ТОЙМ МЭДЭЭ

1 цаг 54 минутын өмнө

Хаврын улстөр ч халуухан буцлах төлөвтэй байна

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛСТӨР: Хаврын улстөр ч халуухан буцлах төлөвтэй байна.

Эрх баригч нам өчигдөр бага хурлаа хийж морин жилийн улс төрөө эхлүүллээ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нар мөн л чөлөөлөгдлөө.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Ж.Мөнхбат эргэн ирж намынхаа хуралд сууж байгаа нь энэ хаврын улстөрийг буцалгах эхлэлийн нэг сэдэв боллоо. Дашзэгвийн Амарбаясгалан бол сүүлийн жилүүдэд МАН-ын эрх мэдлийн төвд байсан хүн. Сонгуулийн ялалт, намын бүтэц, Засгийн газрын тогтвортой байдлын ард түүний зохион байгуулалт явсан гэж нам дотор үнэлдэг. Жамъянгийн Мөнхбат нэгэн цагт намын дотоод зөрчил, шүүмжлэл, хэрэг маргааны улмаас улс төрийн тайзнаас шахагдсан ч намынхаа хуралд албан ёсоор оролцож буй нь МАН-д “мөнхийн дайсан гэж байдаггүй” гэх бичигдээгүй дүрмийг батлав. Эндээс асуулт ургана. МАН үнэхээр сахилга, ёс зүйгээр шийдвэр гаргав уу, эсвэл улс төрийн шинэ тэнцвэр тогтоож байна уу? Учир нь Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал бол зүгээр нэг намын ажилтан биш. Энэ бол эрх мэдлийн зангилаа, мэдээллийн урсгал, хүний нөөц, сонгуулийн стратегийг атгадаг байр суурь. Тиймээс энэ албыг хашиж байсан хүмүүсийн хувь заяа намын дотоод бодлогын жинхэнэ чиглэл байж ирсэн бичигдээгүй хуультай билээ.

-Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарын МАН-ын гишүүнээс чөлөөлөгдөх болсон үндэслэл-

МАН-ын 2-р Бага хурал өчигдөр болж өндөрлөв. Энэ үеэр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний дэд сайд асан Н.Тавинбэх, МАН-ын гишүүн А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлж буйгаа мэдэгдлээ.

Тэрээр "Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ. Авлига Монголыг идэж байна. Авлига Ардын намыг идэж байна. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

1. Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,

2. Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

3. Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя. Авлигын эсрэг чөлөөлөлтийг ардын нам өөрөөсөө эхэлнэ. Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ. Ардын нам эрх чөлөөг хамгаалж түмнийхээ сэтгэлд, иргэдийнхээ итгэлд дахин төрнө. Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг алагчлалгүй ивээх болтугай" гэв.

НИЙГЭМ: Улсын нэгдүгээр эмнэлгийн даргын халгаа сэлгээнээс үүдэж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсжээ

Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/ нь улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1200 гаруй хүнд үйлчилдэг. Яаралтай тусламжийн тасгаар цагт 70 орчим хүн хүлээн авч, өдөрт 60 гаруй төрлийн мэс ажилбар хийдэг өндөр ачаалалтай байгууллага юм. Гэвч сүүлийн үед удирдлагын богино хугацааны халаа сэлгээ, хэт улс төржилтөөс шалтгаалан эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох нөхцөл үүсжээ.

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ц.Ганбат “Манай тасаг 24 ортой ажилладаг. Харин яаралтай тусламжийн 12 ор засварт орсноос үүдэн ачаалал эрс нэмэгдсэн. Засвар найман сар үргэлжилж байгаа ч одоогоор бүрэн хүлээлгэн өгөөгүй байна. Өмнө нь эмнэлгийн удирдлага жилд нэг, хоёр удаа солигддог байсан бол сүүлийн үед энэ байдал улам дордож, долоо хоногт хэд хэдэн удаа дарга солигдох тохиолдол гарч байна. Хэтрүүлэн хэлбэл, нэг өдөрт хоёр, гурван удаа удирдлага өөрчлөгдөх явдал ч гарч байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” хэмээн ярив. Түүнчлэн УНТЭ-ийн эмнэлгийн төлөөлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дарга О.Чойдог “Эмнэлгийн төлөөллийн албаны дарга болох ёстой есөн гишүүнээс дөрвийнх нь нөхцөл байдал тодорхойгүй байна” гэв.

Төлөвлөлт, үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Чойдог “Эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг ТУЗ шийдвэрлэдэг. Гэвч ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, шийдвэр гаргаж байгаа эсэх нь асуудалтай. Зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, гадагшаа урт хугацаагаар явсан зэрэг асуудалтай байгаа. Есөн гишүүний 4 нь ТУЗ-ийн албан ёсны гишүүн мөн эсэх нь тодорхойгүй байхад тэр даргыг томил, тэр даргыг ажлаас нь чөлөөл гэсэн шийдвэр тогтоол ирээд байдаг. Гэсэн хэдий ч хурлын тэмдэглэл, зөвлөлийн гишүүд бүрэн санал нийлж шийдвэр гаргасан гэсэн гарын үсэг ирүүлээгүй” хэмээн ярилаа.

Удирдлагын тогтворгүй байдал үргэлжилж буй нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн урсгал доголдох эрсдэл үүсгэж байгааг эмч, ажилтнууд анхааруулж байна. Тэдний хэлснээр төсөв, худалдан авалтын шийдвэрүүд удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын зарим хэрэгсэл болон эмнэлгийн зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл тулгараад байгаа аж.

Дээрх үйл явдлаас үүдэж дурангийн мэс засал хийлгэх иргэдэд багаж төхөөрөмж тасалдсны улмаас нээлттэй орж ихээхэн хүндрэл гарч буй хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн цочирдуулав.

ЭДИЙН ЗАСАГ: Сарын дотор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2,7 хувиар өсжээ

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх долоо хоногоос 0.03 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор 2,7 хувиар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн үг. 

Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг нь 19314 төгрөг, үхрийн мах кг нь 24765 төгрөг, ямааны мах кг нь 14820 төгрөг, сонгино кг нь 4329 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр гурил кг нь 2507 төгрөг, сүү /задгай, литр/ 4997 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4966 төгрөг, дотоодын төмс кг нь 2812 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна. Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар харвал, хонины мах кг нь 16552 төгрөг, үхрийн мах кг нь 22185 төгрөг, ямааны мах кг нь 13834 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Мөн нэгдүгээр зэргийн гурил кг нь 2816 төгрөг, сүү /задгай, литр/ 5271 төгрөг, элсэн чихэр кг нь 4208 төгрөг, цагаан будаа кг нь 4143 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2819 төгрөг, А-80 /литр/ 2432 төгрөг, дизель түлш /литр/ 3440 төгрөгийн үнэтэй байна.

СПОРТ: Улсын арслан Э.Батмагнай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргадаг болсноор үндэсний бөхийн өрсөлдөөн шинэ шатанд гарч, онооны өрсөлдөөн улам ширүүсэх болсон. Тус холбоо Devjee.mn сайтын албан ёсны мэдээлэлд тулгуурлан барилдааны амжилтыг оноожуулж, бөхчүүдийн чансааг шинэчлэн зарлалаа. Бөхчүүдийн чансаа нь тухайн барилдаанд хэд давснаас шууд хамаардаг. Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд түрүүлбэл 2000 оноо, үзүүрлэвэл 1500, их шөвөгт шалгарвал 1000, зургаа давбал 600 оноо гэх мэт шатлалтайгаар оноо олгодог.

Харин аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд түрүү 1000, үзүүр 600, зургаа давбал 500 оноо авах жишээтэй. Аймгийн начин, харцага цолтой бөхийн барилдаанд оролцсон тохиолдолд 40 оноо, найм давбал 750 оноо хүртэл авах боломжтой бол сумын цолтой бөхийн барилдаанд 4 даваанаас эхлэн 30 оноо авч, 10 давж түрүүлбэл 400 оноо хүртдэг. Энэ шатлал бүхий онооны систем нь бөхчүүдийн идэвх, амжилтыг бодитоор үнэлж, жилийн турш тогтмол барилдсан бөхчүүд чансаагаа ахиулах нөхцөлийг бүрдүүлж байна. Шинэчилсэн чансааг дараах нэр бүхий бөхчүүд өнгөлж байна.

  • Э.Батмагнай – Улсын арслан
    Н.Амгаланбаатар – Аймгийн хурц арслан
    Ц.Бямба-Отгон – Улсын арслан
    Б.Бат-Өлзий – Улсын заан
    С.Сүхбат – Улсын заан
    Д.Алтанцоож – Аймгийн хурц арслан
    М.Баяржавхлан – Аймгийн арслан
    О.Хангай – Улсын аварга
    Б.Даваа-Очир – Улсын начин
    Б.Зоригтбаатар – Улсын харцага

СОЁЛ УРЛАГ: “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу XVII жарны гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа.

“Чингис хаан” үндэсний музейд болсон ёслолыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн нээж үг хэлэв.Тэрбээр монгол соёл иргэншлийг үүсгэн цогцлоож, даян дэлхийд Монголын амар амгаланг тогтоосон, эртний язгуур түүхтэй, давтагдашгүй баялаг соёлтой ард түмний бүтээсэн агуу туурвилын нэг нь баатарлаг тууль гэдгийг онцлов.

Мөн баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалахын чухлыг хэлж, үүнд идэвх санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтан магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлсны дараа төрийн залгамж хэлхээ тасаршгүй, түмэн олон амгалан байхыг бэлгэдсэн агуулга бүхий “Эзэн улаан бодон” тууль хайллаа.

Монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тууль судлаач, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, тууль судлаач, доктор Б.Нанжид нар тайлбарлажээ.

Монгол туулийг ЮНЕСКО 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн, түүний үнэ цэнийг дархалж, хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч, дэлхий дахинд баталгаажуулсан юм.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ1 цаг 54 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.