
Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Өргөн уудам газар нутгаараа бахархдаг хэдий ч нийслэл хотдоо тэн хагас нь шахцалдан амьдарч байна. Харин дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй, одоо л хар замаар дөнгөж холбогдож байгаа 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийг хөдөө амьдарч байгаа нэг сая орчим иргэд л эзэнтэй байлгаж өдийг хүрсэн. Гэвч сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хотыг чиглэсэн, суурин газар бараадсан нүүдэл элсний нүүдэл шиг алгуур боловч эргэлт буцалтгүй нүүсээр хөдөөгийнхний асуудал бараг хөсөр хаягдахдаа тулсаныг ч бид анзааралгүй өдийг хүрчээ.
Тиймээс ч нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээрээ энэ удаад хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, тэр дундаа эмэгтэйчүүдийн асуудлуудыг хөндөж байна.
Тэнд ямар асуудал байна, нийгмийн харилцаанд орж чадаж байна уу, төрийн болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай авч чадаж байна уу, нийгмийн ужгирсан асуудлууд далд байдлаар цэцэглэсээр нуруун дээр нь ачаа болж байна уу эсрэгээрээ эмэгтэйчүүдээс шалтгаалсан нийгмийн асуудлууд үүсээд байгаа юм биш биз гээд олон асуултад хариулт хайхаар энэ нийтлэлээ эхлүүлж байна.
Орон нутгийн эмэгтэйчүүдийн асуудал гэдэг тийм ч шинэ сэдэв биш. Жил бүрийн аравдугаар сарын 22-ныг Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэдэг гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Бүр 1982 онд манай улс НҮБ-д санаачлан батлуулсан Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн эрхийн тухай тогтоол бий. Энэхүү тогтоолыг хоёр жил тутамд дахин батлуулдаг бөгөөд хамгийн сүүлийн удаа 2023, 2025 онуудад шинэчлэн батлаад байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1982 онд энэхүү тогтоолыг баталсан нь хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх, эдийн засгийн оролцоо, нийгмийн хамгааллын асуудлыг олон улсын түвшинд анх удаа системтэйгээр хөндсөн түүхэн шийдвэр болсон юм.
Дэлхий нийтээр авч үзвэл хүн амын 22 орчим хувийг хөдөөгийн охид, эмэгтэйчүүд эзэлдэг. Таван хүн тутмын нэг гэж тооцвол тэд нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэсээр ч ирсэн, тодорхой асуудлуудтай ч тулгарсаар иржээ.
2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн 36 хувь нь хөдөө аж ахуйн хүнсний салбарт ажиллаж байгаа судалгаа гарсан. Харин манай улсын хувьд 2023 оны байдлаар нийт малчдын 39.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Тийм учраас хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудал гэдэг нийт эмэгтэйчүүдийн 40 хувьд тулгарч буй бэрхшээл юм.
Нийтлэлийн эхэнд мэдээж хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлуудын талаар онцлон бичихээр үзгээ шүүрсэн ч асуудал эмэгтэй хүйсэнд гэхээс илүүтэй эрэгтэй хүйсэнд ачаа болж байгаа жишээ ч олон таарч байсныг онцлон дурдмаар байна.
Доорх жишээнүүд бидний олж авсан хөдөөгийн эмэгтэйчүүдэд илүүтэй тулгараад байгаа асуудлуудын зах зух нь.
Хүүхдийнхээ боловсролыг хөөх үү, гэр бүлээ бүтэн авч үлдэх үү?

Хөдөө орон нутагт амьдарч байгаа гэр бүлүүдийн тулгамдаж байгаа хамгийн гол асуудлуудын тэргүүн эгнээнд хүүхдийнхээ сургууль соёлыг нь бараадаж хоёр талд амьдрах шинэ хэв маяг зонхилж байна.
Нэг хүүхэд маань тавдугаар анги, нөгөө нь энэ жил нэгдүгээр ангид орох юм. Манай эхнэр багш мэргэжилтэй, хүүхдүүдтэйгээ сумын төвд байдаг. Би хоёр гэрийн хооронд л явж байна даа. Хөдөөд эхнэрүүд төв суурин газар хүүхдээ хараад, эрчүүд малаа маллана гэсэн амьдралтай л байна даа. Ихэнх нь хоёр тусдаа л амьдарч байна. (Өвөрхангай аймгийн малчин эрэгтэй, 34 настай).
Эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа Өвөрхангайн иргэн шиг яг ийм нөхцөл байдалтай олон зуун гэр бүл хөдөөд байгааг судалгааны олон тайланд дурджээ.
Тодруулбал, МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаагийн "Малчин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүүдийн оролцоо хандлага" судалгаанд хамрагдсан 92 хүүхдийн 55 хувь нь ээжтэйгээ төв суурин газарт амьдардаг. Өөрөөр хэлбэл, ээж нар хүүхдээ сургуульд хамруулахын тулд гэр бүлээсээ тусдаа байж, суурин газарт амьдрах нь хамгийн өргөн хэрэглэгдэж буй загвар болж байгаа төдийгүй энэ нь гэр бүл тусдаа амьдрах, мал аж ахуйн уламжлалт амьдралын хэв маягаас тасрах эрсдэл дагуулж байна хэмээн судлаач тайландаа дүгнэжээ.
Мөн Жендэрийн үндэсний хорооноос Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шижилгээ судалгааны тайлангийн дүгнэлтэд ч энэ талаар дурдсан байна. Ялангуяа хүүхдүүдийг зургаан настай сургуульд оруулдаг болсноор энэ нөхцөл байдал илүү даамжирсан болохыг МУБИС-ийн Я.Шийлэгмаа багшийн удирдсан судалгаанд онцгойлон бичжээ. Тус судалгааны хувьд зургаан настай хүүхдийг сургуульд оруулахад эцэг эхчүүд бэлэн байна уу гэсэн өргөн агуулгаар судалгаагаа бэлтгэж тэр хүрээнд энэхүү асуудал нэлээд их газар авч бүр загвар болтлоо өргөжсөнийг онцолсон байна. Эхэндээ тусдаа амьдарч, цаашлаад тэр нь салалтад дагуулах нэг шалтгаан нөхцөл болж байгааг дараагийн судалгаа харуулна.
Тусдаа амьдрал төсөөлөөгүй салалтад хөтөлж байна

Гэр бүлийн байдал.
ХЭҮК-оос хийсэн Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал судалгааны тайлангаас.
Жендэрийн үндэсний хорооноос гаргасан тайланд “анхаарах ёстой асуудал” хэмээн онцгойлон дурдаж зөвлөмж бичсэн нэг өгүүлбэрт хөдөөгийн гэр бүлд тулгараад байгаа олон асуудлыг бүгдийг шахуу багтаан бичсэн нь анхаарал татлаа. 2021 онд гарсан энэ тайланд дурдсанаар “…Залуу малчин гэр бүлд тулгарч байгаа гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлуудын 15.8 хувь нь гэр бүлийн маргаан зөрчил, үл ойлголцол, 10 хувь нь хоёр тусдаа амьдрах, 7.3 хувь нь хардалт, 5.1 хувь нь хадмуудын оролцоо, 3.6 хувь нь архидалт, 1.8 хувь нь салалт, 1.6 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байна” хэмээн бичсэн байна. Ганцхан энэ өгүүлбэрт хөдөө орон нутагт амьдарч байгаа гэр бүлд тулгардаг бүхий л асуудлуудыг багцлаад гаргаад ирснийг, нийлбэр хувь нь багагүй өндөр байгааг та бүхэн харж байна.
Товчхондоо бол хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч хоёр талд амьдарч эхэлснээр гэр бүлийн хамтын амьдралд ан цав үүсэх, хүчирхийлэл, үл ойлголцол бий болох цаашлаад салалтад хүрэхүйц ноцтой үр дагавар бий болж байгаа хэрэг. Эхнэр нь сумын төвд ажилтай ч юм шиг ажилгүй юм шиг олдсон ажлаа хийж тогтвортой ажиллах боломж байдаггүй, нөхөр нь хөдөө мал ахуйн бүхий л ажлыг нуруун дээрээ авснаас гэр бүлийн зөрчил ихэснэ. Үүнээс үүдээд хааяа нэг гэртээ уулзахаар жижиг асуудлууд дээрээс ч бие биенээ ойлгохоо больчихдог, түүнээс болоод хэрүүл маргаан тасрахгүй, гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан болно.
Ковидын үед салалт нэмэгдсэн тухай олон улсад мэдээлж байсан. Үүний гол шалтгаан нь бие биедээ төдийлөн цаг гаргадаггүй, байнга хамт байдаггүй байсантай холбоотой гэж дүгнэж байв. Яг түүн шиг хоёр талд амьдарч байгаад эргээд нийлсэн ч учраа олохгүй салах тохиолдол орон нутагт олширч байна.
…Иргэн Х хүүхдүүдээ том болтол хоёр гурван жил нөхрөөсөө тусдаа амьдарчээ. Эргээд хүүхдүүдээ дотуур байранд оруулаад нөхөртэйгөө цуг сумандаа амьдарсан ч таарч тохирсонгүй. Үе үе агсам тавих нөхрийнхөө талаар ойр хавийнхандаа хэлж чадахгүй айдастай байсаар нэгэн удаагийн хэрүүлийн дараа гэрээсээ гарч яваад осгосон байдалтай олдсон эмэгтэйн тохиолдол ч бий.
Нөгөө талаар суманд ажлын байр байхгүй, архидалт их, гэр бүлээс гадуурх харилцаа гээд олон асуудал бидний нүднээс далд байсаар л байна. Эхнэр нь сумын төвд хүүхдээ харж байгаа учир эрхэлсэн тогтвортой ажилгүй байх нь олонтой. Нөгөө талд нөхөр мал маллах гол ажлыг нуруундаа үүрснээр эхнэрээ хардах, аль аль нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх, архидан согтуурах явдал ч түгээмэл байгааг энгийн жишээнүүд хэлж байна. Эхнэр нь суурин газрын амьдралд ороод найз нөхөд, нийгмийн хүрээлэлд орсноор уулзалт, шоу, наргианд хэт автахаас эхлээд айл гэрийн жижиг мэт боловч ахуйн зөрчлүүд нь нийгмийн том асуудал болж хувирч байгаа хэрэг.Мөн хөдөө орон нутагт амьдарч байгаа хосуудын хувьд нөхөр нь ахиу цалинг нь бодож өөр сум руу, уурхай руу ажилд явах, уурхайд очоод өөр эмэгтэйтэй амьдрах, бүр түүнийг нь мэдсээр байж, гэр бүлээ бодоод хүлээн зөвшөөрсөн тохиолдлууд ч гарч байна.
“…Иргэн Ц Архангай аймгийн нэгэн суманд цэцэрлэгийн багшаар ажилладаг. Суманд нь цэцэрлэг хомс учраас хажуу сумын цэцэрлэгт ажиллах болж, нөхөр нь уугуул сумандаа амьдарч байна. Амралтын өдрөөр л уулздаг. Ингэж хоёр талд амьдрахаар өрхийн эдийн засагт ч, хувийн амьдралд ч хүндрэл үүсдэг.
“…37 настай З-ийн уурхайд ажилладаг нөхөртэй. Сүүлийн үед нөхрийгөө нэг л өөр байгааг нь мэдрээд байж. Нэг өдөр утсыг нь шалгаад үзтэл олон хүүхэн рүү чат бичсэн, заримтай нь уулзаж ч байсан нь тодорхой болжээ. Ингээд салъя гэвч дөрвөн хүүхэдтэй учраас хүүхдүүдээ бодъё гээд уучлаад мэдээгүй юм шиг эвлэрч амьдардаг гэдгээ хэлэв.
Эдгээр жишээнүүд бол бидний өдөр тутамдаа сонссоор байгаа олон өнгийн амьдралын нэгээхэн хэсэг нь. Нийгмийн асуудлууд мэдээж хотод ч, орон нутагт ч адилхан байдаг боловч хөдөө алслагдмал газар амьдарч байгаагаас үүссэн амьдралын ачаа арай илүү хүнд тусч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ боловсролыг бодож тусдаа амьдрах эхнэрийг, сум оронд нь хангалттай ажлын байр байхгүйгээр өөр суманд очиж ахиу цалин харж гэр бүлээ орхин явах нөхөр гээд аль алиныг нь буруутгах аргагүй. Гэвч нөгөө талд нөхцөл байдлаас шалтгаалсан төлөвлөж, төсөөлж байгаагүй ноцтой нөлөө гэр бүл салалтын шалтгаан нөхцөл болсоор байна. Ядаж л хэдхэн хүнтэй, орон нутагт хүн бүр мэддэг учраас нэр төр, гэр бүлийн үнэт зүйлээ “хайрлаад” хүчирхийллийн хохирогч болсон ч нуусаар байгаа олон эмэгтэй нүдэндээ нулимстай амьдарсаар байна.
Хүчирхийлэгчийг хаана "ховлох"-оо ч мэддэггүй

Хүчирхийллийн хэлбэрээ тодорхойлсон байдал
ХЭҮК-оос хийсэн Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал судалгааны тайлангаас.
ХЭҮК-оос малчин эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлаар хийсэн судалгаанд сэтгэл сэрдхийм олон жишээ байна. Судалгаанд оролцсон 631 малчин эмэгтэйгээс ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг тодруулахад 560 нь хариулжээ. Тэдгээрийн 75.7 хувь "хүчирхийлэлд өртдөггүй" гэсэн бол 24.3 нь хүчирхийлэлд өртсөн буюу өртдөг талаараа дурджээ. Хүчирхийллийг ихэвчлэн хэн үйлдэж байгааг тодруулахад судалгаанд хамрагдсан 631 эмэгтэйгээс 127 хариулжээ. Тэдний 70 хувь нь хүчирхийллийг “нөхөр/хамтран амьдрагч нь үйлдсэн” гэсэн байна. Мөн жилд дунджаар хэдэн удаа хүчирхийлэлд өртдөг талаар тодруулахад 27.1 хувь “3-5 удаа”, 33.9 хувь нь “байнга” гэж хариулжээ. Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүд дахин хүчирхийлэлд өртсөн тохиолдолд аль болох гэрээсээ дайжин зугтахыг хичээдэг бөгөөд хэрвээ зугтсан бол хөдөө хээр хонох, эсхүл танил айлаар хоног төөрүүлдэг талаараа ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үед хэлж байжээ. Хамгийн гол нь хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүдийн 80 хувь нь ямар дугаарт дуудлага, мэдээлэл өгөхөө мэдэхгүй, 14.6 хувь нь дуудлага, мэдээлэл өгөөгүй, 5.3 хувь нь дуудлага, мэдээлэл өгсөн гэж хариулжээ.
Мөн санал асуулгад оролцсон 225 малчин эмэгтэйн 83.6 хувь бүгд бие биеэ таньдаг учир санаа зовдог, хэнд хандахаа шийдэж чаддаггүй гэсэн бол 12.4 хувь үгүй, 4 хувь нь тийм гэж хариулжээ. Энэхүү судалгаа нь хэдийгээр 2019 онд хийгдсэн ч малчин эмэгтэйчүүдэд зориулсан зорилтот бүлэгт чиглэснээрээ илүү бодитой судалгааны дүн хэмээн үзэж онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл бугшмал байдлаар орон нутагт ямар ноцтой төвшинд хүрснийг дээрх тоон мэдээллүүдээс харж болно. Энэхүү судалгааны тайлан дотор Увс аймагт богтлогдож танихгүй айлд эхнэр болон очиж, нөхөртөө зодуулан хүчирхийлэлд өртөх болсон эмэгтэйн жишээ ч байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.
Гэр бүлийн хүчирхийлэл салалтаас гадна хамтдаа амьдраад ч шийдэж чадахгүй олон асуудал орон нутагт амьдарч байгаа олон гэр бүлийн өмнө байсаар байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байх, цөөн малтай айлууд банкны зээлд хамрагдах боломж хомс, шинээр мал маллаж амьдарч байгаа залуу гэр бүлд бэлчээрийн газар олдохгүй байх гээд бидний олж хардаггүй ч өдөр тутамд асуудал болон бугшсаар байдаг бэрхшээлүүдийг тэд төдийлөн ил хэлдэггүй ч судалгааны баримт, тайлангийн хуудаснаа энэ бүхэн илхэн байгааг бид сийрүүлэхийг хичээсэн нь энэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7787)


Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон 68 настай иргэнийг эсэн мэнд олжээ
Томилолт нэрийдлээр аялал зохион байгуулсан этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Эсрэг тэсрэг байр суурь
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа
Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна
Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Ц.Болорчулуун: Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлсэн, тариалалтаас өмнө амжина
Бага насны хүүхдийг зодож амийг нь хохироосон Д-д бүх насаар нь хорих ял оноолоо
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн гэв үү?!
АН “ардчиллын дайсан” болов уу?!
Маргаашаас эхлэн нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг сайтаар энэ сарын 24-27-ны хооронд бүртгэнэ
ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардаж жагсаж байна
МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?
Танилц: 2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…
IV, V, VI сарын цаг агаарын төлөвтэй танилц
Өвлийн Паралимпын наадмын Америкийн шигшээ багт багтсан Монгол БҮСГҮЙ
Б.Жавзандорж: АН иргэдийн хувийн мэдээллийг яаж авсан бэ? гэдгийг шалгах ёстой
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.