Д.Амарбаясгалан: "Би сүйрэхдээ тулбал МАН ч сүйрэх ёстой" гэсэн үү?

1 цаг 40 минутын өмнө

Д.Амарбаясгалан: "Би сүйрэхдээ тулбал МАН ч сүйрэх ёстой" гэсэн үү?

УИХ-ын хаврын чуулган эхлэхийн өмнөхөн улс төр халуурч эхэлсэн билээ. УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц, УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүний эгүүлэн татах хуулийг батлах болов уу? гэсэн хүлээлт л улс төрийн хүрээнд байв.

Гэвч Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэ гэнэт л идэвхтэй довтолгооны байрлалд шилжин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шүүмжлэн, УИХ-ын гишүүдэд зоригтой байхыг уриалж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүний эгүүлэн татах хуулийг эрс эсэргүүцнэ гэдгээ илэрхийлэх нь тэр. Тэр бүү хэл Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т өгч, "Голомт" банктай холбоотой буюу өөрийнхөө оролцсон гэрээг тойрсон авилгын асуудлыг хүртэл дэлгэв. Яг үүнтэй зэрэгцэн, Ерөнхий сайдын зөвлөх асан, "Бодь интернэйшнл" ХХК-ы захирал асан А.Амундра Д.Баясгалангийн улс төрчдөд өгсөн авилгын асуудлыг ч мөн хөндөж эхэлсэн ба хамгийн гол нь энэ бүгдийг гэрчлэх бичлэг байгаа гэсэн юм. 

 

Хаврын чуулган нээгдмэгц эхэлсэн намын дарга хүн УИХ-ын дарга байх нь зохимжгүй гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн бойкот ч хүссэн үр дүндээ хүрч, өчигдөр УИХ-ын дарга Н.Учрал МАН улс төрийн шийдвэр гаргах ёстой гэж мэдэгдэв.

 

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаан гурван цаг үргэлжилсэн. Уг хуралд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар оролцоогүй бөгөөд тэд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж байв. 

 

С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нарын зүгээс Г.Занданшатарыг огцруулах, Н.Учралыг Ерөнхий Сайд болгон, шинээр байгуулагдах Засгийн Газарт 3-4 хүнээ сайд болгох, Б.Энхбаярыг дахиж сайд болгохгүй байх гэх мэт хувилбарыг санал болгосон байж болзошгүй аж.

 

Ер нь улс төрийн хүрээнд Д.Амарбаясгалан өөрт нь үүсгэсэн хэрэг шийдэгдэж, ялтан болох дээрээ тулбал МАН-ын сонгуулийн зардал босгохтой холбоотой баримтыг дэлгэнэ, "Би сүйрэхдээ тулбал МАН ч сүйрэх ёстой" гэж хэлсэн гэх албан бус мэдээлэл яригдаад удаж буй. Гэхдээ Д.Амарбаясгаланд тийм зориг байхгүй, гагцхүү тохиролцоо хийхийн тулд л шантаажилж байгаа юм гэж ч үүнийг дүгнэх хүн цөөнгүй байгаа аж.

 

Б.Балжир

sonin.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.