ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ - /3/

2 цаг 12 минутын өмнө

 

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Монголын төрд гарсан хүмүүс авлигын хэрэгт нэлээдгүй нэр холбогддог. АТГ-аас баривчилж мөрдөн шалгалтыг хийдэг ч гэм буруугаа огтхон ч хүлээдэггүй гэхэд буруутахгүй ээ. Сүүлийн үед Эрчим хүчний яаманд ажиллаж байсан нөхдүүдийг толгой дараалан шалгаж буй ч хэрхэн шийдвэрлэж дээлийн нөмрүүлэх эсэх нь өнөөг хүртэл бүрхэг байна. 

-Б.Насантогтох нарыг үргэлжлүүлэн хорьж шалгаж байна-

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа "М Си Эс Интернэйшнл"-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэр Ч.Ариунтунгалагийн үүсгэн байгуулсан "Эн Ар Жи хөгжил" ХХК-тай компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон байдаг. 

Тэгвэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, түүний эхнэрийн төрсөн дүү Ч.Амгалантөгс болон Б.Насантогтохын эхнэр Ч.Ариунтунгалагийн төрсөн дүүгийн нөхөр Г.Баатар нарыг үргэлжлүүлэн хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

  • Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг мөнгө угаах, нийтийн албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бол
  • Ч.Амгалантөгсийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон, 
  • Г.Баатарыг мөнгө угаах гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан шалгаж байгаа хэмээн АТГ-аас мэдээллээ.

Тэднийг "Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий баримт байгаа" гэх үндэслэлээр үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. АТГ-аас дээрх хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллаагаар Б.Насантогтохын гэр болон түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөг нэгжлэгээр хураан авсан тухайгаа ч олон нийтэд зарласан. Харин хэрэг яаж шийдэгдэж, ямар ял шийтгэл оноох нь бас л бүрхэг хэвээр. 

-Д.Тогтохсүрэн хугацаанаасаа 13 хоногийн өмнө суллагдав-

Мөн "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон. Гэтэл сар шинийн өмнө буюу хугацаанаасаа 13 хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаантай хэмээн суллагджээ.

Тэрээр МАН 2016 оны сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхын суудал авах үед аймгийн Засаг даргын эрэмбээс өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон нэгэн. Хоёр ч удаа парламентад гишүүнээр сууж, 2024 оны сонгуулиар харин өөртөө дэндүү бардаж явсаар өвдөг шороодсон юм. Гэсэн ч тэр гудайсангүй "Монголросцветмет" ТӨҮГ буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргын суудалд заларсан.

Түүнийг гэртээ ₮100 саяын хахууль авч байхад АТГ үйлдэл дээр нь барьсан тухай бид өмнө нь мөн л мэдээлсэн. Түүнийг "Гала" хамтлагийн дуучин, Г.Болорцэцэгийн аавынх нь найзаас авсан гэх мэдээлэл бий.

Г.Болорцэцэг бол Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгийн эгчийнх нь хүүхэд. Тус мөнгөний эх үүсвэр, серийн дугаар зэрэгт АТГ-ынхан шалгалт хийж, холбогдох хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалжийн мэдээллээр Д.Тогтохсүрэн Төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт холбогдсон гэгдэж буй. АТГ-ынхан урьдаас шалгаж байсан бөгөөд /2026.01.26/-ны өдөр ийн гардсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан шалгаж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Гэтэл хугацаанаасаа 13 хоногийн өмнө буюу /2026-02-16/-ны өдөр суллагджээ.

Ингэхдээ "хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" хэмээн тус шүүх хурлын шүүгчээр ажилласан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун тоймдоо дурджээ.

Ард түмэн түүний эл хэргийг хэрхэн шийдэгдэхийг хүлээж суулаа. Гэтэл сар шинийн баяр хэмээн олныг анхаарлыг сарнисан үед ийнхүү суллаж орхиж. Учир нь Д.Тогтохсүрэн эхний удаагаа АТГ-т шалгагдаж буй хэрэг биш юм аа. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар шалтаглан ял оноогдвол мөн л эдлэхгүй нь бололтой. 

-Н.Тавинбэхийг үргэлжлүүлэн нэг сар, П.Товуудоржийг үргэлжлүүлэн 15 хоногоор цагдан хорьжээ-

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон.

Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг АТГ-аас /2026-01-14/-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Улмаар П.Товуудоржийн дүү суллагдаж Н.Тавинбэх, П.Товуудорж нар нэг сарын хугацаатайгаар хоригдсон байдаг.

Тэдний цагдан хориог сунгах эсэхийг сар шинийн өмнө дэнсэлж, Н.Тавинбэхийг нэг сараар, П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж шийдвэрлэжээ. Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнгийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин сайдын суудлаасаа буухдаа шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнтэй гар барьж, яамныхаа ТНБД-аар үлдэж байсан.

Харин П.Товуудорж нь Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул. 2020-2021 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2022 оноос одоог хүртэл буюу Б.Чойжилсүрэнг сайдаар ажиллаж буй энэ цаг үед Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж буй нэгэн.

АТГ-аас сүржин даржин баривчилгаа хийгддэг хэрнээ ял оноож аавынх руу явдаг нь хэд юм бол доо хөөрхийс. Төрийн суудалтай заларч хулгай зэлгий хийчихээд наранд байдаг нь монголын хууль хүчгүй, төрийн босго дэндүү нам болсны илрэл ч гэмээр. Төрд суусан эрх мэдэлтнүүдийн дуулиан ч үл тасарна.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Цас орж, цасан шуурга шуурна4 цаг 21 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.