Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ

1 сар 29. 9:03

УИХ-ын гишүүн Х.Булгантуяад шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бол яллагдагч, УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржид таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцжээ.

Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцжээ. Хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Булгантуяаг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Г.БАЛГАР

ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.