З.Энхболд: Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайн нэрийг хамгаалж чадсандаа бахархаж явдаг

2 сар 3. 14:23

Энэ жил Монголын ард түмний аугаа хүү, эх оронч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна. Харамсалтай нь зарим улстөрчдийн зүгээс жанжин Д.Сүхбаатарын алдар гавьяаг бүдгэрүүлэх, гуйвуулах, түүхт хүмүүсийг хооронд нь сөргөлдүүлэх, Монголын ард түмнийг талцуулах, тэдний бахархал, үнэт зүйл рүү халдах явдал гарсаар байдаг билээ. Үүний нэг жишээ нь “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” Нийслэлийн ИТХ-ын 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоол юм. НИТХ-ын дээрх хууль зөрчсөн тогтоолыг захиргааны хэргийн шүүхээр хүчингүйд тооцуулж, төв талбайн нэрийг хэвээр хадгалж чадсан хуульчдын нэг З.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.

-Таныг НИТХ-ын 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн “Талбайн нэр өөрчлөх тухай” 79 дүгээр тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэн Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгуулсан хуульчдын нэг гэж сонссон. Та энэ хууль зөрчсөн гэх тогтоолын тухай тодруулаач?

-Юуны өмнө НИТХ-ын “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоол нь Монгол Улсын холбогдох хуулиуд, Засгийн газрын шийдвэр, НИТХ-ын хуралдааны дэгийг зөрчсөнөөс гадна Д.Сүхбааатарын үр сад болох 300 гаруй хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтан дураараа аашилж, хууль давсан шийдвэр байсныг дурдмаар байна.

Тухайн үеийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга болон улстөрчид санаачлан дээрх тогтоолыг хууль зөрчин батлуулсан байдаг нь олон баримтаар нотлогдсон. 2014-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Хууль, эрх зүйн газрын хуульчид болох М.Төрбат, З.Энхболд, Н.Сүнжидмаа, Я.Эрдэнэсайхан нар хамтран эрх зүйн онол, хууль хэрэглээний чадвар, мөн урт хугацааны хичээл зүтгэлийн үр дүнд захиргааны хэргийн шүүхээр төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын нэрэмжит хэвээр үлдээж чадсандаа, мөн шүүхийн шийдвэр, холбогдох баримт бичгүүдийг жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд болон тухайн үеийн МАН-ын удирдлагад гардуулж өгсөндөө үргэлж талархаж явдгаа хэлмээр байна. 

Мөн талбайн нэр сэргээх шүүх хуралд оролцоход МАН-ын удирдлагууд биднийг сэтгэлзүйн урам зориг өгч, нийтийн сайн сайхны төлөө, Монгол орны тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө үйл хэрэг хэргийг ямагт дурдаж дэмжиж байсныг хэлэхэд сайхан байна. Энэ талаар нэлээд дэлгэрэнгүй танилцуулъя. 

Нэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12-д “гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох...” эрхийг хэрэгжүүлэхдээ дур мэдэн Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг зөрчсөн гэж үздэг. 

Түүхэн баримтыг судлахад 1926 онд Бүх цэргийн Зөвлөлөөс гаргасан “Монголын хувьсгалын их баярыг долдугаар сарын 11-нд тэмдэглэж, жагсаал хийх тухай” 20 дугаар тушаалын 3 дугаар зүйлд “Сүхбаатарын индрийн газар есөн цагт харьяат хороо, ангийн морьт цэргүүдийн харуулын хувцсаар, мөн хуягт тэргийг хуралдуулан ёслолын даргын заавраар жагсаасугай” гэсэн БХЯ-ны Төв архивын баримт, 1946 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Д.Сүхбаатарын хөшөөг байгуулж байршуулснаас хойш Д.Сүхбаатарын талбай гэж нэршиж улмаар Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар болон Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Төрийн ёслолын журам”-аар төв талбайг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит гэж хуульчлан баталгаажуулсан байдаг.

Тодруулбал, Монгол Улсын жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.6-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд... нэвтрүүлэхгүй байх” гэснийг, Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Төрийн ёслолын журам”-ын 7.9.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Д.Сүхбаатарын талбайд болон бусад газарт зохиогдох баярын арга хэмжээнд оролцож болно” гэснийг, мөн журмын 192.1-д “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулна” мөн журмын 39.2-т “Гадаад улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд /Эзэн хаан, Хатан хаан/-ыг Д.Сүхбаатарын талбайд угтахад дараах ёслолын арга хэмжээ болно” гэснийг, 39.2.1-т “Д.Сүхбаатарын талбайн төв хэсэг дэх тугны баганын зүүн талынхад тухайн улсын Төрийн далбаа, баруун талынхад Монгол Улсын Төрийн далбааг тус тус мандуулна” гэснийг тус тус зөрчсөн талаар хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэл гаргаж байсан санагдаж байна. 

Хоёр. НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1-т заасан эрх зүйн акт хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй болохыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т “гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох...” мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1. 5-д “Нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллагад нэр өгөх, нэрэмжит болгох...“ тухай заасантай зөрчилдөж байсан бөгөөд төв талбайн нэрийг өөрчлөх тухай заалтыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн. 

Гурав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “…холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуульчилсан байхад Д.Сүхбаатарын талбайн нэрийг солих асуудлыг гэнэт хуралдаан эхлэхтэй зэрэгцүүлэн оруулж хэлэлцүүлсний дээр тухайн асуудал нь ямар ч судалгаа, тооцоогүй байсан нь тухайн хурлын 14 дүгээр тэмдэглэлээр нотолж байсан. Хуралдааны тэмдэглэлд Хурлын дарга Д.Баттулга нээж хэлэхдээ “...өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөгөө батлагдсан боловч мөн нэг асуудлыг нэмж өргөн барьсан. Энэ нь нийслэлийн төв талбайг Чингис хааны нэрэмжит болгох тухай юм” гэж тусгасан байсныг санаж байна. Өөрөөр хэлбэл, төв талбайн нэрийг өөрчлөх тухай асуудал тухайн хуралдаанаар хэлэлцэхээр батлагдсан төлөвлөгөөнд багтаагүй байдаг. Дөрөв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “холбогдох тооцоо, судалгаагүй асуудлыг хэлэлцэхгүй” гэснийг зөрчиж судалгаа тооцоо, дүгнэлтгүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь хуралдааны тэмдэглэл, Тэргүүлэгчдийн асуулт, хариултаар нотлогдож байлаа. 

НИТХ-ын Тэргүүлэгч С.Амарсайхан хэлэхдээ хэчнээн тооны иргэд, эрдэмтэн судлаачдын санал, ямар судалгаа шинжилгээний байгууллагуудын саналыг үндэслэн нэрийг солих гэж байгааг асуухад Ё.Гэрэлчулуун санал гаргасан иргэд, эрдэмтэн судлаачдын гаргасан саналыг нэгтгэсэн тоо өнөөдөр алга байна гэж хариулж байсан нь төрийн ажилд туйлын хариуцлагагүй хандаж байсны жишээ юм. Тав. НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаас өмнө Жанжин Д.Сүхбаатарын хамаарал бүхий хүмүүс буюу түүний үр сад, хамаатнуудын санал хүсэлтийг огт авалгүй бөгөөд шийдвэр гаргаснаараа нь тэдний дээд өвөг болох жанжин Д.Сүхбаатарын алдар хүнд, нэр төрийг нандигнах, бахархах зүйлийг устгасан, тэдний гэр бүлийн үнэт зүйл, нэр төрд хүндэтгэлгүй хандсан байдаг. 

Дээрхээс дүгнэхэд зарим улстөрчид Монгол Улсын түүхийг гуйвуулах, эх оронч баатарлаг хүмүүсийн алдар гавьяаг бүдгэрүүлэх, монгол үндэстнийг хагалган бутаргах, талцуулах хорлонтой үйлдлүүдийг хувийн сэдэл, улс төрийн зорилгоор хийж байгаад иргэд бид онцгой анхаарахын чухлыг бидэнд сануулж байна. Эдгээр болон бусад нотлох баримт бүрдүүлэх явцдаа би Д.Сүхбаатар судлаач болж байлаа.

-Та шүүхийн процессын хугацаанд жанжин Д.Сүхбаатарын намтар түүх, түүний байгуулсан гавьяаг судалсан гэлээ. Энэ тухай манай уншигчдад товч дурдвал сонирхолтой болов уу?

-Сайхан асуулт байна. Манай залуучууд, хүмүүс жанжин Д.Сүхбаатарын намтар түүх, түүний байгуулсан гавьяаг мэдэхгүй байна, мөн мэддэг нэг нь санаатайгаар мушгих, үгүйсгэхийг оролдох, эсхүл түүний амьдрал, тэмцлийг дан ганц МАН-тай холбохыг оролддог нь харамсалтай. Д.Сүхбаатар бол Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч бахархалт хүмүүн, орчин цагийн цэргийн жанжин, гарамгай манлайлагч байсныг хэлмээр байна. Д.Сүхбаатар идэр залуудаа Хүрээ, Хиагтын их замын өртөөнд улаач хийж байгаад 1912-1919 онд Богд хаант Монгол Улсын цэргийн алба хааж эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө амь өрссөн амаргүй тэмцэлд гарамгай гавьяа байгуулж явсны учир Богд хааны зарлигаар 1912 оны /(олноо өргөгдсөний 2-р он)/ эцсээр Хужирбулангийн цэргийн сургуулийн төгсөлт болж, онц ялгаран суралцсан Д.Сүхбаатарт тавдугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго шагнажээ. 1913 оны долдугаар сараас Д.Сүхбаатар пулемёт суманд жагсаалын даргын албыг салаан даргатай хавсран хашиж байв. 1915 оны зургадугаар сарын 3-нд “олон цэргийг заан сургах нь сайн бөгөөд цэргийн албанд ер осолдсон, омтгойдсон зүйлгүй, ямагт үнэнч шударгаар чармайн зүтгэх нь олноос онц сайшаалтай учир” гэж тодотгон дөрөвдүгээр зэргээр хөхүүлэн шагнажээ.


1917 оны арванхоёрдугаар сарын 9-нд Монголын тусгаар тогтнолыг хамгаалж, Баргын нутагт Хятадын хар цэрэгтэй амжилттай байлдсан, гарамгай гавьяа байгуулсан Зүүн хязгаарт цөмөрсөн “зах хязгаарын харгис дайсан хулгайч нар лугаа удаа дараа баатарлаг байлдаж… газар орныг ариутган цэвэрлэхэд хүчин зүтгэсэн” тул гутгаар зэргээр шагнажээ. 1919 оны арванхоёрдугаар сарын 8-нд Хууль шаштир хэвлэх газарт сайн ажилласан зарим лам, ардыг хөхиүлэн шагнахад Д.Сүхбаатарыг дэд зэргээр дээшлүүлэн шагнажээ. 1921 оны есдүгээр сарын 23-нд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарыг гурван нүдний тогосын Отго, Зоригт баатар цолоор шагнажээ. Ардын Засгийн газар 10 гаруй хүнд Монгол Улсын баатар цол шагнуулахаар Богд хаанаа өргөн мэдүүлснийг хаан таалан соёрхож, ёсоор болгосны дотор Д.Сүхбаатарт энэхүү эрхэм цол шагнажээ. Д.Сүхбаатар 1912 оноос насан эцэслэтлээ Монгол Улсын цэргийн албанд үнэнчээр хүчин зүтгэж жирийн жагсаалын цэргээс Бүх Цэргийг ерөнхийлөн захирах жанжин (1921.02.09-1923.02.20), Ардын Түр Засгийн газрын гишүүн, Цэргийн яамны тэргүүн сайдын (1921.03.24-1922.12.20) өндөр хариуцлагатай албыг хашсан 11 жилийн найм нь Олноо өргөгдсөн хаант Монгол Улсын үед ногдож, Богд хааны итгэлийг хүлээж удаа дараа шагнагдан, хүндэтгэл хүртэж байжээ. 

Иймд, Богд Жавзандамба хутагт, жанжин Д.Сүхбаатар хоёр бие биесээ мэдэх төдийгүй, эзэн хаан нь цэрэг эрийнхээ гавьяа зүтгэлийг үнэлдэг, цэргийн жанжин нь Улсын тэргүүний хувьд хаантнаа хүндэлдэг, өөрөөр хэлбэл тэдний хооронд төр ёсны эрхэм журмын харилцаа байсныг түүх гэрчилнэ. Хятадын цэргийн эрхтэний сүр хүчинд автономит эрхээ цуцалж, Оросын цагаантанд эзлэгдсэн Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо байлдан олох үндэсний эрх чөлөөний тэмцлийн явцад үүссэн ардын хувьсгалын хэрэгт Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх зорилготой Д.Сүхбаатар нарыг Жавзандамба хутагт анхнаас нь зөвөөр ойлгон, бүх талаар дэмжиж байсан юм. МАН-ын Анхдугаар их хурлаас 1921 оны гуравдугаар сарын 1-нд Ардын журамт цэргийн штабыг байгуулж, Штабын дарга-цэргийн жанжнаар Д.Сүхбаатарыг томилсон түүхтэй. 

Улмаар 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлсөн нь Ардын хувьсгалын эхлэл, ард түмний зэвсэгт тэмцлийн анхны том ялалт байв. Ардын түр Засгийн газрын удирдагчид болох Д.Бодоо, Д.Сүхбаатар, С.Данзан нар долдугаар дугаар сарын 8-ны өглөө Хүрээний өмнөх гол талбайд ирж, тэндээсээ мордон шууд хөдөлж Голын ногоон сүмд очиж Богд Жавзандамбад бараалхсан байдаг. Монгол Улсын төр засгийн зүгээс Д.Сүхбаатарын нэрийг мөнхжүүлж, дурсгалыг хүндэтгэн түүний нэрээр зарим аймаг сумыг нэрлэсэн, нэрэмжит шагнал бий болгон олгосоор ирсэн түүхтэй. Бидэнд олдсон мэдээллээр Д.Сүх-баатарын нэрэмжит болон түүний нэрээр алдаршсан байгууллага, газар, гудамж талбай, сум нэгдэл, сургууль соёлын ордон, цэргийн анги хороо Монгол Улсад 30 орчим, тэрч байтугай гадаад улс оронд 10 гаруй байдаг ажээ.

Алдар цуутай хүний дурсгалыг мөнхжүүлдэг нь хүн төрөлхтний нийтлэг жам, ерөнхий жишиг билээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Д.Сүхбаатарын одонг бий болгож иргэдийг шагнах болжээ. Эр зориг, эрч хүч, хичээл зүтгэл, алдар гавьяагаараа бусдаас онцгойрон шалгарч тухайн үедээ Богд хааны зарлигаар шат шатны шагналуудыг авч байсан Монголын ард түмний аугаа их хүү Д.Сүхбаатарын гавьяа, түүний нэр төрийг бид хайрлан хамгаалж, хойч үе, залуучууд, дүү нартаа дурсан ярьж, түүхийн бодит үнэнг үлдээх учиртай гэж бодож явдаг билээ.

-Та ингэхэд аль нутгийн хүн бэ?

-Би Сүхбаатар аймгийн хүн. Тэр тусмаа жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр сургууль төгссөн болоод ч тэрүү энэ түүхэн хүнээр бахархаж, хуульчийн мэргэжил, туршлага, сэтгэл зүрхээ шингээн хоёр жил шүүх хуралд оролцон төв талбайн нэрийг сэргээсэндээ бахараж явдаг. Д.Сүхбаатарын талбай бол түүх соёлын дурсгалт газар төдийгүй бидний амьдралын түүх бөгөөд хувь хүн, ах дүү, гэр бүл, найз нөхдийн нандин дурсамж бүхий зургийн цомогт үлдсэн дурсгалт газар болохын хувьд олон талын ач холбогдолтой. Энэ 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр тус талбай үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгааг дурдахад таатай байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №004/24679/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.