Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан

3 цаг 49 минутын өмнө

Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй. Энэхүү зуухыг хэрхэн авсан нь тодорхой бус байв.

Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Нийслэлийн Засаг даргын захирамжаар Агаарын чанарыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухнуудыг халж, стандартад нийцсэн давхар шаталтат 32,000 ширхэг зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч нийслэлийн долоон дүүргийн айл өрхүүдэд суурилуулж дууссан.

Давхар шаталтат зуух суурилуулсан бүс буюу Толгойт, Баянхошуу орчмын агаарын чанарыг өмнөх онтой харьцуулахад хүхрийн хий 53.7, азотын давхар исэл 49.6, том ширхэгт PM10 тоосонцор 43.4, нарийн ширхэгт PM10 тоосонцор 22.3, нүүрстөрөгчийн дутуу исэл 4.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Энэхүү зуухыг хэрэглэсэн айл өрхүүд угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдээгүй" хэмээн НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар 176,512 айл өрх угаарын хийн мэдрэгчтэй болжээ.

Хагас коксон түлшний талаар "Халаалтын улирал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 304,464 тонн хагас коксон түлшийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлжээ. Тавантолгой түлшийн Зүүн үйлдвэр болон агуулахад 19,676 тонн хатуу түлшний нөөцтэй байна.

2026 оны тавдугаар сарын 15-ныг хүртэл 60,000 тонн хагас коксон түлш импортоор авах бол 30,000 тонн шахмал түлшийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. 2025-2026 оны халаалтын улиралд нийслэл хот 436,000 тонн хатуу түлшээр өвлийг давах тооцооллоор нөөцийг бэлдэж байна" гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



МЭДЭГДЭЛ7 цаг 14 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.