“АРА Комплекс”-т анх удаагаа морин тойруулгын уралдаан болно

1 цаг 51 минутын өмнө

“АРА Комплекс”-т анх удаагаа морин тойруулгын уралдаан болно

Архангай аймгийн “АРА Комплекс”-т гуравдугаар сарын 6-нд хаврын морин тойруулгын уралдаан нээлтээ хийх гэж байна. 

Монголд анх удаа зохион байгуулж буй хаврын уралдаан нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гарагт уралдаан болох юм.  Монголд анх удаа морьдыг гараанаас нэгэн зэрэг гаргах төхөөрөмжтэй олон улсын стандартын 2.4 км урт, 12 метр өргөн морин тойруулгын замтай, явцыг бүрэн харах боломжтой шууд дамжуулалт хийхээс гадна 500 үзэгчийн суудал бүхий орчин үеийн цогцолборт энэхүү уралдаан болох юм.

Уралдах морьдыг 18-аас дээш насны жокей унаач унах бөгөөд оролцогчид 400 мянган төгрөгийн хураамж төлөх ажээ.

Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулахдаа дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах юм. Улмаар баасан, бямба гараг бүрийн уралдаанаас шалгарсан морьд энэ сарын 28-нд гранпри шагналын төлөө уралдах бөгөөд энэхүү уралдааны нийт шагналын сан 120 сая төгрөг байх аж. Өнгөрсөн жилийн наймдугаар сард “АРА комплекс” анх удаа “Ара кап” богино зайн морин тойруулгын уралдааныг зохион байгуулсан. Дашрамд дурдахад, Монголд мэргэжлийн сургалтад хамрагдан үнэмлэх авсан бүртгэлтэй албан ёсны 20 жокей байдаг байна.

“Ара комплекс” нь Архангай аймгийн төвөөс найман км-ийн зайд байрладаг бөгөөд Монголын анхны чингэлэг стадион болон морин тойруулгын талбай бүхий соёл, спорт, аялал жуулчлалын томоохон байгууламж юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.