Дэд хурандаа аавын удам дамжсан дэслэгч охин
Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос эхлээд тэртээх хилийн чандад “Монголын Улсын төлөө зүтгэе” хэмээн тангараг өргөж, мөрдэс зүүсэн монгол цэргүүд үүрэг гүйцэтгэж, эх дэлхийд энх тайвныг сахиулсаар байна. Тэдний нэг бол НҮБ-ын мандаттай энхийг сахиулах үйл ажиллагаанд “МОНБАТ” буюу 14 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгээд энэ жил ирсэн, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Цаг уурын нэгдүгээр бүлгийн дарга, дэслэгч Ж.Чулуунжаргал билээ. Тэрээр дэд хурандаа аавынхаа өвөр дээр өссөн амины хайртай “дуучин охин” нь байжээ. Аавыгаа байхгүй л бол өвдчихнө. Тиймээс аав нь цэрэг татлагаар олон хоног явахдаа ч бяцхан охиноо дагуулаад явна.
Армийнхан дундаа “Инээдэг Жагаа” хэмээн алдаршсан хөрслөг бор залуу бол түүний аав дэд хурандаа М.Жаргалсайхан юм. Сүхбаатар аймгийн Асгат сумын хүү одоогийн Батлан хамгаалахын их сургуулийн ерөнхий цэргийн ангид суралцаж байхдаа өөрөөсөө насаар дөрөв дүү Г.Чулуунцэцэг гэх охинд сэтгэл алдарчээ. Эр хүний 13 мэхээ уралдуулан үеийн залуусаас урьтаж, сэтгэлт бүсгүйнхээ хайрыг татсанаар хоёр охин, гурван хүүгийн ижий аав болсон аж. Тухайн үеийн ЗХУ-д Академид суралцаж ирээд, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд улс төрийн орлогчоор томилогдон очсон дараа 1987 онд бага охин Ж.Чулуунжаргал төржээ. Аав нь бэлгэшээж, охиндоо ээж, аав хоёрынх нь нэрийн эхний үеийг нэгтгэж энэ сайхан нэрийг хайрласан юм.
Энэ гэр бүлийн гурван хүү нь аавыгаа залгамжилж, мөрдэс зүүсэн цэргийн алба хаагчид болсон бол том охин нь багш. Гэхдээ багш охиных нь том хүү ээжийгээ орлох мэт цэргийн замналыг сонгож, одоогоор дэслэгч цолыг хүртээд байна. Харин Ж.Чулуунжаргалыг ахлах сургуулиа төгсөөд СУИС-д орно гэхэд идэр залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзсэн аавыгаа орлох, өмөг түшиг болсон том ах нь зөвшөөрөөгүй аж. Тиймээс сурлагаараа дээгүүр жагсах цовоо охин Орхон их сургуулийн аялал жуулчлал, эдийн засгийн ангийг авч, 2010 онд сургуулиа дүүргэжээ. Ийнхүү гэр бүл зохиогоод 2013 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Хэвлэх тасгийн нярав гэх орон тоонд энгийнээр ажиллаж эхлэв. Тухайн үед түүнийг эргэн тойрныхон нь суралцаад жинхэнэ цэргийн албан хаагч болбол гэдэг байсан ч тэрээр зөрсөн хэвээр. Гэвч цэрэг удмын цус, зэвсэгт хүчний төлөө цохилох зүрх сэтгэл нь түүнийг 2022 онд энэ замнал руу хөтөлж, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, цаашдын зорилгоо болгох хүртэл замыг нь заажээ.

-Эх орондоо тангараг өргөж, мөрдэс зүүсэн албан хаагч болсон дараа эх орны тухай бодол тань өөрчлөгдсөн үү?
-Бага залуу байхад “Миний эх орны ширхэг чулуунаас бурхан гуйсан ч бүү өг” гэж омгорхдог байлаа. Харин цээжээ дэлдэн ярих нэг ондоо, эх орныхоо төлөө зүтгэх нэг ондоо. Энийг хилийн дээс алхаад энхийг сахиулаад явж байхад илүү мэдэрдэг юм билээ. Цээж дүүрэн амьсгалах агаар, сэтгэл тэнэгэр гишгэх хөрсөө эд эсээсээ илүү хайрлаж, эцэг эх шигээ дээдэлж шүтмээр аугаа зүйл байдаг юм байна. Бид эх хүнээс төрж, эх орондоо амьдарч, эх дэлхийгээ хайрладаг. Ингэхээр “эх” гэдэг үг “нүдний цөцгий мэт хайрлах” бүхний утгыг тээдэг юм болов уу.
Өмнөд Суданаас Монгол Улсынхаа нисэх онгоцны буудал дээр буугаад амьсгаа авах тэр мөчид амьд яваагийнхаа утга учрыг мэдрэх шиг болсон. Би урьд нь “Түгжрэл, утаандаа баригдсан хотод юугаа хийх вэ” гэж гадаадад амьдрах бодолтой хүмүүсийн адил байснаа нуугаад яах вэ. Гэтэл уучлаарай. Энд л хамгийн нандин бүхэн байсан юм байна. Бид голынхоо цэнгэг уснаас гэхэд хаана ч, хэзээ ч эрх дураараа ууж болно. Дэндүү эрх чөлөөтэй энэ сайхан эх оронд амьдарч байгаадаа бахархаж, эх орныхоо төлөө зүтгэмээр санагддаг.
-Шигшиж шалгарсан шилдгүүд нь энхийг сахиулах ажиллагаанд явдаг гэдэг. Эмэгтэй хүнд хэр хэцүү даваа вэ?
-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нь цэргийн албанд зүтгэж буй хүн бүрийн мөрөөдөл, бахархал юм даа. Өмнө нь энгийн албан хаагч байхдаа үүрэг гүйцэтгээд ирж байгаа ах, дүү нарыгаа онгоцны буудал дээр тосоод омогшиж уйлдаг байлаа. Тэр мэдрэмжийг цэргийн хүн болсны дараа мэдрэхийг хүссэн. Ингээд анги байгууллагадаа саналаа өгөөд эрүүл мэндийн болон биеийн тамирын шалгалт давсан нь ажиллагааны өмнөх хээрийн сургуулилалтад бэлтгэгдэнэ. Энэ үеэр шантраад буцах нь ч бий. Гэхдээ нэг ч эмэгтэй хүн “Би чадахгүй нь ээ” гээд өргөдлөө өгөөд буцаж байхыг хараагүй. Хөлөө холгоод цус нь гоожсон байхад “Энэ байтугай төрөхийн өвдөлтийг давсан шүү дээ” гэж өөрийгөө зоригжуулдаг юм болов уу гэж бодсон. Би ч тэгж байлаа.
-Тэгвэл энхийг сахиулах шаардлагтай бүс нутагт очсоны дараа хэрхэн өөрийгөө зоригжуулж байв. Ямар нөхцөл байдал та бүхнийг угтдаг юм бэ?
-Олон цагийн нислэгийн дараа хамаг биеийн хөлс урсгасан бүгчим агаар угтсан. Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотоор дамжин үүрэг гүйцэтгэх Беньтю хотдоо очдог. Тэнд байх жилийн хугацаанд үргэлж битүү хувцас өмсөж, шумуулд хазуулахаас өөрийгөө хамгаалахаас энхийг сахиулах үүрэг даалгавар эхэлнэ. Учир нь маляри гэх халдварт өвчин шумуулаар дамждаг бөгөөд эрүүл хүний элэг дөрөв, тав шарласантай тэнцэх хэмжээний өвчин үүсгэдэг. Тэр үед “Хэн дуртай аавын хүүхэд ирдэггүй газар тив алгасаж ирчхээд зоригтой бай” гэж өөртөө хэлээд надаар бахархан хүлээх гэр бүлээ бодож зориг шулуудаж байлаа.
Беньтю хотын аагим халуун цөл, турж эцсэн хүмүүс, мөргөлдөж онхолдсон машин онгоцны сэгтэй адил дүрслэлийг би өмнө нь кинон дээрээс л харж байлаа. Гэхдээ тэнд монгол цэргүүдийг хараад баярлаж, итгэл тээх амьдрал өрнөж байсан юм. Эцэнхий болтлоо турчихсан томоо гэдэстэй хүүхдийг зурагтаар харж байсан болохоос өөрөө гараас нь атгаж, хамгаалах тэр мөчид зүрх эмтэрч, өөрийн хүүхдээс ялгаагүй санагдаж, нулимс цийлгэнэдэг юм билээ.
Би үнэхээр мундаг, эв зүй сайтай эмэгтэйчүүдтэй нэг байранд хамт байсан. Бид одоо ч холбоотой байгаа. Эхний хэдэн сар газар орондоо дасаж, учраа олох гээд гэрээ санах завдалгүй байсан. Сайхан дурсамж мөнхөлсөн, бахархал дүүрэн нэг жил өнгөрсөн.
-“МОНБАТ” гээд монгол цэргүүдийг бурхан мэт шүтдэг гэсэн. Мөн монгол хэл сурчихсан хүүхдүүдийн бичлэг интернэтэд байдаг шүү дээ. Энэ бүхнийг мэдрээд ирсэн танаас бас асуумаар байна?
-Бид дүрвэгсдийн хуарангаар цуваа үйлддэг. Энд Монголоос гадна Пакистан зэрэг өөр улсууд бас бий. Энэ үеэр манай цуваан дээр ирээд “MONBAT, I love you” гэнэ. Эмэгтэйчүүдэд нь “Mongolian beautiful” гэнэ. Зарим нь монгол хэл мэднэ. Өөрсдийн мэддэг монгол нэрээрээ биднийг дуудна. “Дулмаа, чи хөөрхөн шүү. Чамтай сууна аа” гэж инээлгэнэ. Тэр дундаас “МОНБАТ бидний аврагч бурхан” гэх үгийг сонсоод огшиж, үе үеийн үүрэг гүйцэтгэж байсан “МОНБАТ” батальоны энхийг сахиулагчдаараа бахархдаг.
Нэгэн дурсамж хүүрнэе. Цуваа хэсэг зогсох үеэр хэдэн хөвгүүд ирээд “Сайн уу, танилцъя” гэж байна. Тэгэхээр нь “Чи монгол хэл ямар сайн мэддэг юм” гэтэл “Сайн мэднэ ээ, танай монгол охид бүгдээрээ ийм хөөрхөн үү. Гоё юм аа. Монголд очиж эхнэр авч сууна аа” гэж байна. Тэр хүү 12 настай. Мөн гурван найз охинтой гэнэ. Энэ тухайгаа “Нэг нэгээр нь цаг гаргаад уулзаад явна. Гэхдээ одоохондоо эхнэр авах болоогүй. Үхрээ олон болгож байгаад нэгийг нь эхнэрээ болгож авна даа” гэж байсан юм. Тэдний соёлд үхрээр инж өгч эхнэр авдаг. Сайхан хүүхний инж олон үхэр байх жишээтэй. Бидэнтэй энэ мэт илэн далангүй ярилцана.
Цуваанд явж байхад өрөвдөлтэй хүмүүс их таарна. Гэхдээ тэднийг өрөвдөж нэг чихэр, нэг ус өгч болохгүй. Чиний өгсөн юмыг авахын тулд бусад нь ирээд зоддог гэж байсан юм. Гэхдээ бид баяр болгоноор үйл ажиллагаа зохион байгуулдаг. Монголоос авч явсан хувцас, бэлгээ зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдэд, гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдэд тарааж өгнө. Тодорхой хэмжээний урлагийн тоглолт үзүүлдэг. Тэгэхэд монголчуудтай л их нөхөрсөг ханддаг.

-Энхийг сахиулахаар ирсэн бусад улсын цэргүүдээс яагаад монголчуудыг ингэтлээ шүтэж, хүндлэх болсон юм бол?
-Биднийг үүрэг гүйцэтгэж байхад бослого болсон. Ингэхэд энхийг сахиулах гээд ирсэн тэр олон улсын баазуудаас монголчууд дээр “Биднийг авраарай” гээд ирж байгаа юм. Бид тэр омгуудын хоорондын бослого, тэмцлийг зогсоох, эв найрамдал сахиулж, энхийн гэрээ хэлэлцээр байгуулахад адилхан ажилладаг.
Миний бодлоор тэр нутгийн ард түмний нүдэнд монголчууд бусдын төлөө хамгийн эрэлхэг, зоригтой, дайчин байдлаар зүтгэдэг харагдсан юм болов уу. Өмнөх ээлжийн “МОНБАТ”-ууд бүтээн байгуулалт ч их хийсэн. Өөрсдийн амь насаа эрсдэлд оруулаад эх орон, гэр бүлээ орхиод бидний төлөө энэ их зүйлийг хийж байгаа болохоор “Монголчууд бидний бурхан” гэх болсон байх.

Долоо, найман настай хөвгүүд буу тэврээд сүрэг үхрээ хариулаад явж байгаа юм. Нэг удаа үхрийн сүргээ хариулаад явж байгаа тав, зургаан хүү бидний цуваа замыг хаачихсан. Тэр үед хэрэв бидний өөдөөс буудвал яах вэ гэх айдас битүүхэн төрж байлаа. Гэтэл тэд өөрсдөө үхрээ хажуу тийш болгож, бидэнд зам гаргаж өгөөд алслагдсан бааз руу явуулсан. Үнэхээр биднийг бурхан мэт дээдэлж, хүндэлдэг юм билээ. Өмнө нь цувааны дайралтад өртөж байсан тохиолдлууд байдаг. Явж байгаа зам нь бас аюултай.
-Үе үеийн үүрэг гүйцэтгэгч монгол цэргүүдийнхээ босгосон нэр хүндийг өндөрт өргөх давхар үүргийг хамт биелүүлээд эх орондоо ирж байгаа та бүхэн үнэхээр бахархалтай сайхан?
-Үүрэг гүйцэтгэж яваа цуваан дунд би алдаа гаргахад “Ж.Чулуунжаргал” гэж ярихгүй. Харин “МОНБАТ”-ынхан гэнэ. Тиймээс Монгол Улсын нэрийг өндөрт өргөж явах тангаргаа нэр төртэй биелүүлэх хэрэгтэй. Харин Монголд тэр ангийн тийм цолтой тэр овогтой тэр гэж сайн, муу бүх зүйлд дурсагдана. Би дүүтэйгээ ээлж солилцсон. Ахлах ахлагч цолтой мундаг залуу бий.
Ингээд эх орондоо иртэл том охин маань “Ээж ээ” гээд тэвэрсэн. Хоёр охин маань зөндөө өндөр болчхож, тэвэрч аваад бэтгэрсэн сэтгэл тайлагдах шиг болсон. Ээждээ, хань ижилдээ үнсүүлээд зогсох тэр мөчид “Яг жилийн өмнө та бүхэндээ өгөөд явсан амлалтаа биелүүлээд ирлээ. Ээж нь, охин нь, хань нь чадлаа шүү дээ” гэж хэлмээр санагдаж, өөрөөрөө бахархсан. Би хүнд худлаа ярьж чаддаггүй. Зорьсон зүйлдээ заавал хүрдэг зарчимтай. Энэ занг хань маань мэддэг болохоор бүхий л зүйл дээр надад итгэж, дэмжиж, түшиг болдог. Үнэндээ олон эрчүүд дунд эхнэрээ удаан хугацаанд хол явуулах амаргүй. Гэхдээ нөхөр маань надад итгээд явуулсан. Би ч итгэлийг нь алдаагүй ирсэн. Үүндээ ч бардам байдаг.
Хань маань хөдөө их явдаг ажилтай болохоор ээж минь манай гэр бүлийн бат түшиг болж хоёр охиныг минь хараад л үлддэг. Ээж минь байгаа болохоор сэтгэл тэнэгэр цэргийн хүн болж чадсан.
-Та одоо офицеруудын хамгийн гоё цол гэдэг дэслэгч мөрдэстэй байна. Энэ замыг сонгосон минь зөв байжээ гэх бодол танд хэзээ төрж байв?
-Би Архангай аймгийн 342 дугаар ангийн захирагч хурандаа Д.Зоригтсайхан гээд хүнээс цолоо гардаж авч байлаа. Энэ хорвоод намайг төрүүлж, тэвчээртэй, тууштай нэгэн болгож хүмүүжүүлсэн ижий, ааваараа их бахархаж, баярласан. Дэслэгч цол офицерын анхны цол, дэд ахлагч цол ахлагч цолны анхны зураас байдаг учраас армийнхан хамгийн гоё цол гэж их хайрладаг юм билээ. Аав маань хоёр том таван хошуутай дэд хурандаа хүн байлаа. Дэслэгчийн хоёр жижиг таван хошуу зэрвэсхэн харсан хүнд дэд хурандаагийнх шиг харагддаг. Хэрэв аав маань залуудаа өөд болоогүй байсан бол өдийд генерал цолонд хүрсэн байхыг үгүйсгэхүй армидаа нэртэй хүн байсан. Үеийнхэн дотроо би бага цолтойдоо орно. Цэргийн хүн болох боломж өчнөөн байхад өөрөө үгүй гэж зөрж байсан хүн одоо “Эртхэн ороод залуу насан дээрээ илүү ихийг хийж, тэмцээн уралдаанд орж нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явах байсан юм” гэж бодох болсон. Өмнөд Суданд очсоны дараа “Би үнэхээр зөв замыг сонгожээ. Жаахан эрт шийдвэрээ гаргасан бол энэ газар нэг биш нэлээд хэд ирэх байсан даа” гэх бодол төрсөн.
Одоо НҮБ-ын штабтаа ажиглагч офицероор Өмнөд Судан улсыг дахин зорих том зорилго өөртөө тавьсан. Түүнийхээ төлөө зүтгэж байна.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 66 (7808)



IV сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Өмнө жил ченжүүд махаа нөөцөлж чадаагүй учраас энэ жил махны үнэ өссөн гэв
Өнөө өглөө авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байсныг унтраажээ
АН-c сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед юуны учир халдав

Найман сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завджээ
Б.Насантогтохын 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, гурван тээврийн хэрэгслийг битүүмжилсэн гэв
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных
Өнөөдөр дараах байршлуудад цахилгааныг 6-10 цаг хязгаарлана
Хайлааст, Дарь-Эхийг холбосон замын гүүрнээс 14 дүгээр хорооны авто замтай холбогддог замын хөдөлгөөнийг хаажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангах квотыг 10 хувь болгожээ
Ж.Чулуунжаргал: “МОНБАТ бидний аврагч бурхан” гэх үгийг сонсоод огшиж, үе үеийн энхийг сахиулагчдаараа бахархсан
“Виз гаргаж өгнө” хэмээн 491 хүнийг хохироосон этгээдэд 10 жилийн хорих ял оноов
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан хуулийн этгээдийг 30 сая төгрөгөөр торгожээ
БИЧЛЭГ: Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж байна
Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой хоёр тушаал бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно
А.Амундра АТГ-т хүсэлт гаргажээ
Насанд хүрээгүй 446 хүүхдэд шийтгэл оногдуулжээ
Төв талбай дээр Монголын 30 орчим рестораны тогооч нар ази, европ хоол хийнэ
1-р улирлын төлбөрийн баримтаа 2026.04.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй
15 жилийн өмнө ч шатахууны ханш савлагаатай, Ойрхи Дорнодод мөргөлдөөнтэй байв
Пара Бочигийн улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн эхэллээ
ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно
Засгийн газар 19 сайд, ЗУРГААН дэд сайдтай ажиллана
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна
Менингококкт халдварын улмаас гурван хүүхэд нас баржээ
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Ховд аймгийн Дөргөн суманд гарсан хээрийн түймэрт нэг хүн амиа алджээ
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзлаа
Хулгайн зөрчил дөрөв дахин өсжээ
Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв
ТАНИЛЦ: Н.УЧРАЛЫН ЗГ-Т АЖИЛЛАХ ДЭД САЙДУУД
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.