Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ

2 цаг 55 минутын өмнө

Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ

​​​​​​​

Улсын хилийн зурвасаас 30-хан алхаад уул уурхайн ашиглалтын талбай эхэлж байна гээд төсөөлөх гээд үзье. Нүдний цөцгий мэт эмзэг, торгон тэр цэгээс ердөө л хоймор, үүдийн зайтай гэсэн үг шүү дээ. Хэрвээ мэдээлэл нь ил болоогүй бол тусгай зөвшөөрлөө авчихсан аж ахуйн нэгжүүд нэг л өдөр улсын хил дээр техник хэрэгслээ аваачин хөрс хуулаад эхлэхэд бэлэн байж.

 

Хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээрийн 16 нь хайгуулын, 38 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гэнэ. Хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс байх ёстой.

 

Гэтэл ийм онцгой хамгаалалтын зурваст Засгийн газрын зохих шийдвэргүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хил хамгаалалтын орон зай хумигдах, инженерийн байгууламж, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, гамшиг, ослын үед хил хамгаалалтын ажиллагаа тасалдах, орон нутгийн иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх зэрэг олон эрсдэлийг бий болгожээ. 

Тухайлбал, зарим тусгай зөвшөөрлийн талбай нь хилийн цэргийн анги, салбар, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай хэрэгцээний газар, хилийн инженерийн байгууламжтай давхацсан байж. Мөн улсын хилийн шугамд тулсан, эсхүл улсын хилийн шугамд хэт ойр байрлалтай талбайд тусгай зөвшөөрөл олгосон байна. 

 

Түүнчлэн өмнөх Засгийн газар бүрэн эрх нь дуусгавар болохоос хэдхэн хоногийн өмнө, сүүлчийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах 10 хилийн боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан нь тодорхой болжээ. 

 

Боомтын ойролцоо газар ашиглах зөвшөөрөл олгосныг эдийн засгийн ач холбогдолтой гэж тайлбарлаж болох ч Монгол Улсын хил, хилийн зурвас бол эдийн засгийн ашиг сонирхлын объект биш гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдаан дээр анхааруулсан байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж Үндсэн хуульд тунхагласан. Монгол Улсын хилийн тухай хуульд “Улсын хил халдашгүй дархан байна” гэж заасан. Улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж, дээрх хилийн зурваст 34 га газар олгосон хууль бус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хүчингүй болгожээ.

Мөн хилийн зурваст олгогдсон ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгахаар болсон гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулахуйц шийдвэрүүдийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байна” гэсэн юм. 

 

Ерөнхий сайд Г.Занданшатарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг хүссэн байна.

 

Мөн нэр бүхий компани хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлжээ. Иргэдийн энэ санал, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авснаар улсын хилийн хамгаалалтын бүсэд хууль бусаар газар ашиглах, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлүүд олгосон зөрчил ил болсон нь энэ. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулахаар болжээ.

Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны наймдугаар сард захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх ажлын хэсэг байгуулсан. Лицензийн хулгайг цэгцлэхэд иргэдийн мэдээлэл, хяналт чухал гэдгийг хилийн зурваст дураар дургигсдыг илчилсэн явдал тодорхой харууллаа.

ЭХ СУРВАЛЖ: сонин.мн



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.