ТОЙМ: Улстөрчдийн дуулиан тасрахгүй нь ээ

2 цаг 24 минутын өмнө

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Монголын төрд гарсан хүмүүс авлигын хэрэгт нэлээдгүй нэр холбогддог. АТГ-аас баривчилж мөрдөн шалгалтыг хийдэг ч гэм буруугаа огтхон ч хүлээдэггүй гэхэд буруутахгүй ээ. Сүүлийн үед Эрчим хүчний яаманд ажиллаж байсан нөхдүүдийг толгой дараалан шалгаж буй. 

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг шалгаж эхэлсэн талаар энэ оны нэгдүгээр сарын 14-нд мэдээлсэн. Түүний хамт Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг хамаатуулан шалгаж байна.

Тодруулбал, Н.Тавинбэх нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа, өөрийн зөвлөх П.Товуудоржийг үүсгэн байгуулсан "Грийн энержи интернэшнл" ХХК-д давуу эрх олгосон, гэрээний хугацааг сунгасан, зардлыг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотойгоор нийт долоон тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгогдсон гэх баримтууд хэрэгт багтжээ.

Улмаар Н.Тавинбэх болон П.Товуудорж нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан ба цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, холбогдсон гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын зэрэгт тулгуурласан гэдгийг эх сурвалж мэдээлээд буй.

Н.Тавинбэх нь 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оноос Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Улмаар 2025 оны долдугаар сард “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан бол 2025 оны арванхоёрдугаар сард “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Эрчим хүчний сайдын зөвлөх асан Б.Насантогтох Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг хэлэлцэж, тухайн өдрөө цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан байна.

Хэрэг мөрдөн шалгах явцад Б.Насантогтох нь дээрх техникийн нөхцөл баталснаас хойно 2024 оны зургадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжийн нэрээр дээр дурдсан аж ахуйн нэгжтэй ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон. Мөн түүний гэрт хийсэн нэгжлэгээр 10.600 ам.доллар, 11.600 юань, 300 мянган вонн, 3440 евро, хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс 70 мянган ам.доллар буюу нийт 350 орчим сая төгрөг илэрсэн гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Энэ их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн АТГ-аас өнгөрсөн Даваа гаригт буюу нэгдүгээр сарын 26-нд “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд ээлжит нэгжлэг хийж, 48 цаг түр саатуулсан байдаг. Тэгвэл өчигдөр түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд одоо “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаа юм.

Хуулийн байгууллагаас Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн юм. Өмнө нь түүнийг 2019 онд АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байв.

Авлигатай тэмцэх газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайхан нарыг 48 цаг түр саатуулжээ.

Тэдний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, саатуулсан гэдэг мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн юм.  Авлигатай тэмцэх газраас Даваа гаригт “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг түр саатуулсан талаар мэдээлсэн. Үүний дараагаар үргэлжлүүлэн хоёр албан тушаалтныг шалгаж байна.

-Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ-

УИХ-ын гишүүн Х.Булгантуяад шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бол яллагдагч, УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржид таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцжээ.

Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцжээ. Хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Булгантуяаг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.