С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандахаар дахин явлаа

1 цаг 50 минутын өмнө

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу тус улсын дээд шүүхэд хандахаар болжээ.

Тэрбээр "Малайзын дээд шүүхэд давж заалдахаар холбогдох баримтаа бүрдүүлээд явах гэж байна. Энэ намар, өвөл гээд тав дахь удаагаа Малайз руу явахаар боллоо" гэдгийг өөрийн сошиал хуудаснаа мэдэгдлээ.

Малайз улсын холбооны шүүх өнгөрсөн сард /2026.01.20/ 09:00 цагт тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулсан. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн юм.

Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Малайзын нэр бүхий иргэдэд даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэргийн давж заалдах шатны шуух хурлын шийдвэр танилцуулах хуралдаанд иргэн С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч К.Сангийт болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон талаар албаныхан мэдээлсэн юм.

Түүний охин Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн. Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ. Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж байв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.