"Аж ахуйн нэгжүүдийн зүгээс АИ-95 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн"

1 цаг 37 минутын өмнө

АИ-92 шатахууныг тодорхой хэмжээнд тогтворжуулах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр /2026.3.23/ шатахууны үнийн асуудалтай  холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө.

Тэрээр "Сар бүрийн 4 болон 25-ны өдөр гол нийлүүлэгчдээс үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулахаар төлөвлөж байна. Сар бүрийн 25-ны өдөр манай гол нийлүүлэгч болох ОХУ-аас үнэ ирдэг. Ийнхүү санал болгосон үнэ ирсний дараа хуралддаг. Бид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр худалдан авдаг. АИ-92 шатахууныг тодорхой хэмжээнд тогтворжуулах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байна. Харин бусад бүтээгдэхүүний хувьд олон улсын зах зээлийн үнээр худалдан авч байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Бид  газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүнийг маш бага хэмжээгээр нөөцөлдөг. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд богино хугацаанд аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатай байна. Үүнд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн агуулах барих ажлыг эрчимжүүлж байна.

Энэ онд багтаан ойролцоогоор 150 мянган м.куб багтаамжтай агуулахыг нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Үнийн зөвлөл 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдах болов уу гэж таамаглаж байна. Үнийн өөрчлөлт, зөрүү их байгаа тул үнийг бага хэмжээгээр нэмэх нь зүйтэй гэсэн саналыг аж ахуйн нэгжүүд гаргаж байна. Гэхдээ ирэх сард нийлүүлэх үнийн саналыг хараахан аваагүй байгаа учраас энэ асуудлыг түр хойшлуулсан. Дөрөвдүгээр сарын үнийн санал хараахан ирээгүй байгаа ч үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс дунджаар 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн. Гаалийн албан татварыг 5 хувь хүртэл зохицуулах боломжийг Засгийн газрын холбогдох тогтоолд тусгасан. Гэвч энэ нь зөвхөн 5 хувийн зохицуулалтын тухай юм. Харин бодит байдал дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 60–70 хувь өссөн байна. Үнийн өсөлтийн нөлөөг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд аль болох бага мэдрүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Шатахууны нөөцийн хувьд АИ-92 шатахуун 41 хоногийн, дизель түлш 21 хоногийн нөөцтэй байна. Тасалдал, хомсдол үүсэх эрсдэл одоогоор байхгүй" хэмээн ярилаа.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.