Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараасан бол зөрчил хэмээн үзнэ

1 цаг 26 минутын өмнө

Монгол Улсын иргэд шударга шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг

Хуульч, өмгөөлөгч Т.Сумъяабазартай иргэдийн шүүхэд итгэх итгэлийн талаар ярилцлаа.


-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн ял эдэлж байсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өөрийн цахим хуудсандаа өөрийгөө гэм буруугүй, шүүх намайг гүтгэсэн гэх агуулгатай мэдэгдэл гаргасан. Иргэдийн хувьд шүүх үнэхээр хууль бус шийдвэр гаргасан юм уу хэмээн эргэлзэж, шүүмжилж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Ерөнхийдөө иргэдийн шүүхэд итгэх итгэл буурч байна гэсэн үг. Шүүхэд итгэх иргэдийн итгэл гэдэг нь Монгол Улсын иргэд шударга шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг л юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр шударгаар шүүлгэх нийтлэг үндсэн эрхтэй. Тухайн хүн хэн байхаас үл хамааран энэхүү эрхээ эдэлнэ. Хамгийн гол нь энэ эрхээ баталгаатай эдлэх ёстой. Харин сүүлийн үед нэг асуудал хөндөгдөж байна. Шүүхийн шийдвэр хууль бусаар гардаг. Хэн нэгэн улстөрч, мөнгөтэй хүн шүүхэд нөлөөлөх замаар бусдыг хэлмэгдүүлдэг гэх агуулга олон нийтийн сүлжээгээр явж байгаа. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы кейсийн хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу орлогоо нотолж чадаагүй. Энэ нь гурван шатны шүүхээр тогтоогдчихсон. Үүнийг ганцхан шүүх шийддэггүй. Эхлээд гомдол мэдээлэл гаргаад, цагдаагийн байгууллага, АТГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Үүнд прокурор хяналт тавьсны үндсэн дээр “Энэ хүн гэмт хэрэг үйлджээ” гэх саналыг шүүх рүү явуулна. Шүүхээс тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн байна. Нийгэмд аюултай, үйлдэл хийсэн үү, үгүй юу гэдгийг шийддэг. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоод, ял шийтгэлээ эдэлж гарч ирээд “Би гэм буруугүй. Намайг хэлмэгдүүлсэн

Шүүх хэн нэгэн улстөрчийн өгсөн даалгавраар надад ял оноосон” гэх нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах гэсэн, магадгүй улс төрд буцаж ирэх гэсэн явуулга байж болно. Шүүх намайг гүтгэсэн хэмээн шүүх эрх мэдлийг ганхуулж, дайрч буй нь иргэдийг шударга шүүхээр шүүлгэдэг гэдэгтээ эргэлзэхэд хүргээд байгаа юм. Үүнээс үүдээд, шоронд байгаа бүх хүн гарч ирээд “Би гэм буруугүй байсан. Шүүх намайг гүтгэсэн” гэвэл яах вэ. Цаашдаа иргэд юунд итгэх юм бэ гэх асуудал хөндөгдөж байна.

-Гэхдээ энэ нь нэг талдаа үзэл бодлоо илэрхийлж буй нэг хэлбэр биз дээ?

-Хэн нэгэн хүн үзэл бодлоо илэрхийлж буй мэт боловч нөгөө талдаа иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах аюултай. Нэгэнт шүүх шийдвэрээ гаргаад, тухайн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаад, эцэслээд шийдчихсэн байхад зөв, эсвэл буруу гэж шүүх эрх Монгол Улсын аль ч иргэнд байхгүй. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийг гурван шатны тогтолцоотой болгосон. Энэ нь цаана шүүхийг зөвхөн шүүх л шүүнэ шүү гэсэн агуулгатай. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүгч л хэрэгжүүлнэ. УИХ-ын томоохон албан тушаалтан, эсвэл хэн нэгэн хүн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй болохоороо шүүх буруу шүүж, намайг хэлмэгдүүлсэн гэх ойлголтыг олон нийтэд өгч, өдөөн турхирч, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулж буйд хуульч хүний хувьд харамжсаж байна.

-Хамгийн гол нь захиалгаар ял оноодог гэх агуулга байна шүү дээ. Үнэхээр ийм зүйл байх боломжтой юу?

-Шүүх захиалгаар хэрэг маргаан шийдвэрлэдэг гэдгийг хэн нэгэн хүний үг, үзэл бодлоор хэмжиж болохгүй. Хэрэв үнэхээр өөрийг нь шүүсэн шүүгч, прокурор гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол үүнийгээ цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл өргөдөл гомдол гаргаад, албан ёсны шийдвэр гараагүй байхад хэн нэгэн этгээдийн захиалгаар шүүх засаглал ажилладаг мэтээр олон нийтэд ойлгуулах чинь өөрөө шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж буй хэрэг.

Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Харин улстөрчдийн гар хөл болж, гүйцэтгэх эрх мэдэлд захирагдаж шийдвэрүүд гаргасан мэтээр нийгэмд ойлголт төрүүлж болохгүй. Үүний үр дүнд иргэд хэнд итгэх вэ гэх асуудал гарч ирнэ. Цаашид иргэд юунд итгэх юм бэ. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхэд халдаж буйгаас ялгаагүй. Дээр нь шүүхийн болон шүүгчийн хараат бус халдашгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй. Айдаст автуулдаг. Магадгүй тухайн шүүгчийн дараа дараагийн шийдвэрүүдэд нөлөөлөх гэсэн халдлага ч байхыг үгүйсгэхгүй. Шүүн таслах ажиллагаанд иргэдийн итгэх итгэлийг сулруулах нь улстөрчдөд л ашигтай. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэл бий. Энэ гурван эрх мэдэл харилцан бие биенээсээ хараат бус байх ёстой. Гэтэл энэ гурвын аль нэг багана ганхаж эхэлбэл Монголд хуулийн хямрал бий болно. Иргэд шүүхийн шийдвэртээ итгэхээ болиод ирвэл шүүхээр маргаан шийдвэрлүүлж буй хүн бүр “Намайг, хэлмэгдүүлчихлээ. Надад захиалагаар ял өгсөн” гэх сэтгэлгээ хандлага нүүрлэнэ. Шүүх эцсийн шийдвэрээ гаргасан бол маргаж, мэтгэлцэж, шүүж болохгүй. Энэ бол үндсэн зарчим.

Гэтэл шүүх буруу шийдвэр гаргаж, улс төрийн аргаар ял оногдуулсан мэтээр мэдээлж буй нь иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга шүүхээр шүүлгэх итгэл үнэмшлийг үгүй хийж байгаагаас ялгаагүй.

-Тэгвэл шүүхэд итгэх иргэдийн итгэлийг хэрхэн, яаж хамгаалах юм бэ. Өөрсдийгөө гэм буруугүй хэмээн зарладаг эдгээр хүмүүст арга хэмжээ авах боломжтой юу?

-Нэгдүгээрт, Монгол Улсын хувьд шүүн таслах тогтолцоо харьцангуй нээлттэй болсон. Тодруулбал, иргэн бүр хүссэн шүүхийн шийдвэрээ “Шүүх.мн”-ээс ороод харж болно. Яагаад энэ хүнийг гэмт буруутайд тооцсон юм. Ямар хуулийг зөрчсөн гээд, шүүхийн хийсэн дүгнэлтийг ороод харах бүрэн боломжтой. Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой шүүх хуралдааныг нээлттэй явуулдаг болсон. Эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаан, давж заалдах, хяналтын шатны хуралдаан бүгд нээлттэй. Ялангуяа авлига албан тушаалын гэмт хэрэг буюу улстөрчидтэй холбоотой шийдвэрүүд нээлттэй байгаа гэсэн үг. Үүнийг хүн бүр орж хараад, зөв эсвэл буруу шийдвэр байна гэдэгт эрх зүй, ухамсарт оюуны дүгнэлт өгөх эрх нь нээлттэй. Шүүгч нар давхар тойм бичиж байгаа. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийн талаар нийтэд буруу мэдээлэл өгч буй энэ мэт үйлдлүүдийг 2024 оноос Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхийн тухай хууль зөрчсөн гэж үзээд, шийтгэл оногдуулдаг болсон. Шүүхийн шийдвэрийг гуйвуулан ташаа байдлаар бусдад түгээсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болсон. Нэг ёсондоо гурван шатны шүүхээр гэм буруутай гэдэг нь тоогтоогдчихсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээл нийтэд тараасан бол Зөрчлийн хуулиар зөрчил хэмээн үзнэ.

 

А.Даваадулам



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins1 цаг 53 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.