Нэгнээ дээрэлхэж, зодсон найман хүүхдэд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

1 цаг 55 минутын өмнө

хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна

Олон нийтийн сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 9-ны өдөр цацагдсан өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож буй бичлэгийн мөрөөр Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 

Уг хэрэгт төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн нийт 8 сурагч холбогдсон болохыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн хэрэгт холбогдогч Д.С-г яллагдагчаар татаж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад үндэслэн яллагдагчаар татжээ.

Хууль хяналтын байгууллагын мэдээлж буйгаар өсвөр насныхны дундах үе тэнгийн дээрэлхэлт жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг дурдлаа. Тухайлбал, 2026 оны эхний хоёр сарын байдлаар 150 гаруй хүүхэд энэ төрлийн хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртсөн гэх тоо баримт гарчээ. Үүнтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд сурагчдыг дээрэлхэлтээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Сургуулийн захиргаанаас сурагчидтай ил болон далд хэлбэрээр уулзалт зохион байгуулж, хүүхэд бүрийг дээрэлхэлтийн хохирогч болсон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 97 дугаар сургууль дээрэлхэлтийг илрүүлэх зорилгоор цахим асуулгыг сурагчдын дунд явуулж эхэлжээ.

Энэхүү цахим асуулга нь хүүхдүүд өөрт тохиолдсон болон бусдад ирж буй дарамт, шахалтын талаар далд хэлбэрээр мэдээлэх боломжийг тус сургуулиас нийт сурагчдад олгож байгаагаараа онцлог аж.

Мөн нийслэлийн ЕБС-ийн хүүхэд хамгааллын багийн зүгээс үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн аливаа асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хууль, сургуулийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд сургуулийн орчинд гарсан зөрчил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч болон холбогдох талуудад нээлттэй хүргэж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.