Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!

2 цаг 31 минутын өмнө

Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!

Ариунаас ариун, нандин, дээд, итгэл, хүндлэл татсан нэр, утга, хэргэм, зэрэг гэж байнаа, байсаар ч ирсэн түүхтэй. Тэдний нэг нь “Гэгээнтэн” гэх нэр, хүндлэл. Ийм үнэлэмж, хэргэм, зэрэг бүх шашинд байгаа, бүх улс орон, ард түмэнд байгаа. Үгний утга, гарваль нь, жишээ нь монгол хэлэнд, гал, гэрэл, гэгээ, гэгээрэх, гэгээрсэн хүн (гэгээнтэн) гэх уялдаа холбоотой. Гал бол гэрэл ч мөн, бас илч ч мөн. Аль аль нь л амьтныг тэтгэдэг. Гэрэл үгүй бол таг харанхуй, илч үгүй бол цэвдэг хүйтэн.

 

Онцын их ивээлтэй, ээлтэйг заасан утга, үгс... Таван тив, дөрвөн далайн хүн ард шүтдэг, дээдэлдэг шашныхаа Гэгээнтэн нарын хүмүүнлэг, энэрэнгүй сургаал, номлолоор ёс суртахуунаа хийж, буяныг үйлдэж, бусармагийг цээрлэж аж төрөх нь зөв зам, мөр, үнэнрүү хөтлөх зам, мөр хэмээгддэг.

 

Өнгөрсөн түүх, өнөөдрийн амьдрал, бас ирээдүйн гол чиг, хандлага ч мөн л тийм байх бололтой. Олон шашинт хорвоо мөн тэр янзаараа л зуунаас зуунд, мянганаас мянганд шилжсээр алсран одох буйзаа. Гэхдээ гэгээнтэн гэгдэхээр хүмүүс жирийн олны дунд ч бас байсаар ирсэн ажээ. Үйл хэрэг нь, үлгэрлэл, нигүүлсэл нь, ачлал, гавъяа нь гэгээнтний зиндаанд тийм хүмүүсийг оруулах, тооцоход хүргэдэг байжээ. Ургамал ч гэрэлрүү тэмүүлж ургадаг, амьтад ч гэрэлрүү тэмүүлж хувьсдаг. Усны гүнд үүссэн нялцгай биетүүд усны гадаргуйруу чиглэж хөгжсөөр загасыг, загаснууд гэрэл, агаарыг баримжаалж хувьссаар хоёр нутагтанг, хоёр нутагтнууд хуурай газрын амьтдыг цааш цааш нь төрүүлэн гаргасан гэх үзэл, онол ч буй. Амьтны амьдрал нар ба агаараас хамааралтай, мөн орчиндоо зохицож, орчноо таньж, ашиглаж, аюулгүй байдлаа хангаж чадах сурц, дадал, инстинкт, хариу үйлдлээс нь хамааралтай. Харин хүний хувьд, ялангуяа бидний үед, мэдлэг, боловсрол, мэргэжилгүйгээр амьдрах боломжгүй. Гэгээнтэн гэх нэр, хүндлэл бол зөвхөн, ганцхүү өндөр боловсрол, өргөн мэдлэг, нарийн мэргэжил, их цалин, орлого, ер бусын чадавх зэрэгтэй холбоотой үнэлгээ биш юм.

 

Гэгээрч чадсаныхаа зэрэгцээ бусдыг гэгээрүүлэх үйлс, бусдад зөв зам мөрийг заах үйлс, бусдад туслах, тэтгэх үйлс, бусдын зовлонг хуваалцах үйлс, бусдын төөрөгдлийг арилгах үйлс зэрэг ариун явдал, зам мөрт нь голчлон үндэслэж өгдөг үнэлгээ, хүндлэл юм.

 

Жинхэнэ ариун явдалтан, жинхэнэ гэгээнтэн хүнийг аль ч шашин суртал, аль ч үзэл суртлын үүднээс өөлөх, муучлах боломжгүй байх ёстой. Гэгээнтэн бол абсолют утгаар л гэгээнтэн байх учиртай! Дээр өгүүлэгдсэн утга, үнэлгээнд бүрэн дүйцэх гэгээнтэн ер нь байсан юм уу? Байсан бол хаанахын хэн хэн бэ? гэх асуулт өөрийн эрхгүй гардаг билээ. Шашин бүхэн л гэгээнтнүүдээ нэрлэдэг, булш бунхныг нь ч дурддаг, түүх намтрыг нь ч дурсдаг. Бүгд л үнэн байх. Харин Монголд маань 1990 оноос хойш тодорсон гэгээнтнүүдийн хувьд юу хэлж болохоор байна вэ? Сүсэгтэн олон ч энэ талаар эргэцүүлэн бодож, бас гэгээнтнүүд ч өөр өөрийн үйл ажиллагаа, зам мөрөө эргэж харах, дүгнэх, цэгнэх нь зөв байх. Гэгээнтнүүд нь жинхэнэ гэгээнтэн шиг байх аваас л шашны нэр хүнд дээшилнэ, сүсэгтнүүдийн итгэл, сэтгэлд ч гэрэл, гэгээ нэмэгдэнэ. Гэгээнтэн, эрдэмтэн гэх нэр, цол адил утгатай биш. Эрдмийн зэрэг, цолтой бусармаг явдалтан зөндөө шүү дээ. “Эрдэмтэй хүн номхон, их мөрөн дөлгөөн” гэх үг ч утгаа гээжээ. Хулхи эрдэмтэд ч олширчээ. Гэгээнтэн гэх нэр, цол эрдэмтэн гэх нэр, цолны адил уруудаж, доройтож орхих бий дээ! Уул нь нийгэмд маань гэгээлэг юмс, үзэгдэл цөөрөх биш, харин бүр урд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч олшроосой гэж л иргэд хүсдэг билээ. Гэгээнтэн, тэрбумтан гэх нэр, цол ч мөн адил утгатай биш.

 

Ихэнхдээ бүр харш утгатай. Ямартаа ч болов “Тэрбумтан худалдаачныг диваажинд очуулах гэж оролдсоноос тэмээг тэвэнгийн сүвээр багтаах гэж оролдсон нь дээр” гэх үг байх ажээ. “Буяны, авралын үйлсийг Бурхан тэргүүлж, Гэгээнтэн удаалж, оточ дараа нь жагсдаг” гэх үг зарим оронд байжээ.

 

Энэ дараалал сүсэгтнүүдэд ихэд таалагддаг байв. Одоо олон оронд энэ үг, дараалал ч утгаа алджээ. Шашны хийгээд эм, эмчийн үйлчилгээ өндөр төлбөртэй болсноор буяны, авралын гэх утга нь орхигдсон бололтой. Мөнгөгүй хүнд үйлчилдэг эмч, бас лам тун ч ховорджээ. Гэгээлэг, энэрэнгүй, буяны талаасаа эмч нар ухарч ганцхүү ашиг, төлбөрийн талдаа хөтлөгдөх нь аль ч улсын хүн амын 90 хувьд нь таалагдахгүй. Өндөр өртөгтэй мэс ажилбарын өмнө хүнд өвчтэй хүмүүсийн 90 хувь нь сөхөрч байна.

 

“Буяны, авралын үйлсийг Бурхад тэргүүлж, төр удаалж байгаа” гэх ойлголт одоо олон оронд буй болчихлоо. Учир нь эдүгээ төр, засагт үндсэн дөрвөн үүрэг байгаа гэгддэг.

 

НЭГДҮГЭЭРТ, Ард иргэдийн аюулгүй байдлыг хангах,

ХОЁРДУГААРТ, Хүн амын эрүүл мэндийг хамгаалах,

ГУРАВДУГААРТ, Боловсрол, гэгээрлийг дээшлүүлэх,

ДӨРӨВДҮГЭЭРТ, Амьдралын түвшинг сайжруулах

 

–энэ дөрвөн үзүүлэлтээр л төр, засгийг үнэлдэг. Монголчууд бид ч яг таг энэ дөрвөн үзүүлэлтийг л чанд баримталж, тоо болон чанарын өсөлтийг өөрсөд дээрээ, бүр арьс, махан дээрээ мэдэрч байж л дүнгээ, үнэлгээгээ тавих, тооцох ёстой. Энэ дөрвөн үзүүлэлт буурсан байх аваас тэр төр, засагт сохор зоосны ч үнэгүй, үлдэх, дахин томилогдох, сонгогдох ч эрх түүнд үгүй, үг дуугүй л огцрох үүрэгтэй. Гэрэлрүү тэмүүлж амьтад хөгжиж, гэгээрэлрүү тэмүүлж хүмүүс хөгжиж байна. Гэрэлгүй орчны (газар доор, далайн гүнд) амьтад сул дорой, хөгжил муутай. Гэрэлтэй орчных нь хөгжил сайтай. Нарны гэрэл, илч бол хөгжил, дэвшлийн гол хүчин зүйл юм. Яг л энэчлэн гэгээрэл бол оюун ухаант амьтны (хүний) хөгжих, дэвших гол нөхцөл, хүчин зүйл ажээ. Гэгээрэх хэрээрээ л хүн төрөлхтөн хүчирхэгжих, урт наслах, өвчин зовлонгүй амьдрах, элбэг хангалуун аж төрөх боломжтой.

 

“Гэгээнтэн” гэх үгийг дэлхий дахинд олон хэлээр, олон янзаар дууддаг боловч энэ үгний цаад, далд утга нь бараг ав адилхан байдаг. Энэ нь эл утгыг хүмүүс (хар, цагаан, шар арьстангууд) бүгдээрээ л хүсэж, хүндэлж, биширч, шүтэж бүтээсэн болохыг нотолдог байна.

 

Тийм дээрээс ч жинхэнэ гэгээнтэн бол өөрийн эрхгүй л хэнд ч гэсэн ивээл, хайр, түвшин амгаланг мэдрүүлж, гэрэл гэгээг, итгэл, тайвшралыг бэлэглэж байх учиртай гэнэ. Монголчуудын хувьд ч мөн л тийм байсан болов уу. Харин цаашид яах бол оо? Шинээр тодорсон залуу гэгээнтнүүд маань энэ нэр ба хүндлэлийн уламжлалт утгыг улируулан, залгамжлан авч явах үүрэгтэйгээ хэр ойлгож, хэр сахиж амьдарцгаах юм бол доо. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд, тэрбумтан, том эрдэмтэн, эмч нэг бүр “Гэгээнтэн” мэт байх аваас мөн ч сайхнаа! Өөрийгөө “Томд” тооцдог хүн нэг бүр “Гэгээнтэн” гэгдэх хэмжээ, түвшинд өглөгч, ачлагч, зөвлөгч, ивээн тэтгэгч, соён гэгээрүүлэгч байх учиртай. Зөвхөн тийм байж чаддаг бол л тэр хүн үнэхээр “том хүн” мөн. Өөрөө ч тэгж, бодох, тооцох ёстой, өрөөл бусад ч мөн тэгж үнэлэх, хүндлэх ёстой. Аливаа хүн бол жирийн хүний ёсоор л, дундаж байдлаар л аж төрж байх нь зөв гэх үзэл, баримтлал бас буй. Тэрбумтны амьдралаар аж төрлөө гээд, тийм хэмжээ, түвшинд хүртлээ эд баялаг оллоо гээд ер бусын урт ч наслахгүй, ер бусын их жаргалтай ч байж чадахгүй. Ихэнх тохиолдолд үр хүүхдүүд нь элдвийн буруу замаар орж хохирдог. Хэтэрхий тансаг амьдрал хэнийг ч болов эвддэг дээ.

 Харин жинхэнэ Гэгээнтнүүд бол бүгд л энгийн, жирийн, дундаж түвшний, зарим нь бүр ядуу гэж хэлэгдэхээр нөхцөлд аж төрж байжээ. Шашин нэг бүрийн Гэгээнтнүүд, Үнэн алдартнуудын нь дунд орчин үеийн ойлголтоор бол тэрбумтан ер байгаагүй нь үнэн болно.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.