Өмнө жил ченжүүд махаа нөөцөлж чадаагүй учраас энэ жил махны үнэ өссөн гэв

1 цаг 36 минутын өмнө

Өмнө жил ченжүүд махаа нөөцөлж чадаагүй учраас энэ жил махны үнэ өссөн гэв

Махны үнэ долоо, долоо хоногоор хурдтай өсөж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан талаар зах, худалдааны төвүүдийн худалдагч нар хэлж байна. Үүнийг дагаад зах худалдааны төвүүдэд олигтой орлого орохгүй байгаа аж.

Жишээ нь, өмнө долоо хоногт “Хүчит шонхор” зах дээр үхрийн цул мах нэг кг нь 27 мянга, ястай нь 26 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол одоо нэг кг нь 32 мянган төгрөгийн үнэтэй болчихсон гэнэ. Харин хонины цул мах нэг кг нь 21 мянган төгрөг байсан бол 23 мянга төгрөг болсон аж. Түүнчлэн ямааны мах нэг кг нь өмнө долоо хоногт 18 мянган төгрөг байсан бол одоо 19 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Одоо арай хямд үнэтэй нь адууны мах байгаа ба нэг кг нь 17 мянган төгрөгөөр зарагдаж байна. Яагаад махны үнэ ингэж өсөх болсон талаар “Хүчит шонхор” захын худалдагч болон зарим ченжээс тодрууллаа.


“Хүчит шонхор” захын худалдагч нар өдөрт таваас зургаахан хүн л мах худалдаж авдаг хэмээн ярьж байна. Ингэхдээ дээд тал нь таван кг-аас дээш бараг л худалдаж авдаггүй. Ихэвчлэн хоёр кг-ыг л авна. Зарим хүн хагас кг мах ч авдаг гэнэ. Тиймээс худалдагч нар өдөрт тогтмол бус тоогоор гулууз мах худалдаж аваад, жижиглэнгээр зарж борлуулдаг аж. Мөн тус захад үхрийн мах хамгийн эрэлттэй байгаа ч хонь, ямаа, адууны махны борлуулалт тааруухан байна. Тиймдээ ч “Хүчит шонхор” захын хонь, ямааны тасгийн ихэнх лангуу хоосорсон гэлээ. Мөн тэд өмнө жилүүдтэй харьцуулахад энэ жил иргэдийн худалдан авах чадвар маш муу байгаа гэдгийг ч онцолсон юм.

“Хүчит шонхор” захын худалдагч А.Амгалан “Мэдээж, жил бүрийн хавар махны үнэ жаахан өндийдөг. Гэхдээ энэ жилийн хувьд махны олдоц маш муу байгаа. Одоо манай захаар хоосон лангуу олон бий. Учир нь мах олдохгүй байгаа юм шүү дээ. Угаасаа ч одоо малчдын малаа зардаг цаг биш.

 

Малчид зун, намар шиг их хэмжээгээр малаа зарахгүй. Ноолуурынхаа хажуугаар жаахан хавчуулах маягаар л зарж байгаа. Ерөнхийдөө тарга сайн орсон нутгийнхан л зарж байна. Мах үнэтэй байгааг ашиглаад тарган эр хонь олонтой малчид л зарж байгаа хэмээн ченжүүд ярьж байхыг сонссон. Өнөөдөр иргэдийн амьдралын түвшин ямар байгаа билээ. Өдөр бүрийн хэрэглээ болсон махаа ч авч дийлэхгүй нөхцөл байдалд хүрчихлээ. Ахмадын тэтгэвэр 80-хан мянган төгрөгөөр л нэмэгдсэн. Үүний хэдэээр нь хэд хоногийн мах худалдаж аваад, юугаараа эм тариагаа авах билээ. Үнэхээр хэлэх ч үг алга.

Жишээ нь, нэг кг үхрийн махыг нэг айл хэд хоног хэрэглэх вэ. Олон ам бүлтэй айлд бол бараг нэг хоногийн хэрэглээ шүү дээ. Өдөр бүр жижиглэнгээр буюу хагас кг-аар нь махаа аваад явдаг хүмүүс ч бий. Жаахан мөнгөтэй бол ядахдаа долоо хоног хэрэглэх хэмжээний мах авмаар л байгаа шүү дээ. Ингээд бодохоор махны үнийн өсөлтийн өмнө иргэд сөхөрч байна. Бид ч ченжүүдээс махаа худалдаж авч чадахгүй байгаа. Гуйж, гуйж зээлээр л авна. Тэгээд хэд хоноод л ченжүүд нь мөнгөө нэхнэ. Өгөх гээд ямар ч мөнгө байхгүй. Учир нь махны борлуулалт муу байна. Өдөрт хэдхэн хүмүүс маш бага кг мах л худалдаж авч байхад хаанаас нь бидэнд ашиг гэх зүйл гарах вэ дээ. Ингээд бодохоор махнаас илүү бэлэн мөнгө гэх зүйл ховордсон ч юм шиг санагдах юм. Бүгд л өдөр хоногийг ёстой аргацааж өнгөрөөж байна даа” гэв.

Зарим махны ченжээс яагаад мах ингэж үнэ орох болсон талаар тодруулахад “Ноднин намар малчдын “Малчин зах” нээгдэж, махны ханшийг доод тал 10 мянга 500 төгрөг дээр нэлээд үнэтэй бариулсан. Дээд тал нь 18 мянган төгрөгийн үнэтэй байсан мах одоо 32 мянган төгрөг болтлоо өслөө шүү дээ. Тэгээд малчдын зах нээгдсэн буюу тухайн цаг үед мах үнэтэй байсан учраас махны ченж, компани, хувь хүмүүс нөөцөлж чадаагүй юм. Тиймээс л одоо мах ховор, үнэтэй байгаа гэсэн үг. Угаасаа нөөцийн махгүй юм чинь ханш өсөх бол мэдээж хэрэг шүү дээ. Байгаа жаахан хөлдүү махных нь ч ханш буухгүй юм. Цагаан сарын дараа Улаанбаатар хотод махны худалдан авалт, гүйлгээ угаасаа муу болчихдог. Гэтэл одоо нөхцөл байдал ийм байхад махны ханш унахгүй, өссөөр байна шүү дээ. Энэ бол ерөөсөө мах ховор байгаатай л холбоотой. Өмнө жил үхрийн мах дээд тал нь 18 мянган төгрөгт хүрч байсан. Бусад нь 18 мянгаас доош үнэтэй байсан. Гэтэл одоо 18 мянган төгрөгийн үнэтэй мах гэж байхгүй болсон” гэв. Түүнчлэн мах ховор байгаатай холбоотойгоор луйвар их байгаа аж. Энэ талаар ченжүүд “Бид “ченж” гэх муу нэртэй ч амьдрахын тулд 500 төгрөгийн ашиг гаргаж л ажилладаг шүү дээ. Одоо бид малчдаас бэлэн мөнгөөр нь махаа аваад, түүнийгээ зах дээр аваачаад зээлээр хүмүүст тараачихдаг болсон. Үгүй бол худалдагч нар нь ч махаа худалдаж авч чадахгүй болчихсон юм билээ. Орой гэхэд махаа зараад, мөнгөө өгнө гэж хэлээд, луйвардаад алга болчихдог хүмүүс ч олширч байгаа.

Гэтэл иргэд ченжүүд дунд нь луйвар хийдэг гэж буруугаар ойлгодог. Бодит байдал дээр биднээс баахан мах авч зараад, мөнгөө өгөхгүй, лангуугаа хаяад алга болсон олон хүн бий шүү. Малчдын хувьд ч ингэж луйвардуулсан тохиолдол байдаг юм билээ. Хөөрхий хэдэн малчид итгээд л өгчихдөг байх. Тэгээд мөнгө ч үгүй, мах ч үгүй болдог” хэмээв.

 

А.Даваадулам

Н.ЦОГЗОЛМАА



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.