102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа

2 цаг 14 минутын өмнө

Хоригдолтой би хүний ёсоор харьцаж байсан

Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч буй эдүгээ 102 настай Гомбын Чогсомжав гуайтай уулзаж түүхэн яриаг сонссоноо уншигч олондоо хүргэе. Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа П.Бадамдорж бид хоёр өнгөрөгч намар Зүүнхараагийн хорих ангийн захиргаанд ажиллаж олон хүндтэй бууралтай уулзсаны нэг нь Чогсомжав гуай байлаа. 100 насыг давсан эл буурал ухаан санаа мөн ч сийрэг “Төрийн хуяг” цолны малгай, хувцасаа өмсөөд хорих анги дээр өөрөө ажрахгүй алхаад ирсэн юм. Тэртээ 1945 онд, чөлөөлөх дайны дараа олзлогдсон япон цэргийг Сэлэнгийн Алтанбулагаар Монголд тууж ирсэн, тэрхүү үйл явдлын гэрч болсон хүмүүсээс эдүгээ ганцаараа сэрүүн тунгалаг байж цаг, түүхийн гэрч болон үлдсэн хүн нь Г.Чогсомжав гуай. Улсын төв шорон “Батцагаан” нэртэй Дунд голын тэнд байхад хянагчаар ажиллаж Л.Дандар баатрын хоригдлоо гэх яриаг тухайн цагт сонсож, “Цогт тайж” киноны Улаан малгайт буюу жүжигчин Лувсанжамц, Төрийн шагналт зохиолч Чойжилын Чимид гээд нэр алдартай хүмүүсийн хоригдож байхад хориход ажиллаж байсан нэгэн.


-Та аль нутгийн хүн бэ?

-Би чинь Говь-Алтай аймгийн Дарви сумын хүн. Ихэс нуурын баруун эрэг дээр төрсөн. Манай аав нэхий Гомбо гэж даншгийн бөх хүн байсан. Аав маань Хатанбаатар Магсаржавын цэрэгт хоёр жил явсан, тэгээд хүрээнд ирсэн байна. Тэр үед нь ээж маань өөрийнхөө аав ээжийгээ дагаад Улаанбаатарт ирж Богдод мөргөж явсан юм билээ. Ингээд аав ээж хоёр хүрээнд танилцсан байдаг. Аав цэргээсээ халагдаад байсан үе гэдэг. 1932 онд аав минь 52 насандаа нас барсан байдаг. Аавыгаа өнгөрөхөд би 7 нас хүрч байсан. Тэгэхээр би 1925 онд төрсөн хүн болно. 1944 онд цэрэгт явсан. Улаанбаатар хотод Улаанхуаранд очсон. Тэндээсээ Дорнодын Баянтүмэнгийн 5 дугаар дивизэд очсон.

 

14 дүгээр морьт хорооны тагнуулын ангид байсан. Манай хороон дарга Жамбал гэж хүн байгаад сүүлдээ дивизийн дарга болсон. Дивизийн дарга Доржпалам гэж Сэлэнгийн буриад дэслэгч генерал хөгшин байсан. Залуу жанжин Лхагвасүрэн гуайг би мэднэ. Батын Дорж генерал гэж сайхан зантай хүн байлаа. Сайхан сайхан улсууд цэрэгт зөндөө байлаа. Армийн генерал, хурандаа генерал, дэслэгч генерал гээд л өнөөдөр домог мэт яригдаж байгаа хүмүүсийг дэргэдээс нь харж, цэрэг хүний ёсоор тэднээс үүрэг даалгавар авч явлаа. Доржпалам гуайн дараа Жамбал мөн дэслэгч генерал цолтой дивиз командалж байсан. 1952 онд хороо татан буугдах үед Дорнод аймгийн дарга болж байсан, тэр нутгийн хүн байсан.

-Олзны япончуудыг тууж авчрах үүрэг хүлээсэн байх юм. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-1945 оны дайнд Баянтүмэнгээс урагшаа Хятад руу явсан. Цагаан хэрэмд очсон. Шар мөрөнд тулж очсон. Тагнуулын ангид байсан учир ийш тийшээ зөндөө явсан. Байдал түгшүүртэй байсан цаг. Байранд бараг хонодоггүй, дандаа хээр хононо. Мэнэнгийн талд хээрийн сургууль нэрээр мөн ч явж байсан. Ингээд 1948 онд албаа хаагаад Дотоод яаманд ирж байлаа. 1945 онд олзлогдсон япон гэж 20 мянган япон цэргийг тууж авчирч байв. Хамгаалах хороо гэж тусгай хороо байгуулаад, хамгаалах хорооны дарга цагаан хөмсөгт Цэндхүү гэж хүн байсан. Бид их хойгуур туугаад их ядарч зүдэрч явсан. Хар мөрөнгийн захаас урагшаа Оросын нэг хот байгаа юм. Тэр хотын урд талаас явган туугаад Сэлэнгийн Алтанбулагаар орж ирсэн. Арваннэгдүгээр сарын 20-нд ирж байсан. Өнөө японууд чинь зуны хувцастай. Замдаа хөлдөж ч их үхсэн. Хоёр чих нь, хамар нь цайгаад осгож үхнэ. “Самьяа дийска” гээд бүгд орилолдоно. Тэр нь хүйтэн байна гэж байгаа юм. Русский, Монголский гээд орилолдоно, хөөрхий минь хөлдөж үхэхийнхээ өмнө амь гуйж байгаа нь тэр. Үхсэнийг нь хөнжилд боогоод л хаяад явна даа, өөр яахав.

Хар мөрөнгийн зах дээрээс Оросоос хүлээж авсан. Оросын нэг хурандаа, ахмад хоёр ирж тоолоод 20 мянган япон хүлээлгэж өгсөн. Офицеруудыг нь нэг жагсаагаад, цэргүүдийг нь нэг жагсаагаад эмх цэгцтэй, журамтай хүлээлгэж өгсөн юм шүү. 20 мянга дотор өмнөд монгол 700 гаруй хүн байсан. Тэднийг тэгээд салаа цэрэг л туусан юм. 31 дүгээр отрядын штабын дарга ахалж байсан. Бид явган тууж байгаад замдаа вагонд суугаад Манжуурт ирсэн. Манжуурт иртэл дайн болоод төмөр замыг нь таслаад хаячихсан, ёстой үнсэн товрог гээч нь болсон, жинхэнэ дайн болсон газар чинь тэр байсан. Тэнд Японы 35 дугаар арми гэж бактерлогийн зэвсэгтэй аюултай арми байсан. Ингээд нэг юм, ядарч туйлдахын даваан дээр эх орондоо ирлээ. Шинэ цэргүүд ирж олзны япончуудыг хүлээж авсан. Тэдэнд цэмбэн цамц, өмд тавьж өгч байсан. Биднийг угтаж авахад Батын Дорж гуай гээд дандаа генералууд суусан. Манай суман цэргийг Монголын “Бид ялав”, Мөн Зөвлөлтийн бид ялав болон Байлдааны хүндэт медалиар шагнаж, архи дарс ч болсон. Олзлогдсон япончууд Монголд ирээд их юм хийсэн.

-Манай олон түүхэн газрыг барьсан байдаг?

-Тийм ээ, барилга их барьсан. Засгийн газрын ордны суурь өргөтгөлийг хийсэн. Урлагийн театруудыг барьсан санагдаж байна. Орон сууц их барьсан. Өргөн чөлөөний замыг тавьсан, Гадаад яамны суурийг ухсан, ер нь япончуудын гар хүрээгүй юм тухайн үед байгаагүй. Олзны цэргүүдийг би хоёр жил манасан. Тэгээд 1947 оны 10 дугаар сард Алтанбулагт Орост хүлээлгэж өгсөн. Би бас явсан. Буу ч байхгүй, цагаан дээлтэй хөгшин орос цэргүүд ирээд аваад явсан. Япончууд Монголд байхдаа бөөсөнд баригдаж бас үхсэн. Бөөсний тип гэдэг өвчин сүйдэлсэн юм. Нэг эмэгтэй их эмч байсан. Дамбадаржаагийн хийдийн тэнд япон цэргийн госпиталь байсан, тэнд ажиллаж байгаад нас барсан. Одоо шарил нь бий. Хоёр жилийн өмнө (2023 он) намайг шарил дээр нь аваачиж үзүүлсэн.

-Та Засанд ажилласнаа ярихгүй юу. Тэр үеийн шорон ямар байв?

-1948 онд цэргээс халагдахад намайг Засанд шилжүүлсэн. Халагдах цэргийн карантин дээрээс найман хүнийг шууд шилжүүлж байсан. Тэгэхэд би Төв сургуулийн 2 дугаар курст байсан. Цэргийн эрдмийн багш Пагд хурандаа гэж байлаа. Жижиг группийн ажиллагааны тагнуулын сургууль гэж байсан. Буяндэлгэр гэж төв сургуулийн захирал хурандаа байсан. Дотоод яамны цэргийн төв сургууль шүү дээ. Яамны төв сургуулиас Төв шоронд очлоо. Төв шорон гэдэг нь Дунд голын тэнд, Арслантай гүүрний зүүн талд. Саяхан би очиж үзсэн. Тойруулаад хашаа барьчихсан эзгүй юу ч байхгүй байна лээ. Үйлдвэрийн байр гэж эмэгтэйчүүдийг оруулж луусан цагаан гутал, монгол оймс хийдэг байсан юм. Харин хойшоо харсан тэр намхан цагаан байшин хэвээрээ байна лээ. Тууж аваачиж оруулаад гаднаас нь цоожилчихно. Тэгээд эмэгтэйчүүдийг луусангийнхан гэдэг болсон. Батцагааны үед бүх шорон тэнд байсан. Их том хашаатай. Эхлээд эмэгтэйчүүдийн байр. Тэгээд лам нарын том хар гэрүүд. Монгол ялтангууд, нөгөө талынх нь хүрэн дүнзэн байшинд нь гүйцэтгэх албаны комиссын хүмүүс. Түүний нөгөө талд гадаадын харьяатууд. Оросын цэргээс оргосон, Казахстанаас ирсэн, Хятадаас ирсэн, Хөх нуурын Монголоос баригдаж ирсэн хүмүүс. Би тэнд дөчин найм, дөчин есөн онуудад байсан. Мундагууд бүгд шоронд байсан. Зохиолч Чойжилын Чимид, өнөө “Ургацын далай” нэвтрүүлэг сүүлд явуулдаг байсан Буриад Цэдэндамбаа байсан. 1949 онд Бөмбөгөр ногоон шатсаныг хараад, мөн сайхан шатаж байна аа гэж хэлээд шоронд ордог хэн билээ дээ, нөгөө алдарт жүжигчин (Шаравдоо гуайг хэлж байна). “Улаан малгайт” Лувсанжамц байсан, бурхан зурсан хэрэгтэй. Гянданд бас зөндөө хүмүүс байсан. Дээд доод өрөөнүүд битүү хүнтэй. Би бол яаж эндээс нэг холдъё доо гэж боддог байлаа. Тэр хүмүүсийг би зодож нүдэж байгаагүй. Тусгай комисстой гаргаж, өдөр нэг цаг наранд суулгадаг байсан. Буутай харуул зогсоно. Танхай болдоггүй нөхдөд Сталины номхруулдаг цамц гэдгийг өмсгөдөг, түүнийг өмсгөөд дээд тал нь 20 минут болгодог л гэж ярьдаг байсан. Би тэр цамцыг нь бол хараагүй.

-Луусан цагаан гутал хийж байснаар нь эмэгтэйчүүдийн хорихыг луусангийнхан гэдэг болсноос аваад, хуучны домогт хүмүүсийг хоригдож байхад нь ажиллаж байсан гээд бодохоор Та арга байхгүй эртний хүн гэдэг нь мэдрэгдэж байна. Шоронгийн айхавтар хуяг байсан уу?

-Дараа нь Шар хадны чангаланд харуулын бага даргаар очсон. Шар хадны тэндээс очиж чулуу авдаг, чулуу хийлгэдэг байсан. Голдуу танхай хэрэгтэй, хулгай хийдэг, тэнэдэг, оргодог нөхдийг тэнд аваачдаг байлаа. Хүн хүндээ хайртай гэдэг үнэн юм шүү. Сүүлд нэг хянагчтай хоёулаа Эрдэнэт явлаа. Нэг муу “Аавын цээж” машинтай. Хоромон гуталтай, даараад болдоггүй. Ер нь осгож үхэх нь байна шүү. Замд том гэрээс утаа баагиж байна, оръё гээд орсон чинь нэг өндөр хөгшин “Өө миний хуяг ороод ирлээ” гээд. Дээлээ өмсөөд золгоно гэдэг юм. Ёс төртэй золгочихоод “Би чамд, Шар хадны чангаланд туугдаж явсан” гээд нэрээ хэлж байна. Цай чанаж, хоол хийгээд, мах чанаад авдраасаа нэг шил юм гаргаад, намайг их ч хүндэтгэсэн юм. Би хогийн юм байсан бол тэгж намайг хүндэтгэхгүй дээ, юун хоол цай бараг хөөгөөд гаргах биз. Энэ муу шоронгийн яргачин гээд. Би дайнд явахад эвлэлийн гишүүн байсан, тэгээд дараа нь намын гишүүн болсон. Зарчимтай хүн байсан юм. Хоригдолтой би хүний ёсоор харьцаж байсан. Миний цэргийн үнэмлэх бүх зүйл бий. Бас нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, 1957 онд Герман руу засангаас, гал командаас, цагдан сэргийлэхээс тус бүр долоон хүн явсан. Бид Дарханаас хөдөлсөн. Герман руу мал хүргэсэн. Хонь, буур, хоёр ботготой ингэ, нэг сарлагийн бух, хоёр сарлагийн тугалтай үнээ зоопаркт хүргэсэн. Таваарын вагоноор авч явсан. 3800 хонь 10 бод авч явсан. Засангаас Цагаанбилэг гэж харуулын бага дарга Мөнгөнморьтын, төв хороо Дамдин, Шагдар, Цоодол бид явсан. 30 хоног явж очсон түүх бас байдаг юм.

Ингээд би дараа нь Зүүнхараагийн хорих лагерт ирсэн. Дарга нь сүүлд хурандаа Халтар байсан. Их сайн хүн. Сономцэрэн гэж харуул хамгаалалтын хүн байсан. Дараа нь Харцага, Чүлтэмсүрэн, Гонгор, Лувсанпэрэнлэй гээд олон лут дарга нар байсан. Дээд спиртэд цоохор Чулуун гэж хурандаа даргатай хорих анги байсан. Манай засангийн харьяа байв. Мөн Дээд спиртэд эмэгтэйчүүдийн хорих анги байсан. Хараагийн хөвөөн дээр гол дунд нугасан тохойн усан тээрэм гэж байлаа, дарга нь Чагцал гэж намхан ахмад. Зүүнхараагийн хүн байсан. Тэнд нугасны үйлдвэр байлаа. Энэ хамт олны дунд ажиллаж байгаад 1987 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо ингээд 100 нас (102)-ыг насалж байна, өвчин хууч гэж байхгүй сайхан байна. Би чинь дайны талбарт дарийн утаа үнэрлэж явсан ч хүн алж байгаагүй, урт насалж байгаагийн нэг буян тэр байх гэж боддог. Засан хүмүүжүүлэх байгууллагадаа бүх насаараа ажилласан. Одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээд шагнал “Төрийн хуяг” гэдэг өндөр цол хэргэмийг надад өгсөнд баярлаж явдаг юм.

 

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.