Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!

2 цаг 2 минутын өмнө

Том тендерүүд хамж, төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар "завшсан"

Том тендерүүд хамж, төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар "завшсан" нь баримт сэлттэйгээ дэлгэгдчихээд байхад “Ядуу монголчууд арзалзаж л байг, яасан ч надад хамаагүй” гэж буй аятай соохолзон алхах Б.Батцэцэг сайдын ард чухам хэн байна вэ? Лав л түүнд үе үеийн Ерөнхий сайд нар жулддаг. Дургүйгээ хүрвэл хов зөөж байгаад суудлаас нь ховхолчихдгийг улстөрчид бүү хэл улс хотлоороо мэддэг болчихсон. Тэгвэл Гадаад харилцааны сайд эмэгтэйн Ерөнхий сайд нарыг баздаг хүч хаанаас ундраад байна вэ? Яг хэний нөмөр байгаа болоод гадаад харилцааны салбарыг элгээр нь хэвтүүлчихсэн Б.Батцэцэг сайд хариуцлага хүлээх нь битгий хэл гавьяа байгуулсан аятай сээхэлзэж явна вэ? Ядаж л АНУ-ын визний хоригт улсаа оруулсных нь төлөө хариуцлага тооцдоггүй юм уу?

Гадаад харилцааны сайдын хувийн компаниудад ажиллаж байсан Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл, Б.Сувдмаа гэсэн гурван эмэгтэй гадаад паспорт хэвлэдэг төрийн компаниас тэрбум, тэрбумаар нь сайд Б.Батцэцэгийн компаниуд руу шилжүүлсэн нь баримтаар илэрч олныг бухимдуулав. Хэвлэл мэдээллийнхэн тэдний луйврын баримтыг шилэн данснаас шүүж дэлгэснээс хойш хагас сар болчихлоо. “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн оролцоот ХХК-ийн 51 хувийг УБЕГ эзэмшдэг бол үлдсэн 49 хувийг Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий “Мигасон” гэх хувийн компани эзэмшиж, төсвийн мөнгөөр тоглосоор нэг биш, гурван жил өнгөрчихлөө. Үндэсний аудитын газар жил бүр “Мигасон” гэх даварсан компанийн ноцтой зөрчлүүдийг илрүүлж, сануулга бичиг хүргүүлдэг ч сайд ба сайдын утсан хүүхэлдэй болсон гурван эмэгтэй хэнээс ч айхгүй дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн хэвээр байна.

Төрийн өмчит компаниас Б.Батцэцэгийн компаниуд руу урссан тэрбумууд он сар өдөр, тоо сэлттэйгээ дэлгэгдчихлээ. Сайдын хүүгийн үүсгэн байгуулсан компанийн хувьцаа эзэмшигч Б.Сувдмаа “Жордан Топпен трейд” гэж түүхгүй компани байгуулангуутаа өнөө төрийн өмчит компанид нь 20 гаруй тэрбумын бараа ямар ч шалгуургүй нийлүүлсэн нь илэрчихлээ. Энэ тухай нь сэтгүүлч С.Буддрагчаа баримт дүүрэн хоёр нэвтрүүлэг бэлтгээд цацчихлаа. Ингээд байхад л төрийн томчуудын хэн нь ч “Гадаад харилцааны сайдад хариуцлага тооцъё” гэж дуугарсангүй.

“Чөлөөлөлт” ярьж яваа Ерөнхий сайд хүртэл бүлх залгисан мэт таг чимээгүй. Ийм сэдэв болгон дээр тогтож ядан микрофон шүүрдэг УИХ-ын гишүүд ч ажин түжин. Хүсвэл хар шөнөөр гэрийг нь нэгжиж хэнийг ч бариад хорьчихдог АТГ-ынхан нам гүм. Хууль, цагдаагийнхан бүр сонссон ч шинжгүй ширэн нүүрлэж сууна. Ядах нь ээ л Ерөнхий сайд Н.Учрал танхимынхаа сайд Б.Батцэцэгийг өрөөндөө дуудаж “Энэ олон тэрбумыг үнэхээр танай компани руу шилжүүлсэн юм уу” гэж асуух ёстой юм.

Харамсалтай нь улс даяар том тендер хамж, өөр хоорондоо төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь шилжүүлж дураараа дургисан эдгээр эмэгтэйчүүд болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хэн ч, юу ч хэлж чадахгүй байна. Луйврыг нь илчилсэн баримтууд дэлгэгдсээр байхад “Ядуу монголчууд арзалзаж л байг, яасан ч надад хамаагүй” хэмээн тавлаж буй аятай сээхэлзэж соохолзсон сайд эмэгтэйн цаана ер нь ямар том нөмөр нөөлөг байна вэ?

Цаг хугацааг ухрааж харъя. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхийлөгч бид хоёрыг төрийн ховч муужгай нэг сайд салгасан” гэсэн битүү хатуу үг унагаж байв. Ингэж хэлснээсээ хойш удсан ч үгүй огцорч байлаа. Дараахан нь Д.Амарбаясгалан “Төрийн томчуудын дунд хор хутгаж хов зөөдөг хүмүүсийн нэг бол Б.Батцэцэг сайд” гэсэн ил шулуун үг унагаатахсан. Ингэж хэлснийхээ дараахан УИХ-ын даргынхаа суудлыг өгч байв. Ингээд харахаар Б.Батцэцэг сайдын хувьд үе үеийн Ерөнхий сайд нар жулддаг бололтой юм. Тэгэхээр Н.Учрал Ерөнхий сайдад буруу өгөх аргагүй ч юм шиг. Хов зөөж байгаад танхимынхаа тэргүүнийг өшиглөөд унагачихдаг хүч сайд эмэгтэйн хаанаас гараад байна аа, ингэхэд?!

Дэд сайдын албыг нь тооцвол гадаад харилцааны салбарыг 10 жилийн турш атгасан бярынх нь цаана хэний ямар нөлөө байна вэ? Бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монгол улсаа АНУ-ын визний хоригт оруулсан хэрнээ, гадаад харилцааны салбарыг элгээр нь хэвтүүлсэн мөртлөө, “Нот бичиг гэж юу вэ” гэсэн танин мэдэхүйн асуултад ч хариулж чадахгүй суугаа хэрнээ хариуцлага хүлээх нь битгий хэл гавьяа байгуулсан аятай сээхэлзэж яваад нь улсаараа гайхаад байх юм. Энэ их сээхэлзлийн чинь ард хэн байгаа юм бэ, Б.Батцэцэг сайд аа?

 

Д.БАТБОЛД

ӨДРИЙН СОНИН

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.