Ерөнхий сайд Н.Учрал: Хотын даргад албан ёсоор анхааруулсан

1 цаг 38 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал: Хотын даргад албан ёсоор анхааруулсан

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

​​​​​​​

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн боловсруулж байна вэ?

 

-Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн хариуцлагатай цаг үед ажил хүлээж авлаа. Тийм учраас хурдан, шуурхай ажилдаа орох хэрэгтэй. Өнөөдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга, төрийн албан хаагчидтайгаа хамтарч ажиллаад Засгийн газрын ажил хэвийн үргэлжилж байна. УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороогоор агаарын импортын түлшний болон Гаалийн импортын татварын хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Засгийн газар өргөн мэдүүлсэн байсан.

 

Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-д очиж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах зэрэг асуудал байгаа учир зарим сайдыг улируулан томилох шаардлага байна. Энэ нь зөвхөн биднээс шалтгаалах асуудал биш. Тийм учраас олон улстай харилцаа тогтоосон байсан эсэх салбаруудын сайд нарын гүйцэтгэлийг харж байна.

 

Бүх зүйлийг шинээр эхлүүлэх цаг хугацаа бидэнд байхгүй. Салбарын сайд нар ажилдаа хэр хандсаныг харах шаардлагатай байсан. Өчигдөр гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үед салбарын яам бүрийн хийсэн ажилтай танилцсан. Тавдугаар сарын 1-нд Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барих хуулийн хугацаа тулсан. Төсвийн хүрээний мэдэгдлээ яаралтай боловсруулж, энэ дагуу жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, дараагаар нь ирэх оны төсвийн төсөл гээд цаг хугацааны мөчлөгтэй уралдан хийх ажил байна. 

 

Өнөөдөр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, хоёр яамыг нийлүүлэх гэхээр улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай болж байна. Зургадугаар сард орлого тасарвал дахиад улсын төсөвт тодотгол хийнэ. Сар бүр тодотгол хийх нөхцөл үүсээд байна. 

 

Шинэ Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох Үндсэн хуулийн заалттай. Өөрөө захирамжлаад үүрэг гүйцэтгэгч тавих эрх зүйн орчин байхгүй. Засгийн газар бүрдээгүй байгаа учир би өөрөө хуулиудаа танилцуулаад явж байна. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өнөө, маргаашгүй шийднэ. 

 

-Маргаашийн чуулганы хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх үү?

 

-Өнөөдрийн нөхцөл байдалд бүх сайдыг өөрчлөөд явах боломжгүй байна. Ялангуяа гэрээ, хэлэлцээ хүлээгдсэн салбар байна. Түлшний асуудал нэн тулгамдаж байгаа. Тийм учраас суралцах цаг байхгүйг ойлгох ёстой. Бүтэц, бүрэлдэхүүн хөндье гэхээр сандал ширээ, хаяг самбар солихоос эхлээд баахан халаа, сэлгээ явагдана. Дээр нь сул орон тоонуудыг чөлөөлж, хэмнэлт гаргаж байна. Мөн тавдугаар сарын 31-нд зарлагдаагүй тендэрүүд цуцлагдахаар хөрөнгө оруулалтын зардлаас нэлээн танагдана. Орлого тасарвал улсын төсвийг тодотгохоос өөр замгүй болно. 

 

-Туулын хурдны замын асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Туулын хурдны замын асуудлаар Ажлын хэсэг байгуулна.  

 

-АН-тай хамтрах уу?

 

-Би намынхаа Удирдах зөвлөлд танилцуулна. Одоогийн байдлаар ХҮН намд л урилга өгсөн. 

 

-Хотын удирдлагуудын ёс зүйн асуудлыг хэрхэх вэ?

 

-Хотын даргад албан байдлаар анхааруулсан. Үүнийг би Ёс зүйн хороогоороо ярина.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.