
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. 50 эргэм насны эр уриалгахан гэгчээр “ ... за Чөлөөт бүс орж архи авах нуу. Хаанаас хаа хүрч явна гэж асуугаад, одоо ч сар шинэ дөхсөн дугаарлалт ч тоймгүй дээ. Дор хаяж 2-3 цаг дугаарлана. Алтанбулагийн наад дэнж даваад төв зам дээрээс автомашины дугаарлалт эхэлсэн байгаа” гэлээ. Нээрээ л түүний хэлснээр дугаарлалт бараг 1-2 км үргэлжилсэн байлаа. Таксны жолооч Х.Б нь 30 гаруй жил Алтанбулагт амьдарч байгаа нэгэн юм. Тэрээр сүүлийн 10 орчим жил энэ хооронд таксигаар хүн зөөхийн зэрэгцээ хүргэлтийн үйлчилгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл, тэрээр Чөлөөт бүсээс оруулж нэг дор бөөгнүүлсэн архи болон бусад төрлийн согтууруулах ундааг цуглуулагчаас захиалагч руу тээшинд хүргэж илгээдэг хүргэлтийнхний нэг. Тэрээр сард хоёр удаа рейс хийдэг. Нэг удаадаа 10 гаруй хайрцаг архи хүргэдэг. Түүний хүргэсэн архи Дорноговь, Хөвсгөл, Архангай, Ховдын Дарви сумын дэлгүүрээр тардаг байна. Сар шинийн өмнө хөдөөгийн “8 нэрийн” барааны дэлгүүр, супермаркетуудад нэр, гарал үүсэл тодорхойгүй гадаад улсын архи, вискигээр дүүрдэг нь үүнтэй холбоотой аж. Түүн шиг хүргэлт хийдэг 30 орчим хүн байдаг гэлээ. Ингээд бодохоор сард ойролцоогоор нэг хүргэгч 20 хайрцгийг вагоны тээшинд хийдэг гэвэл 30 хүн 600 хайрцаг архийг орон нутаг болон Улаанбаатар хот руу хүргэдэг байх нь. Бараа эцсийн захиалагчид очих хүртлээ ямар нэгэн эрсдэлгүй, дутаахгүй очих хариуцлагыг тэд бүрэн даадаг байна. Үүнийхээ хариуд тохирсон хөлсөө авдаг аж.
Хуурамч архины урсгал тасрахгүй үргэлжилсээр...

Цагаан сар, шинэ жил, наадам, найр наадмын цагаар зөвшөөрлийн бичиг 15-20 мянган төгрөгт хүрдэг.
Иргэн Х.Б-ийн ярьснаар орон нутгийн иргэд болон жолооч нар чөлөөт бүс рүү өдөрт хэд хэдэн удаа нэвтрэн хоёр литр хүртэлх архи хувийн хэрэгцээний зөвшөөрөгдөх хэмжээ нэрийдлээр авч гардаг аж. Эдгээр хүмүүсийг цуглуулагчид гэдэг. Тэд эргэн тойрны болон ах, дүү, хамаатан садныхаа регистрийн дугаарыг цуглуулж улмаар Гаалиас өгдөг зөвшөөрлийн цагаан бичгээр Чөлөөт бүсээс татваргүй архи авч захиалагч руу нийлүүлдэг. Цагаан сар, шинэ жил, наадам, найр наадмын цагаар зөвшөөрлийн бичиг 15-20 мянган төгрөгт хүрдэг. Нэг үгээр хэлбэл, цагаан бичиг шаглагчид, цуглуулагчид, хүргэлтийнхэн, эцсийн захиалагч гэсэн схемээр явсаар эцсийн хэрэглэгчдэд уг архи, согтууруулах ундаа нь 3-4 дахин нугалсан үнээр хүрч байна. Нөгөөтээгүүр, тухайн архи, виски ямар улсын ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн, гарал үүсэл зэрэг нь тодорхойгүй байгаа нь хуурамч уу, хортой юу гэдгийг ч иргэд мэдэхгүй гараас гарт дамжуулан энэ мэтээр худалдан борлуулсаар байна. Зөвшөөрөгдсөн хоёр литр хор болоод зогсохгүй далд бизнес ч болсоор.
Хуурамч, гарал үүсэл тодорхойгүй архийг Монголд оруулж ирэхдээ үндсэндээ гурван чиглэл, сувгийг ашиглаж байгааг хууль хүчний байгууллагууд илрүүлэн мэдээлдэг. Нэгдүгээр суваг нь ийнхүү ОХУ-ын хил Алтанбулаг чөлөөт бүс юм. Монгол, Оросын хилийн Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин онцгой албан татваргүй, хямд үнэтэй архи их хэмжээгээр оруулдаг зохион байгуулалттай сүлжээг илрүүлж бүрэн мөсөн таслан зогсоосон тухай Цагдаагийн байгууллагаас 2023 онд мэдээлж байсан ч өнөөдөр энэ сүлжээ, схем амь бөхтэй оршсоор байгааг дээрх баримт илтгэж байна.

Ballantines Finest whisky нэрээр Pinlyand хуурамч архи оруулж ирсэн нь төхөөрөмжөөр шалгаж үзэхэд нотлогдсон аж. Тухайн аж ахуйн нэгжийг 15 сая төгрөгөөр торгожээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 2023 онд дээрх схемээр Улаанбаатар хот болон аймгуудад үйл ажиллагаа явуулдаг зарим дэлгүүр, баар цэнгээний газрууд уг хууль бус сүлжээнд захиалга өгч, 5000 орчим хүнийг хамарсан “мафи” сүлжээгээр сар бүр дор хаяж 10 мянган шил архийг татваргүй оруулж, тараадаг байсныг илрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ганцхан удаагийн шалгалтаар 10 мянга шахам шил спиртийн төрлийн ундааг хураан устгалд оруулж улмаар энэхүү сүлжээг таслан зогсоосон гэдэг. Ингэснээр олон хууль, дүрэм зөрчсөн далд бизнес ил болж, төрийн байгууллагууд хамтран уг сүлжээг хаах, цаашид гааль, хил дээр хяналтыг чангатгах арга хэмжээ авсан тухай мэдээлж байсан. Гэвч өнөөдрийн /2026.01.30,31/дүр зургаар бол энэ сүлжээ байсаар байгааг илтгэнэ. Тэгэхээр нэг иргэнд зөвшөөрсөн “хоёр литр” гэх эрх, хор ч болсоор, татваргүй далд бизнесийг ч дэмжсээр байгааг илтгэж буй юм.
Гоёмсог жүнзтэй саке буюу “цагаан хор”-оос сэрэмжлээрэй

Хан-Уул дүүрэгт орших нэгэн хятад ресторанаас гарал үүсэл нь тодорхойгүй, тэмдэг, тэмдэглээгүй цагаан өнгөтэй тав болон гурван литрийн bonaqia савтай төстэй саке гэж нэрлэх согтууруулах ундааны зүйлээр үйлчилж байсныг илрүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан булгаснаас хойш Монголд тэр дундаа Улаанбаатар хотод хятад, солонгос эзэнтэй баар, рестораны тоо нэмэгдэж хэдэн арван давхар барилгыг тэр чигт нь хятад эзэд эзэлж байна гэвэл хилсдэхгүй. Хамгийн гол нь тэд бидэнд ямар хоол цай, уух юмаар үйлчилж байна гэдэгт хяналт тавьдаг мэргэжлийн байгууллага байхгүйгээс тэд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Саяхан буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 13-наас хуурамч архи илрүүлэх цагдаа, прокурор болон хил, гааль, татварын албаны хамтарсан Цагаан сарын өмнөх ээлжит хяналт шалгалтыг дээрх баар, ресторан, дэлгүүр, супермаркет, гар дээрээс цахим зараар архи, согтууруулах унаа борлуулж буй иргэн, хуулийн этгээдэд улс орон даяр эхлүүлсэн. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт орших нэгэн хятад ресторанаас гарал үүсэл нь тодорхойгүй, тэмдэг, тэмдэглээгүй цагаан өнгөтэй тав болон гурван литрийн bonaqia савтай төстэй саке гэж нэрлэх согтууруулах ундааны зүйлээр үйлчилж байсныг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, танд гоёмсог жүнзнээс саке гэж нэрлэсэн хор аяглаж байгааг та мэдэхгүй байна. Зурагт харуулснаар бол уг шингэнийг олноор их хэмжээтэйгээр хэрхэн хил, гаалийн хяналтыг давж оруулж ирснийг тогтоохоор шалгаж байна. Манайхан айргаа савлаад зардаг шиг л ийм л зүйлийг хятад ресторан оруулж иржээ. Гэхдээ энэ бүхний цаана нь монгол хүн байх магадлалтай гэж эрх бүхий Татварын улсын байцаагч Ж.М хэлсэн. Саке гэдэг нь манай нэрмэл архитай төстэй зүйл аж.
Түүгээр ч зогсохгүй эрх бүхий улсын байцаагч мөн нэг хятад ресторан хуурамч архи зарч байна гэсэн иргэний мэдээллээр шалгахад арын өрөөнөөсөө авдраар нь гаргаж ирсэн байна. тухайн зөрчлийг хуулийнхан шалгаж байгаа гэв. Тухайлбал, Ballantines Finest whisky нэрээр Pinlyand хуурамч архи оруулж ирсэн нь төхөөрөмжөөр шалгаж үзэхэд нотлогдсон аж.
Дээрх зөрчил зөвхөн нэг удаагийн шалгалтаар илэрсэн нь энэ.Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 371 хятад эзэнтэй болон бусад ресторан үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр энэхүү хуурамч согтууруулах төрлийн зүйлс хоёрдугаар суваг буюу БНХАУ-ын хил /Замын-Үүд, Эрээн/ чөлөөт бүс болон хилээр нэвтэрч буйг албаныхан үгүйсгэхгүй байна. Учир нь Хятадын талын хилийн Эрээн хот орчмоос дуураймал савлагаатай, хуурамч спиртийн бүтээгдэхүүн ихээр орж ирж буйг гааль, цагдаагийн байгууллага анхааруулсан. Цагаан сар зэрэг баярын үеэр монгол иргэдийн БНХАУ руу хийдэг худалдаа, аялал нэмэгдэхэд үүнийг далимдуулан хувь хүмүүс “хоёр литр архи, гурван литр шар айраг” гэх мэт хувийн хэрэглээний зөвшөөрөгдөх хэмжээнд багтаасан архи, вискиг олон удаагийн рейсээр хилээр давтамжтай оруулж ирэх зөрчил гардаг. Гаалийн ерөнхий газрынхан өдөрт 200-300 шил архи хилээр оруулахыг завдсан тохиолдлуудыг 2024 оны эхээр илрүүлж байсан бөгөөд ихэнх нь Хятадад үйлдвэрлэсэн, хаяг шошгын гажуудалтай, гарал үүсэл тодорхойгүй хуурамч архи байсан.
Мөн энэ оны хоёрдугаар сарын 02-нд Дорнод аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий томоохон супермаркетад онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааны зүйл борлуулсан зөрчлийг шалгаж байна. Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сард 408 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг газар дээр нь илрүүлсэн. Одоогоор шалгалтын ажиллагааг явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлсээр байгаа.
Ерөнхий статистик мэдээгээр 2025 оны хоёрдугаар сарын байдлаар Замын-Үүдээр нэвтрүүлэхийг завдсан нийт архины 63 хувийг водка (343.5 литр), үлдсэнийг виски, коньяк, шар айраг зэрэг эзэлж байв. Ийнхүү жижиглэнгийн хэлбэрээр олон тоогоор хил давуулах схем давамгайлж байсан ч, гаалийн байгууллагаас илрүүлсэн тохиолдол бүрд бүтээгдэхүүнийг хураан авч орон нутгийн захиргаатай хамт устгал хийж байна.
Хилээр дамжин орж ирдэг гол сувгуудын нэг Казахстан
Монгол Улс Казахстантай шууд хиллэдэггүй ч тус улсад үйлдвэрлэсэн хямд үнэтэй архи, спиртийн төрлийн ундаа Оросын болон Хятадын замаар дамжин Монголд нэвтэрч буй нь илэрчээ. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сард Эрүүгийн цагдаагийн алба нэгэн зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлсэн байна. Тэд Казахстан Улсаас гаралтай хуурамч архи, согтууруулах ундааг хууль бусаар хилээр оруулж ирэн, улмаар хуурамч онцгой албан татварын тэмдэг нааж дотоодын зах зээлд борлуулдаг байжээ. Энэ бүлэглэл нь мөн дотоодод зөвшөөрөлгүйгээр архи үйлдвэрлэж, гаргасан бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын захын хороолол дахь дэлгүүрүүдээр тараан худалдаалж байсан нь тогтоогдсон байна. Иймд Казахстаны спиртийн хууль бус урсгал нь ихэвчлэн ОХУ-ын хилийн сувгаар буюу Алтанбулагийн чөлөөт бүсийн сүлжээ, зарим тохиолдолд БНХАУ-аар дамжин орж ирдэг болохыг дээрх баримтууд харуулж байна.
Гаалийн ерөнхий газрын хяналтаар 2025 оны II сард Гаалийн тухай хууль зөрчин улсын хилээр согтууруулах төрлийн ундаа,нэвтрүүлсэн зөрчлийн улмаас 611 литр архи, 1318 л шар айраг, 35.5 литр виски хураагдсан байна. Өнгөрсөн оны үед энэ төрлийн зөрчлийн улмаас 1621 л архи 20 л спирт, хураагдаж байжээ. Харин 2026 оны тоо хараахан гараагүй байна гэж Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан онцолсон юм.
Хуурамч эсэхийг шалгахын тулд e.barimt цэсээр орж QR кодыг утсаар уншуулж мэдэх боломжтой
Монголд хуурмаг зах зээл дээр дарагдсан архийг тогтмол хэмжих тогтолцоо хаана ч бүрэн мэдээлж гардаггүй. Үйлдвэрлэлийн алдаа, тушаалтаар,гаалийн шалгалтаар хураагдсан хэмжээ бусад зарагдсан хэмжээнээс их эсвэл бага байж болно. Монгол Улсын хууль эрх зүйн орчин болон хяналт нь архины зөвшөөрөлтэй үйлдвэрлэлд ил байдаг ч, далд зах зээл, хил нэвтрүүлэх замаар хуурамч архи орж ирэх тохиолдол бүртгэгдсээр байдаг ч үүнд хяналт тавьж таслан зогсоож чадахгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, жил бүр хэдэн сая литр албан бус архи хэрэглэгдсэн талаар баталгаатай тоо одоогоор алга.
Гэхдээ Татварын ерөнхий газраас импортоор оруулж ирж байгаа бүх төрлийн архи, согтууруулах ундааны бөглөөн дээрх Онцгой албан татварын тэмдгийг утаснаасаа уншуулахад дээрх бүх мэдээлэл гарч ирэх системийг нэвтрүүлсэн. Нэмээд тухайн импортын архи бүр дээр байдаг гадаад улсын бар код бүхий үргэлжилсэн олон тоо QR кодын мэдээллийг бөглөөн дээрх мэдээлэлтэй хамт нэгтгэх системийг хийж дууссан байна. Ингэснээр тухайн архины гарал үүслийг шошгоор нь мөрдөх боломжтой болох аж. Энэ оны эхний улирал багтаан бүх худалдан борлуулах цэгүүдэд уг системийг нэвтрүүлж дуусаж байгаа талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Б.Отгонбаяр ярьсан юм.
Ийнхүү хуурамч архийг илрүүлэх, хэрэглэгчдийг сэрэмжлүүлэх чиглэлд гааль, цагдаа болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын байгууллагууд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдгээрээс Онцгой албан татварын тэмдэг (акц)-ийн хяналт хамгийн үр дүнтэй арга хэмжээний нэг болж байна. Албан ёсоор импортолсон архи, согтууруулах ундааны шил бүрийн бөглөө, савлагаанд улсын тэмдэгт бүхий онцгой албан татварын наалт, QR код байрлуулсан байдаг. Уг QR кодыг ухаалаг утсаар уншуулахад тухайн спиртийн бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгж, улсын бүртгэл зэрэг мэдээлэл нь шууд гарч ирдэг тул хэрэглэгчид жинхэнэ эсэхийг нягтлах боломжтой. Харин ийм тэмдэггүй, эсвэл хуурамч акцтай бүтээгдэхүүн зах зээлд илэрвэл тэр нь илт хууль бус гаралтай гэж үзэн шууд хураан шалгаж байна. 2024 онд прокурорын байгууллагаас гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч акц бүхий 13 нэр төрлийн 852 шил вискиг илрүүлэн хурааж устгалд өгсөн нь ийм зөрчил бодитоор гарч буйг харуулсан юм.
Мөн гаалийн хяналтыг сайжруулж, техникийн чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэвч 2024 оны байдлаар Гаалийн ерөнхий газрын төв лаборатори нь хураасан архины химийн найрлагад шинжилгээ хийх чадвар сулаас голдуу барааны ангилал, тэмдэглэгээний зөрчлөөр шийдвэр гаргаж байв. Тиймээс цаашид лабораторийн шинэчлэл хийж, хураагдсан спиртийн зүйлсэд хурдан шинжилгээ хийх, хуурамч архинд агуулагдсан хорт бодисыг тогтоох чиглэлээр хөрөнгө оруулалт шаардаж буйг хэвлэлүүд хөндөж байна. Ямартай ч цагдаа, мэргэжлийн хяналтынхан хямд үнэтэй, гарал нь тодорхойгүй архи худалдан авахгүй байхыг олон нийтэд анхааруулж, таслан зогсоох ажиллагааг эрчимжүүлжээ. 2025 онд л гэхэд улсын хэмжээнд 10.5 тонн орчим хуурамч архи, виски хураан устгалд оруулсан нь тэмцэх арга хэмжээг улам чангатгах шаардлагатайг илтгэж байна.
Хуурамч архины өсөлт, хохирол

Сүүлийн жилүүдэд ийнхүү Монгол Улсад хилийн чанад дахь эх үүсвэрээс “хуурамч” архи, согтууруулах ундаа хууль бусаар орж ирэх тохиолдол улам олширч, эрх бүхий байгууллагууд олноор илрүүлэн хураасаар байна. Жишээлбэл, 2024 оны Цагаан сарын үеэр гаалийнхан ойролцоогоор 2.0 тонн хуурамч архи, виски, коньякийг хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн хурааж устгасан байна. Мөн 2025 оны хоёрдугаар сарын дунд гэхэд л нийт 540 орчим литр хуурамч архи, вискиг хил дээр илрүүлэн саатуулжээ. Тэгвэл 2025 онд Цагдаагийн байгууллага, Татварын албаны эрх бүхий алба хаагчид хамтарч нийт 9626 аж ахуйн нэгж, 15224 иргэнийг шалгаж, нийт 11 гэмт хэрэг, 424 зөрчил илрүүлсэн байна.Зөрчлөөр 8222 ширхэг буюу 10558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ.
370 цахим орчинд архи худалдаалж байсан байна
2026 он гарсаар чөлөөт бүсүүдээр нэвтэрч орж ирсэн архи болон бусад согтууруулах ундааны зүйлсийг Цахим орчинд /Facebook/ гар дээрээс худалдаалах байдал өмнөх жилүүдээс нэмэгдсэн байна. Энэхүү архи согтууруулах ундааны хууль бус худалдаа, хүргэлтийн үйлчилгээг таслан зогсоох чиглэлээр цахим орчинд 370 групп, хаягийг хяналтад авч, 308-ыг шалган, дөрвийг нь хаалгаж, 2964 иргэн, 1182 аж ахуйн нэгж, 3612 тээврийн хэрэгсэл шалгаж, 34 зөрчил илрүүлэн, 134 ширхэг 80 литр архи, 382 ширхэг 294 литр шар айраг, бусад 12 ширхэг 13 литр согтууруулах ундааны зүйл хурааж, нэг аж, ахуйн нэгжийг 5.0 сая төгрөгөөр, таван иргэнийг 2.5 сая төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.
Түүнчлэн Тээврийн цагдаа, Экологийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх хяналтын найман цэгт 24 цагаар хяналт шалгалтын зохион байгуулж, 4234 иргэн, 5991 тээврийн хэрэгслийн ачаа, тээшинд үзлэг, шалгалт явуулаад байгаа аж.
Цахим орчин (Facebook, Instagram, Telegram зэрэг)-д архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, хүргэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл байршуулсан таван групп, найман хувь хүний цахим хаягт судалгаа хийж, тухайн хаягийн эзэмшигчдийг тогтоон, тогтоогдсон мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад нийт найман албан бичгээр мэдээлэл хүргүүлж, цахим орчинд согтууруулах ундаа худалдан борлуулах зар байршуулсан найман мэдээллийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлж ажиллаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн хошууч Жамъяндорж ярьсан юм.
Онцгой албан татвартай архи борлуулдаг цэгийн тоо 7000 д хүрчээ
Архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй албан ёсны худалдааны цэгүүдийн тоо Монгол Улсад хэт өндөр байгаа нь хуурамч архины далд бизнес газар авах нэг шалтгаан болдог. 2025 оны байдлаар улсын хэмжээнд 7000 орчим цэг архи, согтууруулах ундаа худалдах буюу үйлчлэх зөвшөөрөлтэй байсан ба энэ тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн үзүүлэлт юм. Судалгаанд дурдсанаар архи худалдах зөвшөөрөлтэй цэгүүдийн бүтцээр нь харвал дэлгүүр 56 хувь /найман нэрийн хүнсний болон бусад жижиглэнгийн дэлгүүрүүд/ ресторан, баар /цэнгээний газар/ 24 хувь, кафе ес, супермаркет долоо, хүнсний бөөний төв таван хувийг тус тус эзэлдэг.
Өөрөөр хэлбэл, нийт зөвшөөрөлтэй 100 цэг тутмын 56 нь дэлгүүр, 24 орчим нь хоолны газар буюу баар, ресторан, ес нь кафе, долоон нь супермаркет, үлдсэн дөрөв нь бөөний худалдааны төв байна гэсэн үг. Засгийн газраас 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хууль”-д тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоог аймаг, нийслэлд хүн амын тоонд харьцуулан хязгаарлах /жишээлбэл, 1000 хүн тутамд дөрөв хүртэл/ зэрэг зохицуулалтыг тусгаж, дээрх тоог цөөлөх бодлого баримталж байна. Цаашид албан ёсны архи борлуулалтын цэгийн тоог бууруулж, хэт олноор төвлөрсөн зах зээлийг хумьснаар хуурамч архины нийлүүлэлтийг таслах, хяналтыг сайжруулах боломжтой гэж үзэж байна.Иймд иргэд та бүхэн хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Үргэлжлэл бий.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn


Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ

Ж.Төмөрбат: 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаа хэрэглэх хууль бус эргэлтийг таслан зогсоосон
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ
“Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”
Б.ПУНСАЛМАА: Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг цэгцлэх бодлого тодорхой хэсгийн эрх ашгийг хөндөж байгааг үгүйсгэхгүй
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
ХУУЛЬ: Иргэний 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
Өргөн хэрэглээний барааны үнэ 7.5 хувиар өсжээ
Монгол Улс авлигын индекс 114-р байраас ухарч 124 болжээ
Physical Asia шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн болжээ
С.Бямбацогт: Цагаан сараар бэлэн мөнгө тараахгүй
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА
Автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг мөнгөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулсан
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна
Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ
Прокурор: “Шинжиан Шинфа” XXK-ийн захирал бусдад залилуулсан гэх хэргийг хаасан, иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?
Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Боловсролын яамаа ХҮН намын бүтэлгүй нөхдөөс эртхэн шиг салгая
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно
"Mongolian Property Awards" 2025: Нутгийн Буян групп гурван номинацид шилдгээр шалгарлаа
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна
Сар шинийн тавгийн идээгээ хэрхэн зөв хадгалах вэ?
Ноцтой зөрчил гаргасан Б.Цоггэрэлд "давхар дээл" өмсүүлэх нь хэр оновчтой томилгоо вэ?!
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.