Б.Энхбаяр: Д.Амарбаясгалангийн хувьд прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан шүүхэд удахгүй шилжүүлэх байх

1 цаг 41 минутын өмнө

Олон асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн

 

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдаа оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Таны хууль, хяналтын байгууллагад шалгуулж байгаа хэргүүд ямар шатандаа явж байна вэ?

-Олон асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, хэрэг үүсгэн шалгаж байгаа хавтаст хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж бий.

Хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлууд одоогоор хавтаст хэрэг нээн шалгагдаж байна. Хамгийн сүүлд буюу дөнгөж саяхан Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг прокурорт шилжүүлж, хэрэг бүртгэл нээсэн тухай албан бичиг надад ирсэн.

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай холбоотой хэрэг юу болж байна вэ?

-Д.Амарбаясгалангийн хувьд прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан. Иймд удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

МАН-ын өнөөдрийн Бага хурлаар эдгээр асуудлыг хэлэлцэх үү?

-Бага хурлын хүрээнд гэмт хэргийн шинжтэй асуудлыг хэлэлцэхгүй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат бага хуралд оролцож байгаа нь хэр зүйтэй вэ?

-Цагдан хоригдсон этгээдийн хувьд цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавин шалгаж байгаа нь гэм буруугүй гэсэн дүгнэлт биш. Хэргийг хэрхэн шалгах, ямар шийдвэр гаргахыг шүүх байгууллага шийднэ.

Ж.Мөнхбатын тухайд Монгол Улсад ирсэн байна. Тухайн үед шүүгчийн захирамж гарсан ч хилээр гарах үед нь хилийн хориг байгаагүй гэх мэдээлэл байна. Харин дараа нь цагдан хорих шүүгчийн захирамж гарчээ. Улмаар өөрөө шүүхэд хандан хилийн хоригийн хязгаарлалтаа өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу эх орондоо ирсэн бөгөөд үүний дараа шүүхээс хилийн хориг тавьсан байна. Одоогоор Монгол Улсаас гарах боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ долоо хоногийн Лхагва гариг буюу хоёрдугаар сарын 25-нд прокурорын захирамж гарч, бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.