“Цахим гав”-аа удаа дараа унтрааж, 500 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгээр хахууль өгөхийг завджээ

1 цаг 21 минутын өмнө

Иргэн Г.Р-ийг шүүхээс 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах

Иргэн Г.Р-ийг шүүхээс 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Гэвч тэрбээр ял эдэлж байхдаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хянах төхөөрөмжийг удаа дараа унтрааж зөрчил гаргасан.

Улмаар энэ үйлдэлдээ зохих хариуцлага хүлээхгүй байх ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид нэр бүхий компанийн 500 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийг хахууль болгож өгөхийг завджээ.

Нийслэлийн прокурорын газраас эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна.

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.

Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтны гар, хөл болон биеийн аль нэг хэсэгт хяналтын тоног төхөөрөмж зүүнэ.

Шүүх “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хуульд нэрлэн заасан хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх зэргээр зорчих эрхийг хязгаарлах ялыг оноодог. 

Ялтан зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж хяналтын бүсээс гарах, хориглосон газарт очих, уулзахыг хориглосон хүнтэй харилцах, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгах, гэмтээх, хэвийн ажиллагааг нь сарниулах, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, эсэргүүцэх зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хуульд заасны дагуу хорих ялаар солино.

Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтны гар, хөл болон биеийн аль нэг хэсэгт хяналтын тоног төхөөрөмж зүүнэ. Энэ төхөөрөмжийг "Цахим гав" эсвэл "Цахим бугуйвч" гэж нэрлэдэг. Энэхүү зөөврийн хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. 

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1. Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.