Арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан залилан хийжээ

2 сар 3. 12:47

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2025 онд улсын хэмжээнд нийт 47,480 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 16,906 нь залилах гэмт хэрэг байна.

Энэ нь нийт гэмт хэргийн 35,6 хувийг эзэлж байгаа юм. Залилах гэмт хэргийн 13,994 буюу 82,7 хувь нийслэлд, 2,912 буюу 17,3 хувь орон нутагт үйлдэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт гэмт хэргийн илрүүлэлт 1,2 хувиар өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэн, иргэд, байгууллагад учирсан хохирлын 40,5 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Залилах төрлийн гэмт хэргийг цахимаар болон цахимаар бус гэж хоёр хуваан авч үздэг. Уламжлалт буюу цахим бус залилах төрлийн гэмт хэргийг хуурамч бичиг баримт ашиглах, гэрээ ашиглах, хөрөнгө оруулалт, виз мэдүүлэг, зээл барьцааны гэрээ, тээвэр зуучлал, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт төрлүүдээр үйлдэж байна.

Манай улсын нийт хүн амын дунд 2,6 сая гаруй фейсбүүк идэвхтэй хэрэглэгч байгаа нь хүн амын 73 хувийг эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн гурван жилд 34,3 хувийн өсөлттэй байгаа аж.

Уг гэмт хэргийг үйлдлийн аргаар нь ангилан үзвэл 12,233 буюу 72,3 хувь нь цахим орчинд үйлдэгдэж, үүний 42,2 хувь нь онлайнаар бараа, үйлчилгээ захиалах, 11,3 хувь нь Телеграмм /даалгавар биелүүлэх/, 9,1 хувь нь хандив, 8,1 хувь нь тэтгэмжтэй холбоотой бол 6 хувь нь бусдын цахим хаягийг /фейсбүүк/ ашиглан мөнгө авч залилах, 23,3 хувь нь бусад төрлийн хэргүүд байна.

Өнгөрөгч онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг 9 арилжааны банкны нийт 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа залилах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гаралтыг бууруулах хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь залилагч этгээдийг илрүүлэх, таслан зогсоох, иргэийн хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна залилагчид ашиггүй орчин бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх буюу тэдний данс, платформ, орлогын сувгийг хаах замаар гэмт хэргийг таслан зогсоож байгаа юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.