Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа

1 цаг 51 минутын өмнө

Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шри-Ланкийн нэрт найруулагч Прасанна Витанаге ахлах юм.

Москвагийн олон улсын кино наадмын зохион байгуулах хорооноос энэ жилийн үндсэн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг өчигдөр /2026.04.03/ албан ёсоор зарлалаа. Нийт 43 орны 200 орчим кино оролцож буй тус наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” (The Unopened Letter) уран сайхны кино шалгарч, “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөхөөр болсон байна.

Наадмын хөтөлбөрийн захирал Иван Кудрявцев хэвлэлийн хурлын үеэр энэ жилийн хөтөлбөр маш чанартай, олон талт болсныг онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ, “Энэ жил 1500 гаруй мэдүүлэг ирснээс Монгол, Алжир, Тайланд зэрэг орнууд хөтөлбөрт шинээр нэгдэж байгаа нь онцлох үйл явдал” хэмээжээ.

Монголын кино урлагийн түүхийг сөхвөл, Москвагийн наадамд хамгийн анх 1959 онд найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино оролцож, Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байсан нь Монгол хүн дэлхийн хэмжээний А зэрэглэлийн наадмаас авсан анхны том ялалт байв.

Үүнээс хойш 60 гаруй жил өнгөрч буй энэ үед “Задлаагүй захиа” кино үндсэн уралдаанд шалгарсан нь Монгол киноны шинэ үе дэлхийн тавцанд хүчтэй эргэн ирснийг баталж байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн энэхүү бүтээл нь хүний сэтгэлийн нандин хэлхээ, монгол ахуйн гүн гүнзгий утга учрыг харуулдгаараа онцлогтой. Тус уран бүтээл нь “Аранжин” пикчерсийн ээлжит бүтээл бөгөөд ерөнхий найруулагч Б.Батдэлгэр, продюсер, дууны найруулагч Л.Цэрэнтогтох, зургийн найруулагч Г.Гүенбаатар нарын хамтын уран бүтээл юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.