Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

2 цаг 13 минутын өмнө

Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Тамхи татах зуршлыг эрүүл мэндэд хортой, орчиндоо сөрөг нөлөөтэй гэдгийг урт хугацаанд туршигдсан хэрэглээний явцад шинжлэх ухаан нотолсон хэдий ч энэ нь тамхины хэрэглээг халах хангалттай шалтгаан болж чаддаггүй.

Харин хэрэглээг яаж хянах, хор нөлөөг нь хэрхэн бууруулах вэ гэдэг шийдэл рүү тамхийг хувиргах технологийн судалгаа, инновацид үйлдвэрлэгчид эрчимтэй хөрөнгө оруулсны үр дүнд янжуурыг орлох олон бүтээгдэхүүн бий болсон. Энэ нь ойрын ирээдүйд уламжлалт утаат тамхийг бүрэн халах чиг хандлага юм. Тийм ч учраас дэлхийн хөгжингүй улс орнууд тамхин хэрэглээг хянах бодлогоо энэхүү чиг хандлагатай нийцүүлээд удаж байгаа бол Монгол Улс Тамхины хяналтын тухай хуульдаа арав гаруй жилийн дараа өөрчлөлт оруулж, утаагүй тамхин бүтээгдэхүүнийг эрх зүйн зохицуулалттай болгохоор төсөл боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж байна.

Утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээг бодлогоор зохицуулсан улс орнуудад янжуур тамхины хэрэглээ багасч, тамхидалтыг 30-50 хувиар бууруулсан үр дүн тэмдэглэгджээ. Тухайлбал, 2011-2023 оны хугацаанд нэг хүнд ногдох янжуур тамхины борлуулалт Японд 52.6 хувиар, АНУ-д 45 хувиар тус бүр буурчээ. Утаагүй бүтээгдэхүүнүүд нь тамхины гол найрлага болох никотиныг агуулдаг ч утаа бус уур буюу аэрозоль ялгаруулдаг нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний хувьд утаат янжуураас хавьгүй бага гэж үздэг. Тэдгээрийн нэг болох халаадаг тамхи нь технологи шингээсэн бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэлийн өртөг нь янжуур болон электрон тамхинаас өндөр байдаг тул бодлогын зохицуулалттай улс орнууд онцгой албан татварыг нь янжуурынхаас багаар тогтоож өгснөөр янжууртай ойролцоо үнээр худалдаалагдах нөхцөл бүрддэг байна. Монголчууд халаадаг тамхийг хэрэглэх болсон ч хууль зүйн орчин байхгүйгээс гадаадаас гар тээшээр зөөвөрлөн авчирч нэг нэгдээ худалдаалах байдлаар хэрэглэж байна . Дэлхийн дунджийг аваад үзвэл халаадаг тамхины онцгой албан татвар янжуурын татвараас 50 хувиар бага байгаа юм. Хөгжингүй орнууд багтдаг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнуудад дунджаар 56 хувиар бага бол Европын Холбоонд дунджаар 60 хувиар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байрладаг Швейцарь улсад бүр 78 хувиар бага байна. Учир нь шаталт явагдахгүй учраас янжуур тамхины утаатай харьцуулахад халаадаг тамхинд хортой болон хортой байж болзошгүй бодис дунджаар 90-95 хувиар бага болохыг нотолсон судалгаанд үндэслэн энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлдэг байна. АНУ-ын Хүнс, эмийн газраас халаадаг тамхины нэгэн брэндийг 3.5 жилийн турш шилжилсний үндсэн дээр түүнийг эрсдэл багатай тамхин бүтээгдэхүүн (modified risk tobacco products) хэмээн сурталчлахыг зөвшөөрчээ. Үйлдвэрлэгчид тухайн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын өмнө ийм судалгааг хийлгэдэг гэсэн үг. Тус бүтээгдэхүүнийг судалгааны дүгнэлтэд “тамхи халаах систем нь тамхийг шатаахгүй, харин халаадаг учраас янжуур тамхины утаатай харьцуулахад хортой болон хортой байж болзошгүй химийн бодис ялгаруулах нь мэдэгдэхүйц бага болохыг нотолсон” гэж дүгнэжээ. Хордолтын үнэлгээгээр янжуурын утаатай харьцуулахад түүний аэрозольд хорт хавдар үүсгэж болзошгүй бодис, мөн амьсгалын замын эсвэл нөхөн үржихүйн эрүүл мэндийг гэмтээх химийн хорт бодисуудын хэмжээ мэдэгдэхүйц бага болохыг мөн тогтоолоо” гэсэн байна. Мөн Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны харъяа Нийтийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн судалгаагаар “ гол урсгалын утаанд агуулагдах хортой нэгдлүүдийн хэмжээ нь уламжлалт шатаадаг янжуур тамхитай харьцуулахад мэдэгдэхүйц бага” гэж дүгнэсэн  байна. Янжуураас халаадаг тамхи, электрон тамхи зэрэг үл шатах бүтээгдэхүүн рүү шилжсэнээр янжуур үргэлжлүүлэн татсантай харьцуулахад зүрх судасны өвчний эрсдэл буурч байгааг БНСУ-ын 5,159,538 эрэгтэйн дундах үндэсний хэмжээний судалгаа мөн нотолжээ. Уг судалгааг БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамнаас санхүүжүүлсэн байна.

Өнгөрсөн жил нийтлэгдсэн клиникийн судалгаагаар янжуур тамхинаас гарч, хоёр ба түүнээс дээш жил халаадаг тамхи хэрэглэсэн хүмүүсийн хүчилтөрөгчийн хангамж, хүний генд үзүүлэх хор нөлөө, үрэвсэл, исэлдэлтийн стресс, өөх тосны солилцоо, эндотелийн үйл ажиллагаа, ялтасны идэвхжил, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зэрэг боломжит хор хөнөөлийн есөн биомаркерийн (BoPH) үзүүлэлт янжуур татагчдынхаас хавьгүй илүү сайн гарчээ.

Харин манай УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулиар янжуур болон халаадаг тамхийг нэг ангилалд оруулан ижил хувь хэмжээгээр татвар ногдуулахаар өргөн мэдүүлээд байгаа юм. Хэрэв онцгой албан татварын хэмжээ ижил тогтоох тохиолдолд борлуулалтын үнийн хувьд янжууртай өрсөлдөх боломжгүй аж. Хуулийн төсөлд заасны дагуу онцгой албан татварын хувь хэмжээг 2026 онд 139%, 2027 онд 100%, 2028 онд 50%, 2029 онд 33%, 2030 онд 25%-иар цаашид нэмэгдүүлэх явцад дээрх үнийн ялгаа улам бүр ихсэх бөгөөд насанд хүрэгчид янжуураас өөр сонголтгүй болохоор байна. Түүнчлэн энэ тохиолдолд албан ёсны импортын худалдаа Монголын зах зээлд хөл тавихгүй. Иргэд ингэлээ гээд хэрэглээгээ зогсоохгүй учраас өмнөхийн адил гар тээшээр татваргүй зөөсөөр байх нь тодорхой бөгөөд албан ёсны импортлогчдоос авах татварын орлогыг алдана гэсэн үг юм. Мөн бүх шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болон дагалдах хэрэгсэлд 30 хувийн гаалийн татвар ногдуулахаар холбогдох тогтоолын төсөлд тусгасан нь Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) амласан гаалийн татварын дээд хязгаар 6.5-20 хувиас хэтрэхгүй байх тохиролцоог зөрчиж, ДХБ-ын гишүүн орнууд гомдол гаргах нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Ийнхүү хуулийн төслийг санаачлагчид хатуу байр суурь илэрхийлж байгаа нь янжуурын зах зээлийг хамгаалах зорилготой гэх хардлагыг ч төрүүлээд буй юм.       

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.