“Цавчаа ногоон автобус”-ны өртөгт тооцон авах ёстой “Тэнүүн огоо” компанийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах боломжгүй болсон гэв үү?

5 цаг 40 минутын өмнө

“Цавчаа ногоон автобус”-ны өртөгт тооцон авах ёстой “Тэнүүн огоо” компанийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах боломжгүй болсон гэв үү?

Монголчууд бид аливаад хандахдаа бөөнөөрөө шуугиад дараа амархан мартчихдаг ард түмэн юм.

Бүхэл бүтэн 320 орчим тэгбум төгрөгөөр нийтийн тээврийн шинэчлэл хийх нэрээр тендер зарлаад 135 орчим тэрбум төгрөгийг өэлнээр гаргаж Солонгост үйлдвэрлэсэн гэх нэрээр Вьетнам улсад угсарсан буюу капитал засвар хийсэн хуучин ногоон автобусны хэрэг буюу “Цавчаа ногоон” автобусны асуудал ил болж, 2023 оны намар хэвлэл, олон нийтийн дунд ТРЭНД сэдэв болж байсан ч тэгсгээд бид мартчихсан гэхэд хэлсдэхгүй.

Хуучин автобусыг шинэ мэтээр засварлан оруулж ирэхэд зөвшөөрөл олгосон, мөнгө гаргасан, төсвийг нь зарцуулах эрх олгож гарын үсгээ зурсан сайд, дарга нар бүгд өөрсдөөсөө зайлуулж, улс төрийн хариуцлага хүлээх нэрээр албан тушаалаа өгснөөр авлигын шинжтэй энэ гэмт хэргээс “ял завшиж мултарсан” бол тус автобусыг оруулж ирсэн “ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал А.Ганхуягыг гол буруутнаар яллаж, түүнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял өгсөн ч, давах шатны шүүх хурал өнгөрөгч намар болж, “ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал А.Ганхуягт оногдуулсан “Залилах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний ялыг бууруулж 3 жил болгосон.

Товчхондоо энэ хэрэг явж явж амьгүй “хуучин ногоон автобус”-ууд нь өөрсдөө Улаанбаатарчуудыг “залилсан” болж таарсан гэж шүүгч дүгнэчихсэн. Манай шүүх нээрээ хоржоонтой шүү...

“ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал А.Ганхуягт нийслэлээс 135 тэрбум төгрөгийн санхүүжилт авч шинэ автобус нэрээр хуучин ногоон автобуснуудыг төрд “шахаж” нийлүүлсэн. Тэгэхээр энэ үйлдэл нь А.Ганхуяг анханаасаа нийслэлийг залилсан хэрэг биш гэж үү?

А.Ганхуяг яллагдахаасаа өмнө улс, нийслэлийг хохиролгүй болгож, 75 тэрбум төгрөгийн өртөгт тооцуулан өөрийн эзэмшлийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн өгч, нийслэлийг хохиролгүй болгосон гэж улс даяар мэдээлэл түгээсэн, иргэд олон нийт ч тэгж ойлгосон.

 

Гэтэл үнэндээ өнөөдрийг хүртэл нийслэл түүний шилжүүлсэн гэх “ТЭНҮҮН ОГОО 1,2,3” авто баазыг эзэмшилд бүртгэж аваагүй байна.

Аанай л сурсан зангаараа мань А.Ганхуяг нийслэлчүүдийг “залилчихсан” аж. Яаж вэ гэхээр А.Ганхуяг “ТЭНҮҮН ОГОО 1,2”-р авто баазын 60 гаруй хувийг нь өөрөө эзэмшдэг, үлдсэн 40 орчим хувийг нь өөр 3 хүн эзэмшдэг байсан аж.

Компанийн хуулийн дагуу хувь эзэмшигч нь өөрийн эзэмшийн хувиар бусдад шилжүүлэх эрхтэй ч А.Ганхуяг компанихаа бусад хувь эзэмшигчийн нь зөвшөөрөлгүйгээр, тэдэнд мэдэгдэлгүйгээр, нэр бүхий НОТАРИАТТАЙ хуйвалдаж, бусад хувь эзэмшигчийн гарын үсгийг нь өмнөөс нь зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн нийслэлд шилжүүлсэн МАШ НОЦТОЙ, ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ үйлдэл гаргажээ.

“ТЭНҮҮН ОГОО 3”-р авто баазын тухайд мөн л 50 хувийг А.Ганхуяг эзэмшдэг, үлдсэн 50 хувийг нь өөр хүн эзэмшдэг атал мөн л 50%-ийн хувьцаа эзэмшигчдээ мэдэгдэлгүйгээр, холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдээд, танил нотариатаараа батлуулаад нийслэл рүү шилжүүлчихсэн гэнэ.

Мэдээж хувь эзэмшигчид нь үүнийг нь дараа мэдэж, зарга үүсгэсний улмаас өнөөдөр ч “ТЭНҮҮН ОГОО” компанийн авто баазууд нийслэлийн өмчид шилжээгүйн дээр нийслэлчүүд давхар “залилуулчихсан”, хохирогч болчихсон явна.

Ийм нөхцөл байдлын улмаас цаашдаа нийслэлчүүд та бид “Цавчаа ногоон” автобусны автор “ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал, залилагч А.Ганхуягаас хуурамч ногоон автобусад нь зарцуулсан хөрөнгөө авч чадахгүйд хүрэх нөхцөл үүсчихсэн ажээ.

Дээр нь “ТЭНҮҮН ОГОО” компанийн ГУРВАН авто баазын хувьцаа эзэмшигчид нь нэгдэн, А.Ганхуягт хандан гомдол гаргасан, мөн тэдний гарын үсгийг хуурамчаар зурсныг, холбогдох хуурамч бичиг баримтыг баталсан НОТАРИАТ-д хандан гомдол гаргачихсан, өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж эхнээсээ шүүхийн шийдвэр нь хохирогч хувь эзэмшигчдийн талд гарч байгаа аж.

Үүний улмаас өнөөдрийн байдлаар Нийслэл өөртөө шилжүүлж авсан гэж хэлээд байгаа “ТЭНҮҮН ОГОО” компанийн Автобус баазуудыг нийслэл хууль ёсны дагуу эзэмшилдээ аваагүй байгаа бөгөөд цаашид авах БОЛОМЖГҮЙ болох нь ТОДОРХОЙ болчихлоо.

“ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал А.Ганхуяг "ХУЛХИ НОГООН АВТОБУС"-ны хэргээ "аргалж" удахгүй эдлэх ёстой ялынхаа талыг нь эдэлчихсэн гээд магадланд ороод судлагдаж гарч ирэх дөхөж байгаа ч түүнд энэ бүх "бантанг" хутгасан, компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, хувь эзэмшигчидээ залилан мэхэлсэн, НОТАРИАТ-аар хүчин төгөлдөр бус гэрээ батлуулуулсан зэрэг залилан, луйварын шинжтэй Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдүүд гаргажээ.

Энэ бүхний үр дүнд нь НИЙСЛЭЛ шинэ автобус авахаар "ТЭНҮҮН ОГОО" компанид өөрийн өгсөн татвар төлөгчдийн мөнгөө эргүүжл олж чадахгүйд хүрч, АВТОБУС ч үгүй, АВТО БААЗ ч үгүй жонхуурсан хэрэг болж дуусах нь тодорхой болчихлоо.

Магадгүй үүний цаана “ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал А.Ганхуяг анханаас нь энэ бүхнийг төлөвлөж, төрөөс их хэмжээний мөнгө завших сэдэлтэй байсан юм биш биз гэсэн хардлага төрж байна.

Энэ бүхнийг АТГ, Прокурор, Тагнуул зэрэг хууль хяналтын байгууллага анхааралдаа авахгүй бол Нийслэл хот өөрөө хохирогч бол үлдэж, татвар төлөгчдийн мөнгө завшсан А.ГАНХУЯГ гэх этгээд удахгүй шоронгоос гарч луйвараа үргэлжлүүлэн хийх нь байна шүү...

 

Ц.Мөнх

Amlalt.mn

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.