Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа

2 цаг 52 минутын өмнө

 

Урьд нь, “…МАН-ын Бага хурал хуралдах нь” гэдэг мэдээ олон нийтийн анхаарал сонирхлыг төдийлэн татдаггүй байв. Учир нь, урьдаас яригдсан улс төрийн шийдвэрийг албажуулан баталгаажуулдаг нэг “шат” болдог байлаа. Харин сүүлийн үед энэ ойлголт өөрчлөгдсөн. МАН-ын Бага хурал дээр яригдаж зарлагдсан зүйлүүд улс төрийн шийдвэр болж цааш явдаг болов. Засгийг задална, Ерөнхий сайдыг огцруулна. Тэр утгаараа, олон нийтийн анхааралд байдаг болсон. Гэнэтхэн шахам зарлагдсан тус II Бага хурлын өмнө ч элдвийн таамаг мэдээ тасраагүй юм. Гэхдээ, Бага хурлын эхэнд МАН-ын даргын илтгэлд орж зарласан мэдээлэл хурал болохоос өмнө яригдаж байснаас илүү дуулиан тарьсан юм.

МАН-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл тавьсан. Түүгээрээ “…МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэж мэдэгдсэн юм.

Эдгээр нэрийг зарлахаасаа өмнө “…Танилын нүүр халуун хэдий боловч та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө илүү хайран байна. “…Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу” гэдэг сонголтын өмнө та бид ирлээ. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. “…Монголын маргааш дуусахгүй” гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна. Намын Үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа МАН-ын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя” гэсэн.

Н.Учрал МАН-ын дарга болоод урьдын уламжлалыг дагаж Ерөнхий сайд бололгүй УИХ-ын даргаар сонгогдсон. УИХ-ын дарга бол “ярьдаг” л албан тушаалтан гэдэг. Гэхдээ тэрээр “...Чөлөөлье” хэмээн яриад удалгүй намынхаа асуудалд холбогдсон зарим гишүүнийг чөлөөлөх мэдэгдлийг хийлээ. Нэр дурдагдсан дөрвөн хүнээс “зарлахад” хамгийн хүнд нь мэдээж Д.Амарбаясгалан байсан байж таарна. Х.Булгантуяа ч ялгаагүй. Тэд МАН-ын удирдлагад олон жил хамтдаа зүтгэж өдий зэрэгт хүрцгээсэн. Д.Амарбаясгалан 2009 оноос МАН-ын ХЭГ-ын ХМОНХХ-ийн даргаар, Н.Учралын тухайд 2012 оноос Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн даргаар тус намын аппаратад орж ажилласан. Улмаар, 2015 онд Д.Амарбаясгалан МАН-ын сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, Н.Учрал НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, 2016 оноос Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Н.Учрал 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ утгаараа, тэд нэг үеийн улстөрчид юм. Тиймээс, Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан тухай эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ тэр чадлаа. Одоо тэрээр орон нутагт ажиллах үеэрээ ёс зүйн болон эрх зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжиж, батлахад манлайлан ажиллахаа амлаж явна.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 42 (7784)



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.