
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор багш нарын цалин нэмэгдсэн эсэх, нэмэгдлээсээ хасагдсан гэх мэт маргаан гарлаа. Энэ асуудалд та салбарын сайдын хувьд нэгдсэн, бодит тайлбар өгнө үү?
-Юуны өмнө сар шинийн мэндийг Монголынхоо нийт багш, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад хүргэе. 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор гурван томоохон ажил эхлүүлсэн гэж харж байна. Нэгдүгээрт, багш нарын үндсэн буюу суурь цалинг 50 хувиар өсгөсөн. Энэ бол бодит нэмэгдэл. Өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн багшийн суурь цалин нэг сая 484 мянган төгрөг байсан бол 742 мянган төгрөгөөр нэмэгдэж, хоёр сая 286 мянган төгрөг болсон. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын суурь цалин мөн адил 50 хувиар өсөж, 1.5 сая орчим төгрөг байсан бол 2.3 сая гаруй төгрөг болж нэмэгдсэн. Энэ бол нэмэгдлээс хассан, шилжүүлсэн асуудал биш, суурь цалинг өөрийг нь бодитоор өсгөсөн шийдвэр.
-Гэхдээ нэгдүгээр сард багш нарын цалин буурсан мэт харагдсан талаар шүүмжлэл гарсан. Багш нар амардаггүй шүү дээ гэх байдлаар...?
-Багш нар амардаггүй гэдэг нь үнэн. Гэхдээ сурагчид нэгдүгээр сарын 26 хүртэл амарсан. Энэ хугацаанд анги даалтын мөнгө, илүү цаг, кабинетийн нэмэгдэл зэрэг хичээл сургалттай шууд холбоотой нэмэгдлүүд бодогдохгүй. Жил бүрийн арванхоёрдугаар сард багш нар гүйцэтгэлийн үнэлгээ, илүү цагийн хөлс зэргээ бүрэн авч, цалин харьцангуй өндөр ордог. Харин нэгдүгээр сард эдгээр нэмэгдэл багассанаас цалин буурсан мэт харагддаг улирлын шинжтэй үзэгдэл бий. Мөн төсвийн хуваарилалтын явцад Боловсролын ерөнхий газраас зарим сургууль дээр алдаа гарсан нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн зөрүүг хоёрдугаар сарын санхүүжилт дээр засаж, нөхөн олгоно.
-Өмнөх цалингийн бүтэц тогтворгүй байсан гэсэн үг үү?
-Бид өмнө нь багш нарт 10 орчим төрлийн нэмэгдэл, хөлс олгож ирсэн. Ингэснээр нэмэгдлийн хэмжээ суурь цалинтайгаа бараг тэнцэж, зарим тохиолдолд давж эхэлсэн. Энэ нь цалингийн бүтэц тогтворгүй болж, баталгаатай орлого гэх ойлголтыг сулруулсан. Жишээ нь, ерөнхий боловсролын багшийн анхны суурь цалин нэг сая гаруй төгрөг, цэцэрлэгийн багшийнх 1.5 сая орчим төгрөг байсан.
Харин бодит орлогын ихэнх хэсэг нэмэгдлээс хамаарч байсан учраас тогтвортой, баталгаатай цалин гэж хэлэхэд хүндрэлтэй байлаа. Ийм бүтэцтэй байхад залуу мэргэжилтнүүд энэ салбарт орж ирэх сонирхол буурч байсан. Тиймээс бид суурь цалинг бодитоор нэмэгдүүлж, тогтвортой орлогын үндсийг бэхжүүлэх бодлого барьж байна. Багшилж эхэлсэн эхний таван жилийн дотор багш нарын 60 орчим хувь нь ажлаасаа гарч байна. Гол шалтгаан нь амьдралын баталгаагүй, бага суурь цалин. Би орон нутгаар явж олон багштай уулзсан. Багануур дүүргийн нэгэн биеийн тамирын багш “Би эр хүн, гэр бүлээ авч явах үүрэгтэй. Энэ үндсэн цалингаар яаж амьдрах вэ” гэж хэлж байсан. Энэ бол ганц хүний биш, олон залуу багшийн бодит асуудал.
-Тэгэхээр суурь цалинг нэмэх нь хамгийн чухал асуудал гэж ойлголоо. Энэ утгаараа салбарын сайдын хувьд бодлогоо суурь цалин руу төвлөрүүлсэн гэсэн үг үү?
-Суурь цалин нь өөрөө амьдралын баталгаа байх ёстой. Харин нэмэгдлүүд бол нөхцөлөөс хамаарна. Хаана ажиллаж байгаагаас, хэдэн жил ажилласнаас, ямар үнэлгээ авснаас шалтгаалж олгогдоно. Жишээ нь, нийслэлд ажиллаж буй багш орон нутгийн нэмэгдэл авдаггүй. Гэтэл нийт сурагчдын 50 гаруй хувь нь нийслэлд сурч байна. Анхны жилдээ ажиллаж буй багш ур чадварын 25 хүртэлх хувийн нэмэгдэл авах боломжгүй. Тэр нь 5, 10, 15, 20, 25 жил ажилласны дараа шатлан нэмэгддэг. Ийм тогтолцоонд залуу багшийн орлого тогтворгүй, баталгаагүй байсан. Бид суурь цалинг тогтвортой, баталгаатай болгох бодлого руу эргэсэн. Ингэхгүй л бол энэ салбар руу зориглон орж ирэх хүн байхгүй болох, багшийн дутагдал ноцтой хэмжээнд хүрэх эрсдэл бодитой байсан шүү. Нөгөөтэйгүүр олон улсын байгууллага буюу International Labour Organization болон World Bank-аас ч Монголын цалингийн систем хэт төвөгтэй болсон, суурь цалинг амьдралын баталгаа болгох, дор хаяж 70:30 харьцаа руу оруулах зөвлөмж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэмэгдлүүдийг өсгөсөөр байгаад суурь цалин өөрөө өсөхгүй явсаар “бага цалинтай” гэх нэр зүүж ирсэн. Дээрээс нь захирал, удирдлагын субьектив шийдвэрээс хамаарах байдал ч үүсдэг. Харин одоо багш долоо хоногт 19 цагийн нормоо заасан бол хэнээс ч үл хамааран баталгаатай суурь цалингаа авдаг байх ёстой гэсэн бодлого барьж байна.
-Суурь цалинг дахин нэмэх үү?
-Бид МҮЭХ-той байгуулсан гэрээний хүрээнд суурь цалинг үе шаттай нэмэгдүүлэхээр тохирсон. Энэ оны 11 дүгээр сар гэхэд 2.8 сая төгрөгт хүргэх үүрэг хүлээсэн. Цаашид 3.5 сая төгрөгт хүргэх зорилт бий. Ерөнхий бодлого нь суурь цалинг ойрын хугацаанд мянган ам.долларт хүргэх гэсэн зорилго тавиад ажиллаж байна.
-Багшийн суурь цалин 1000 ам.долларт хүрлээ гэхэд багшийн нөөц нэмэгдэх үү?
-Нэмэгдэнэ. Багшийн мэргэжлээр төгссөн атлаа сургуульд ажиллахгүй байгаа 20 гаруй мянган хүн бий. Суурь цалин амьдралын баталгаа болж чадвал энэ хүмүүс эргээд салбартаа орж ирэх боломжтой. Энэ хичээлийн шинэ жил эхлэхэд багшийн дутагдал 4300 орчим байсан. Одоогоор 1500 орчимд хүрч буурсан. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээнд нөхөгдсөн гэсэн үг. Гэхдээ хамгийн ноцтой нь дутагдаж буй багш нарын ихэнх нь математик, англи хэл, физик, хими зэрэг Монгол Улсын ирээдүйн хөгжилд шууд нөлөөлөх, суурь шинжлэх ухааны хичээлүүдийн багш нар байна. Энэ бол бодит эрсдэл.
-Тэгвэл ийм чиглэлийн багш нарын цалинг илүү нэмэх боломж бий юу?
-Төрийн албаны цалин нэгдсэн сүлжээгээр явдаг. Нэг хичээлийн багшийг нөгөөгөөс нь ялгавартайгаар цалинжуулах нь хууль, тогтолцооны хувьд хүндрэлтэй. Харин бидний ярьж байгаа бодлого бол сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн багш нарын цалинг түлхүү нэмэх боломжийг ангиллын хүрээнд нь судлах. Энэ нь хууль, журмын хүрээнд хийгдэх ёстой ажил.
-Улсын сургуулийн багш нарын цалин өсөхөөр хувийн хэвшилд нөлөөлөх үү. Энэ харилцааг яаж зохицуулах ёстой вэ?
-Хувийн хэвшлийн сургуулиуд өөрийн зохицуулалтаар явдаг, төрөөс шууд цалин тогтоодоггүй. Гэхдээ төрийн сургуулийн багш, ажилтнуудын цалин өсөхөөр зах зээлийн өрсөлдөөн үүснэ. Хувийн хэвшил ч багш нараа тогтоон барихын тулд цалингаа анхаарах шаардлага гарна. Боловсролын салбар дотроо цалингийн өрсөлдөөн илүү тод болно гэж харж байна.
-Зарим багш цалин нэмсэн ч ажил нэмэгдэж байна гэсэн шүүмжлэл хэлж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ удаагийн шийдвэр бол зөвхөн багш гэлтгүй сургууль, цэцэрлэгт ажиллаж буй бүх хүний суурь цалинг 50 хувиар нэмсэн бодит шийдвэр. Ажлын ачааллын хувьд багшийн норм, норматив гэж бий. Долоо хоногийн 19 цагийн хичээлийн нормоо биелүүлж, сургалтын чанар, хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Харин зохиомлоор ачаалал нэмэгдүүлэх, илүү ажил үүрэг ногдуулах байдлыг бид дэмжихгүй. Тийм тохиолдол гарвал багш нар тухайн сургуулийн удирдлагатайгаа ярих, шаардлагатай бол дээд шатанд тавих боломжтой.
Нөгөөтэйгүүр нэмэгдэл хөлс нь жишээлбэл илүү цаг, анги даасан гэх мэт тохиолдолд олгогддог. Энэ нь Хөдөлмөрийн хуульд заасан бөгөөд тухайн хүнээс салгаж болохгүй зүйлүүдэд хамаарна. Нэмэгдэл, хөлс хоёр сая 228 мянга төгрөгөөс тооцогддог. Үүнээс гадна орон нутаг, олон жилийн нэмэгдэл, мэргэжлийн зэрэг гээд бусад нэмэгдлүүд нь 2025 оны үндсэн цалингаас тооцогдож байгаа.
-Гэтэл нэрлэсэн дүн рүү шилжүүлсэн нь бууралт мэт харагдаж байгаа шүү дээ?
-Үгүй, энэ бол бууралт биш. Учир нь нэрлэсэн дүн рүү оруулсан хэсэг нь 2025 оны үндсэн цалингаас тооцогдож байгаа. Хэрэв шинэ үндсэн цалингаас тооцвол төсөв хүрэлцэхгүй, пропорцолж хувилах шаардлагатай болно. Тэгэхээр цалин буурчихлаа гэдэг яриа гарах ямар ч үндэс байхгүй гэсэн үг. Цаашдаа Монгол Улс бүтээмж өндөр, эдийн засаг нэмэгдэхийн хэрээр нэрлэсэн дүн дээр байгаа нэмэгдлүүдийг дээшлүүлэх боломж гарч ирж болно.
-Сургуулийн захирлыг томилох асуудлыг өөрчилж, Засаг дарга томилдог болох тухай яригдаж байна. Энэ эрх зүйн өөрчлөлтөд таны байр суурь ямар байдаг вэ?
-Одоогийн байдлаар бид Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд ажиллаж байна. Энэ хуулиар боловсролын байгууллагууд босоо удирдлагын тогтолцоогоороо томилгоогоо хийж байгаа. Сургуулийн захирал бол мэргэжлийн удирдлага. Хуулиар зургаан жил багшилсан, дөрвөн жил удирдах ажил хийсэн байх шаардлага тавьдаг. Энэ бол сургуулийн орчныг мэддэг, мэргэжлийн хүн удирдах ёстой гэсэн зарчим. Зарим тохиолдолд өмнөх ажлын туршлагатай хүмүүс дээр энэ шаардлага уян хатан зохицуулалт шаардах асуудал гарч байгаа. Нийт 10 жил сургуульд ажилласан туршлагыг дүйцүүлэх журам ч хэрэгжиж байна. Харин Засаг дарга томилдог болох асуудалд улстөржилт нэмэгдэх эрсдэл бий. Миний хувьд хуулийн хүрээнд л ажиллана. Боловсрол улс төрөөс ангид байх ёстой. Энэ бол зарчим. Мэдээж, боловсрол бол улс орны ирээдүйг бүтээдэг хамгийн хариуцлагатай салбар. Энэ утгаараа бид эх оронч сэтгэлгээтэй, зөв хандлагатай, эв эеийг эрхэмлэдэг, дэлхийд үнэлэгдэх чадвартай монгол иргэдийг төлөвшүүлэхийг зорьж байна.
-АН-аас энэ Засгийн газрын хэд хэдэн сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Үүнд таныг мөн огцруулах асуудлыг хөндөж байгаа. Тэгэхээр сөрөг хүчний зүгээс тавьж байгаа шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч байна вэ. Улстөржилт мөн явагдаж байна уу?
-Аль аль нь явж байна. Мэдээж АН бол том сөрөг хүчин. Энэ утгаараа өөрийнхөө ажлыг хийгээд явж байна шүү дээ. Миний зүгээс жишээлбэл, багшийн цалин нэмсэн нь тэр дундаа үндсэн суурь цалинг нэмсэн нь бодит үнэн. Цалингийн бүтцийг нь шинэчилж ирээдүйгээ харсан ийм шинэчлэл рүү явуулъя аа гэсэн нь бас бодит үнэн. Энийгээ ойлгуулж чадаагүй бол миний бас хариуцлага байхыг би үгүйсгэхгүй. Гэхдээ алсыг харж байгаа энэ шинэчлэлдээ бид бат итгэлтэй байгаа. Цаашдаа багш нарынхаа үндсэн суурь цалинг нэмж энэ салбар луу олон чадварлаг хүмүүс орж ирэх боломжийг нээх энэ асуудал дээр бид зогсоно. Мэдээж ажил хэрэгч шүүмжлэлийг бол хүлээж авна. Түүнээс биш зүгээр огцор гэдэг юм бол тусдаа асуудал. Энэ бол нөгөө улстөржилт нь эхэллээ л гэсэн үг шүү дээ.
-Хөтөлбөрийн шинэчлэл яг ямар чиглэлд хийгдэж байна вэ. Хичээлийг цөөрүүлэх, амьдралд ойр болгох талаар эцэг, эхчүүд саналаа хэлдэг шүү дээ...?
-Сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэл батлагдсан. Шинэчлэлийн гол философи нь багшлахуйгаас суралцахуй руу шилжих. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрөө идэвхтэй суралцагч байх тогтолцоог дэмжиж байна. Амьдралд ойр хичээл оруулах нь зөв. Гэхдээ академик суурь мэдлэгийг орхиж болохгүй. Зөвхөн амьдралд хэрэгтэй гээд байгалийн ухаан, суурь шинжлэх ухааныг орхивол алдаа болно. Тиймээс онолын суурь ба амьдралд хэрэглэх чадварыг тэнцвэртэй авч явна. Жишээ нь, бага боловсролд Эрүүл мэнд хичээлийг дахин оруулж байна. Хүүхэд нэгдүгээр ангиасаа өөрийн биеэ танин мэдэх, эрүүл аж төрөх, анхан шатны тусламж үзүүлэх, аюулгүй амьдрах мэдлэг эзэмшинэ. Мөн аюулгүй амьдрах ухааны сургалтыг Онцгой байдлын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Цахилгаанд цохиулсан хүнд яаж туслах вэ, газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ зэрэг бодит амьдралд хэрэгтэй мэдлэгийг системтэй заана.
-Хичээлийн ачааллыг хэрхэн өөрчилж байна вэ?
-Хичээлүүдийг интеграцичилж, агуулгын давхардлыг багасгаж байна. Улирлаар нь багцалж, эхний үед цөөн төрлийн хичээлээр суурийг нь тавиад, хүүхэд сургуулийн орчинд дасахын хэрээр ачааллыг шат дараатай нэмэх бодлого барьж байна.
-Нэг хэсэг мэдээлэл зүй гэж хичээлээр компьютер хэрхэн ашиглах вэ гэж заадаг байсан. Харин одоо цаг үе өөр боллоо. Хиймэл оюун гарлаа. Үүнтэй холбоотойгоор дижитал ур чадварын чиглэлд ямар өөрчлөлт орж байна вэ?
-Бага боловсролд Компьютерын ухаан хичээлийг оруулж байна. Хиймэл оюуны эрин үед хүүхэд компьютер, интернэт, сошиал орчинтой зөв, аюулгүй харьцах мэдлэгтэй байх ёстой. Кибер аюулгүй байдал, мэдээллийн зөв хэрэглээ, хиймэл оюуны анхан шатны ойлголт, хэрэглээний мэдлэгийг заана. Энэ бол ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх чухал алхам.
-Өнөөгийн залуус мөн хүүхдүүд уншаад уншсанаа ойлгох чадвар суларч байна гэх шүүмжлэл бий. Энэ утгаараа сурах бичгийн бодлогод өөрчлөлт орж байна уу?
-Бид сурах бичиг боловсруулахдаа нас насны хүүхдийн үгийн сангийн судалгаа хийсэн. Тухайлбал, 6-7 настай хүүхдийн хэлний орчин ямар байгааг судалж, хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсэд тулгуурлан агуулгыг боловсруулна. Мэдээж үгийн санг баяжуулах шинэ үг заах шаардлага хэвээр байгаа. Мөн бага боловсролын нэг, хоёрдугаар ангид хүүхэд унших арга техникийг бүрэн эзэмших ёстой. Гуравдугаар ангиас эхлэн унших бичгийг сэргээн оруулж байна. Эх хэл бол хүний суурь дархлаа. Монгол хэлээрээ гүнзгий уншиж, ойлгож, сэтгэж чаддаг байх нь цаашдын бүх суралцах чадварын үндэс. Шинэ хөтөлбөрийн хүрээнд шинэ сурах бичиг бичүүлэх ажил эхэлнэ. Гол зорилго нь хүүхдэд ойлгомжтой, нас сэтгэхүйд нь тохирсон, агуулгын тэнцвэртэй, чанартай сурах бичиг бий болгох юм. Өмнө нь минутын уншлага гээд хурдан уншвал сайн гэж үздэг байсан. Одоо бол өөр. Хурдан унших биш, ойлгож унших ёстой. Хүүхдээс “Юу уншсан бэ, юуны тухай өгүүлсэн бэ, зохиогч нь хэн бэ” гэж асуухад хариулж чаддаг байх ёстой. Өнөөдөр зузаан ном уншсан хэрнээ агуулгыг нь ярьж чаддаггүй залуус бий. Энэ бол унших дадал, ойлгох чадвар суусангүй гэсэн үг. Олон улсын үнэлгээнүүд ч унших чадварын асуудлыг харуулсан. Бага боловсролын гол зорилго бол хүүхдийг уншиж сургах. Уншиж ойлгож сурсан хүүхэд дунд, ахлах ангид огт өөр түвшинд явдаг. Харин унших суурь тавигдаагүй хүүхдийн хоцрогдол жилээс жилд нэмэгддэг. Унших чадвар гэдэг зөвхөн ном барих тухай биш, анхаарлаа төвлөрүүлж сурах тухай. Анхаарал төвлөрөл бол суралцахуйн хамгийн чухал чанаруудын нэг.
-“Заавал унших ном”-ын жагсаалт гарна гэсэн мэдээлэл нийгэмд тарсан. Энэ үнэн үү?
-2012 онд тухайн үеийн БСШУЯ-наас гаргасан жагсаалт бий. Гэхдээ сошиал орчинд хуучин мэдээлэл шинэ мэт тархаж, буруу ойлголт үүсдэг. “Заавал унших ном” байх нь зүйтэй гэж би хувьдаа үзэж байна. Гэхдээ үүнийг ганц яам дангаараа тулгах ёсгүй. Нийгмээрээ хэлэлцэж, судлаачид, багш нарын саналыг авч байж шийдэх ёстой. Яам хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон талын оролцоотой шийдвэр гаргана.
-Таны ажиллаж байгаа 16 хүртэлх насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?
-2025 онд үзэл баримтлал батлагдсан ч Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дахин батлуулах шаардлага гарсан. Одоо Хууль зүй, Цахим хөгжил, Гэр бүл, нийгмийн хамгаалал, Боловсролын яам хамтран үзэл баримтлалыг баталсан. Удахгүй Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барина. Сүүлийн жилүүдэд олон улс ийм зохицуулалт хийж эхэлсэн. Австралид анх шуугиан тарьсан. Дараа нь Франц, Өмнөд Солонгос, Испани зэрэг орнууд зохицуулалт хийсэн. Практик дээр нийгмийн сүлжээ, ялангуяа бага насны хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж буй нь тодорхой болж байна. Гэхдээ бид хуулийг яаравчлан батлахгүй. Нийгмийн зөвшилцөл хамгийн чухал. Бүх талын дуу хоолойг сонсож, амьдралд хэрэгжих боломжтой, “амьтай” хууль гаргахыг зорьж байна.
-Эцэг эх болгон л хүүхдүүдийнхээ сошиал хэрэглээг багасгая гэж байгаа. Энэ утгаараа ийм хуульд эсэргүүцэл гарна гэж харж байна уу?
-Мэдээж дэмжих ч хүн байна, эсэргүүцэх ч хүн байна. Тиймээс л нээлттэй хэлэлцэнэ гэж байгаа. Ардчилал гэдэг бол ярилцаж байж шийдэлд хүрэх үйл явц.
-Үе тэнгийн дээрэлхэлт болон цахим орчин дахь дээрэлхэлтийн асуудлаар ямар байр суурьтай байна. Мэдээж сая ярьсан хуулийн төсөлд уг асуудал голлож тусгагдаж байгаа байх...?
-Нийгэмд нөлөө бүхий залуучуудтай уулзаж, ярилцаж байна. Нөгөөтэйгүүр олон улсын судалгаануудыг харахад дээрэлхэлт бодит орчноосоо илүүтэй цахим орчинд илүү хортой нөлөө үзүүлж байгаа юм. Виртуал орчин дахь доромжлол, дайралт хүүхдийн сэтгэл зүйд илүү гүн дарамт учруулж байгааг судалгаанууд харуулж байна. Тиймээс нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг зайлшгүй батлах шаардлагатай гэж үзэж байгаа. Үе тэнгийн дээрэлхэлтийг яаж шийдэх ёстой вэ гэж. Тэгэхээр зөвхөн дээрэлхсэн хүүхэд буруу гээд асуудлыг хааж болохгүй. Хүүхэд бол хүүхэд. Түүний ааш араншин ихэнхдээ гэр бүлийн орчны тусгал байдаг. Нэг хүүхдийг насан турш нь хар мөртэй үлдээх байдлаар шийдэх нь буруу. Дээрэлхэж байгаа, дээрэлхүүлж байгаа хоёр хүүхэд хоёулаа байна. Гэхдээ хамгийн чухал нь орчин. Хараад зогсож байгаа, инээлдэж дэмжиж байгаа анги, хамт олон бол бүр аюултай. Харин анги, хамт олон нь “Боль” гэж хэлдэг, дэмждэггүй, өөгшүүлдэггүй бол дээрэлхэлт үүсэх орон зай байхгүй болно. Өөрөөр хэлбэл, зөв зүйл ноёлох орчинд буруу зүйл хийхэд хэцүү болдог. Бид ийм л орчныг бий болгох бодлого барьж ажиллаж байгаа.
-Аутизмын хам шинжтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Анхаарах ёстой энэ асуудалд салбар яам ямар бодлого баримталж байна вэ?
-Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүдийг зайлшгүй энгийн хүүхдүүдтэй хамт сургах ёстой. Энэ бол тэгш хүртээмжтэй боловсролын зарчим. Аутизмын гол бэрхшээл нь нийгэмших чадварт байдаг. Нийгмийн орчинд өөрийгөө авч явах, харилцах чадвар сул байдаг. Тиймээс тусгаарлах биш, харин хамтад нь байлгаж, бага багаар нийгэмшүүлэх нь зөв. Хүүхдийг ялгаж салгах нь буруу. Харин хүнд хэлбэрийн тохиолдолд тусгай дэмжлэг, мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай. Гэхдээ нийт бодлого нь хамруулах, дэмжих, нийгэмшүүлэх чиглэлд байх ёстой юм.
-Аутизмтай хүүхдүүдийн хувьд зарим тохиолдолд тусгай анги нээх шаардлага хэрэгтэй гэдэг. Үүнд ямар бодлого баримталж байна вэ?
-Зарим тохиолдолд тусгай анги байгуулна. Гэхдээ тэр нь сургуулийнхаа дотор байх болно. Мөн тусгайлан бэлтгэсэн багшаар хичээллүүлэх бодлого хэрэгжиж байгаа. Энэ бүхэн хууль, журмын хүрээнд явагдаж байна. Боловсролын салбар бол нэг сайд гарч ирээд өмнөх бүх бодлогыг зогсоодог салбар биш. Өмнөх сайд нарын хэрэгжүүлсэн бодлого үргэлжилж явдгаараа явж байгаа. Харин амьдралд нийцэхгүй хэсэг дээр нь засвар, сайжруулалт хийгддэг. Бүгдийг “баллаад” шинээр эхэлдэг ойлголт бол буруу.
-Аутизмтай хүүхэд ангийнхаа хүүхдүүдийг цохиж, маажиж байна. Үүнээс болж бусад хүүхэд цэцэрлэг, сургуульдаа явах дургүй болж, эцэг эхчүүд нь тэр хүүхдийг ангиас гаргах санал гаргаж байна. Ийм үед яах ёстой вэ?
-Энэ бол амьдрал дээр тулгарч байгаа бодит асуудал. Нэг хүүхдийн үйлдлээс болоод бүхэл бүтэн анги хохирох нь бас зөв биш. Нөгөө талдаа тухайн хүүхдийг ялгаварлах нь ч буруу. Ийм нөхцөлд багш, эрхлэгчийн мэргэжлийн ур чадвар маш чухал. Тухайн хүүхэдтэй яаж ажиллах, ангийн уур амьсгалыг яаж зохицуулах вэ гэдэг нь цэвэр сургалтын менежмент, арга зүйн асуудал. Ийм хүүхэдтэй ангид илүү анхаарал, илүү хүн хүч шаардлагатай тул хувьсах зардлаар нэмэлт дэмжлэг олгож байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад илүү санхүүжилт очно гэсэн үг. Энэ боломжийг ухаалгаар ашиглах ёстой.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН


Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ
Бидний араншин...
Сар шинийн баяраар зам тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алджээ
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

Халхгол сумын сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлж байна гэв
Эрдэнэтийн ДЦС-ын ажилчид хувьчлахыг эсэргүүцэж, цалингаа 30 хувиар нэмэхийг шаардан ажил хаялт зарлахыг мэдэгджээ
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя
Зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрч, ан хийх гэж байсан дөрвөн иргэнийг илрүүлжээ
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна
Энэ сарын 28-нд бүх нийтээрээ нөхөж ажиллана
П.Наранбаяр: Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш нарт илүү мэдрэгдэж байгаа
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
Б.Мөнхболор АН-ын генсекээр сонгогдож магадгүй
Байр суурь: Шинийн долоонд буюу өнөөдөр золгодог & золгодоггүй
Засгийн газар бонд гаргахаар болжээ
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү
ЕБС-ийн сурагчдын хаврын амралтын хуваарьтай танилц
Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ
Л.Наранбаатар Ahmad Gilbert-т оногдуулсан 5000 ам.доллароор торгосон торгуулийн шийдвэрээ цуцаллаа
Сар шинийн баярын өдрүүдэд 352 хүн эрүүлжүүлэгджээ
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна
Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлхийн хамгийн том дээл дэлгэгджээ
Д.Тогтохсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар суллагджээ
Филиппинд баривчлагдсан Монгол иргэний асуудлаар Жакарта дахь ЭСЯ болон Өргөмжит консулаар дамжуулан холбогдох арга хэмжээ авч байгаа
М.Мандхай: Боловсруулах салбарын хөгжлийг зах зээлд нь найдах биш, төр бодлого гаргах шаардлагатай
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав
ОБЕГ: Цас, шаварт суусан 23, төөрсөн 9, өндрөөс унах 1, усны ослын 1 дуудлага ирсэн
1072 хувьцаатай иргэдэд 2025 оны ногдол ашиг болох 63,242 төгрөгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.