"Туулын усан цогцолбор" уу, "Туулын хурдны зам" уу?

1 цаг 51 минутын өмнө

Улаанбаатар хотод Туул голтой холбоотой хоёр том төсөл байна

Улаанбаатар хотод Туул голтой холбоотой хоёр том төсөл байна. Шулуухан хэлэхэд нэг нь Туул голыг аврах, нөгөө нь "сүйтгэх".  Туулын хурдны замын маргаан ид өрнөж, иргэд талцаж байгаа тул түр ийш нь тавиад Туулын усан цогцолбор төслийн "тоос шороо"-г жаахан арчаадхая.

Энэ төсөл аль 1970-аад оноос яригдаж, ТЭЗҮ нь хийгдсээр ирсэн ч өнөөдрийг хүртэл "хадаг, цай булсан газар"-гүй л явна. Улаанбаатарчуудын ирээдүйд уух цэвэр усыг нөөцлөх төсөл гэдгээрээ Туулын хурдны замтай харьцуулашгүй үнэ цэнэтэй, амин чухал төсөл юм.

Өнөөдрийг хүртэл нийслэлчүүд газрын гүнийхээ усаар хоолоо хийж, хувцсаа угаасаар ирсэн. Гачууртын дээд нөөц шавхагдсан. Одоо Шувуун фабрикын доод нөөцөө хэрэглэж байна. 2040 он гэхэд өдрөөс өдөрт тонн, тонноор өсөн нэмэгдсээр байгаа хотын ундны усны хэрэглээ асуудалд орж хүндрэх эрсдэлтэй судалгаа байна. 

- За тэгээд яах уу, хотын даргаа? Эхлээд усаа нөөцлөх үү? Замаа барих уу?

Туул усан цогцолборыг барихад ойролцоогоор 1 их наяд төгрөг л хэрэгтэй юм билээ. Хурдны замын маань төсөв 2.3 их наяд байх аа. Бас болоогүй хөөрхөн цахилгаан станцтай гэж байгаа. ДЦС-3, ДЦС-4 зэрэгт дэм болох л байх даа. Дагалдаад хотын бохир агаар, тоос, шороотой хуурай уур амьсгалыг чийглэх, зөөллөх том хиймэл нуур үүснэ, загасны аж ахуй, усалгаат газар тариалан, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, иргэдийн амралт, аялал жуулчлалын усан цогцолбор гэх мэт олон талын ач холбогдолтой сайхан төсөл. Хамгийн гол нь баталгаатай цэвэр усны нөөц. Туул голын урсацыг сэргээнэ. Газрын гүний усыг тэжээнэ. 

Энэ усан цогцолбор баригдсанаар дээр дурьдсанаас гадна олон дагалдах өгөөжийг өгнө дөө. Байгаль, экологи, цаг уурт ээлтэй, мөнгө олох, зардлаа нөхөх төсөл. Адаглаад л автомашинаа газрын гүний цэнгэг усаараа угаахгүй шүү дээ. 

"Хурдны зам" хотын түгжрэлийг 50% бууруулна гэж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх даа хэлж байсан. Хотын дарга саяхан 30% бууруулна гэв. Олимпын гүүрийг анх барих даа түгжрэлийг 30% бууруулна гэж байлаа. Одоо хар. 

Ядаж Яармаг, ДЦС-4 холбосон замаа Хархорин руугаа гүйцээчихээд, дүүжин тээврээ ажиллуулчихаад дараагийн төсөл рүүгээ ормоорсон. Даахгүй нохой булуу хурааж энд тэнд "цээмэнт"-ээр булсаар л байх уу.

Энэ төсөл түгжрэлээс илүүтэй Туулын урсгалыг л бууруулах төсөл бололтой. 

Сая болсон эсэргүүцлийн жагсаал дээр Зам, тээвэр судлаач Э.Тэмүүжин гэх залуу сэтгүүлч Б.Пүрэвт өгсөн ярилцлаган даа 600 тэрбум төгрөгөөр 60 км зам бариад нийслэлийн түгжрэлийг шийдэх, дэлхийн томоохон хотуудад байдаг "торлог" замын төслөө танилцуулж байсан нь сонирхол татахуйц байлаа. Энэ төслөө шийдвэр гаргагч нарт танилцуулсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл яагаад 600 тэрбумын хямд үнэтэй Монгол залуугийн төслийг бус бургас хядаж, гол ширгээх дөрөв дахин их үнэтэй 2.3 их наядын "урд хөрш"-ийн төслийг сонгов оо, мэр минь?

 

 

Сэтгүүлч Ч.Явуухүү

СОНИН.МН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.