдаж байна?

 

-“Miss World” тэмцээн нь “Beauty with a Purpose” буюу “Зорилготой гоо үзэсгэлэн” уриа дор нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, бусдад туслах чин хүсэлтэй гоо бүсгүйг шалгаруулдгаараа онцлогтой. Энэ хүрээнд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, мөн Хавдар судлалын үндэсний төвийн “Хөхний төв”-ийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх зорилготой “Хөхөө хайрлая, хамгаалъя, халамжилъя” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

 

Хөхний хорт хавдар нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хавдрын нэг бөгөөд ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож байгаа нь эрт илрүүлгийн ач холбогдлыг улам бүр чухалчилж байгааг харуулж байна.

 

Тиймээс уг төслийн хүрээнд сургалт, мэдээлэл түгээх өдөрлөгүүд зохион байгуулах, эмэгтэйчүүдийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахыг дэмжих, “Хөхний төв”-ийн орчин, тоног төхөөрөмж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн хандивын аяныг өрнүүлж байгаа. Тухайлбал, 2025 оны аравдугаар сард Хавдар судлалын үндэсний төвийн Үйлчлүүлэгчийг дэмжих албатай хамтран “Wear Pink, Save Lives” уулзалтыг зохион байгуулсан.

 

Мөн энэ сарын 9, 10-ны өдрүүдэд ХСҮТ, Монголын хөхний хавдрын нийгэмлэг, UC эмнэлэгтэй хамтран “Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж, 50 гаруй иргэн үзлэг, зөвлөгөөнд хамрагдсан байна. 

 

Тэгэхээр цаашид ч хавдраас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ болон хөхний төвийн шинэчлэлийн ажлыг хийхэд шаардлагатай төсвийг босгож, олон нийтээс хандив цуглуулахаар байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах, хөхний хорт хавдраас сэргийлэх олон нийтэд чиглэсэн контент, мэдээлэл бэлтгэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна. Тиймээс уншигч та бүхэн бас энэхүү сайн үйлсийн аянд маань нэгдэж, Монголын эмэгтэйчүүдийг тав тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд нэгдэхийг уриалж байна.

 

-Дэлхийн миссийн тэмцээнд монголчууд юугаараа ялгарч, хэрхэн хүчтэй өрсөлдөгч байж тэргүүн титмийн төлөө өрсөлдөх боломжтой вэ?

 

-Монгол Улс маань арвин их түүх, ёс уламжлал, нүүдэлчний соёл иргэншил, өргөн уудам нутаг гээд олон зүйлээрээ дэлхийд ялгардаг гайхалтай улс. Тэгэхээр Дэлхийн миссийн тэмцээнд улс орныхоо ёс уламжлал, түүх соёлыг улам сурталчлан таниулахын зэрэгцээ өөрөөс шалтгаалах олон зүйлсийг бэлдэх шаардлагатай байдаг.

 

Жишээ нь, дэлхийн олимп болон спортын тэмцээн уралдаанд нэг тамирчин нэг л спортын төрлөөрөө өрсөлддөг бол гоо сайхны олимп гэгдэх Дэлхийн миссийн тэмцээнд авьяас, спорт, хүмүүнлэгийн ажил, оюун ухаан, мэдлэг боловсрол, сошиал хандалтын тоо гээд олон зүйлээр өрсөлддөгөөрөө онцлогтой.

 

Тэгэхээр үүний цаана бэлтгэл, маркетинг, төлөвлөлт, зардал, цаг хугацаа гээд маш их хичээл зүтгэл шаардлагатай болдог. Тиймээс монголчууд маань тэмцээнд оролцож буй миссүүдээ сайн дэмжээд хийж буй хүмүүнлэгийн ажил, байршуулж буй зураг, бичлэг зэргийг нь олон улсад хүрэхээр хэмжээнд сайн түгээвэл Монголын охид маань Дэлхийн миссийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болж, цаашлаад Дэлхийн мисс болох бүрэн боломжтой гэж хардаг.

 

-Таныг дуулах дуртай гэж сонссон. Чөлөөт цагаараа юу хийж, өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

 

-Миний хамгийн дуртай сонирхлуудын нэг дуулах. Хэдий мэргэжлийн түвшинд сураагүй ч сонирхлоороо дуулах дуртай. Мөн загвар өмсөх нь үүний дараа орох хобби. Яагаад гэхээр миний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах, өөрийн мөрөөдлөө биелүүлсэн мөч бүхэн загвар өмсөж эхэлсэнтэй холбоотой. Тэгэхээр энэ хоёр хоббигоо улам хөгжүүлэхийг илүү хичээдэг. Үүний зэрэгцээ шүлэг, зохиол бичих, ном унших, хөтлөгч хийх, хичээл заах зэрэгт сонирхолтой. Одоогийн байдлаар Дэлхийн мисс тэмцээний авьяасын төрөлд дуугаар өрсөлдөхөөр төлөвлөж байгаа учраас мэргэжлийн багш, продюсерын хамт бэлтгэлдээ орсон байгаа.

 

сонин mn

-Загвараар хичээллэсэн хүн бүр загвар өмсөгч болохгүй ч зөв алхаа гишгээ гээд олон зүйлд суралцдаг. Загварын ертөнцтэй амьдралаа холбосноор танд ямар өөрчлөлт давуу талууд бий болсон бэ?

 

-Загварын сургалтад заавал загвар өмсөгч болохоор биш өөрийн алхаа гишгээ, биеэ зөв авч явах байдал, нуруугаа цэх болгох, зөв хувцаслаж, нүүрээ будаж сурах, хөдөлгөөний эвсэлтэй болох зэрэг олон зүйлийг сурах гэж элсдэг хүн олон. Мөн загварын сургалтад сурахад нас, хүйс, биеийн жин, өндөр зэрэг шаардлага тавигддаггүй учраас хүссэн хүн бүр суралцах боломжтой байдаг.

 

Би анх 19 настай байхдаа загварын агентлагт элсэж байсан. Өмнө нь нүүрээ будаж чаддаггүй, мэдрэмжгүй хувцасладаг, өндрөөсөө болж бөгтөр явдаг, буруу гишгэлттэй гээд олон алдаатай байсан. Тиймээс өөртөө итгэлгүй, ичих зэрэг том асуудалтай тулгарна. Тэгээд загварын агентлагт явж үзээд энэ бол ичих зүйл биш юм байна.

 

Үүнийг засаж болдог юм байна. Улмаар би өөртөө итгэлтэй, өөртөө хайртай болж байна гэдгийг мэдсэн. Та, би, бид бүгд адилхан бүхнийг анх удаа л хийж үзээд түүнийгээ дадал болгодог. Харин “би угаасаа л ийм” гэхгүйгээр суралцах нь амьдралын зөв хэв маягаас эхлээд өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэг шүү гэж хэлмээр байна.

 

-Орчин үед охид бүсгүйчүүд илүү боловсрол, карьертаа анхаарах болсон. “Эмэгтэй хүн эхлээд өөрийгөө хайрлах ёстой” гэдэг үгний талаар таны бодол?

 

-Ер нь сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд маань боловсролтой, өндөр карьертай байхыг илүүд үздэг болж байгаа нь миний хувьд маш зөв гэж боддог. Өмнө нь эмэгтэй хүн өндөр боловсрол, албан тушаал, карьертай байж болохгүй гэсэн хандлага их байдаг байсан бол сүүлийн жилүүдэд жендерийн эрх тэгш байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрдөг болсон нь сайшаалтай. Жендерийн эрх тэгш байдлыг ярьвал их зүйл бий.

 

Товчоор тайлбарлавал, эмэгтэй, эрэгтэй, бүх хүйсийн хүмүүс боловсрол, ажил эрхлэлт, улс төрийн оролцоо, хувийн эрх чөлөө зэрэг амьдралын бүхий л салбарт тэгш эрх, үүрэг, боломжуудтай байх тухай ойлголт бөгөөд энэ нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудад багтдаг.

 

Тэгэхээр улс төр, нийгэм бүхий л салбарт жендерийн эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрөх нь чухал. Харин өөрийгөө хайрлах гэдэг зүйл энгийн алхмуудаас эхэлдэг гэж боддог. Эрүүл зөв хооллох, эрт унтаж амрах, дасгал, хөдөлгөөн хийх зэрэг нь өөрийгөө хайрлах гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ үүнээс гадна хамгийн чухал зүйл нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийгөө эрхлүүлж, дуртай зүйлээ хийх нь хамгийн чухал гэж боддог. Мөн эмэгтэйчүүд маань амьдралын завгүй урсгалд хөтлөгдөөд өөрийгөө хаях гээд байдаг тохиолдол байдаг л даа. Тэгэхээр ямар ч ажилтай, завгүй, гэртээ хүүхдээ хардаг байсан ч хааяа ч болов өөртөө цаг гаргадаг, өөрийгөө гоё будаад, гангалаад эмэгтэйлэг энергиэ сэргээх нь чухал гэж боддог.

 

-Эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэн хаанаа оршдог гэж та боддог вэ?

 

-Эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэн нь нүүр царай, бие галбираас илүүтэй сэтгэл, зан чанарт нь оршдог гэж боддог. Мөн өөртөө итгэлтэй, өөрийгөө ч өрөөлийг ч хайрладаг, бусдыг хүндэлдэг, мөрөөдөлдөө үнэнч эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй юм болов уу. Товчхоноор дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх жинхэнэ утгаараа тодордог гэж би итгэдэг. Тэгэхээр эмэгтэй хүн бүр өөрийн дотоод болон гадаад гоо үзэсгэлэнг улам гэрэлтүүлж, өөрийнхөө мөрөөдлийг эрт, орой гэлтгүй заавал биелүүлээсэй гэж хүсэж байна.

 

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.