О.Саранчулуун: Хүүхдүүддээ багаас нь зөв хооллох дадал суулгачихвал 10, 20 жилийн дараа эрүүл иргэдтэй болно

52 минутын өмнө

Энэ байдал Үндсэн хуулийн Цэц зэрэг бусад төрийн дээд байгууллагад ч ажиглагддаг.

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган дундаа орж байна. Энэ удаагийн чуулганаар төсвийн хүрээ-ний мэдэгдэл, төсөвтэй холбоотой томоохон асуудлууд хэлэлцэж байна. Та гишүүнийхээ хувьд ямар асуудалд төвлөрч байна вэ?

-Миний хувьд яг хоёр том бүлэг асуудалд төвлөрч ажиллаж байна. Нэгдүгээрт, хүртээмжийн асуудал. Өөрөөр хэлбэл, бүх төсвийн захирагч, сайд дарга нар төрийн аливаа үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулахад юу төсөвлөж байгаа вэ гэдэгт анхаарч байна. Тухайлбал, налуу замаас эхлээд мэдээллийн самбар, хаягжилт, цахим үйлчилгээний хүртээмж, хадмал орчуулгатай үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах зэрэг бодит ажлуудыг төсөвт хэрхэн тусгаж буйг харж байгаа. Хоёр дахь том асуудал бол нийгмийн эрүүл мэнд. Үүн дотор хамгийн түрүүнд хүүхдийн хооллолтын асуудал байна. Өнөөдөр сургуулийн хүүхдүүд өдрийн хоолоо тогтмол идэж хэвших орчин нөхцөл хангалтгүй байна. Нөгөө талаас идэж байгаа хоол нь шим тэжээлийн дутагдалтай. Мөн хүүхэд хоолоо тайван, хангалттай хугацаанд идэх дадал хэвшээгүй байна. Өнөөдрийн цэргийн үзлэг, хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлын тайлан мэдээллийг харахад хоол боловсруулах тогтолцооны өвчлөл маш их болж. Эрүүл монгол хүний тухай ярьж байгаа бол энэ асуудлыг орхиж болохгүй. Хэрэв бид энэ жилээс хүүхдүүддээ зөв дадал зуршил суулгаж чадвал 10 жилийн дараа 10 дугаар анги төгсөж байгаа хүүхэд өдрийн хоолоо тогтмол идэх нь ямар чухал вэ гэдгийг ойлгодог болсон байна гэсэн үг.

Энэ бол нийтийн эрүүл мэндийн маш чухал асуудал. Тиймээс энэ асуудлаар Өргөдлийн байнгын хороон дээр санал оруулсан. Салбар дундын зохицуулалтыг хэрхэн хийх талаар байнгын хорооноос тогтоол гаргуулахаар ажиллаж байгаа. Тогтоолын хүрээнд хүүхдүүдийн эрүүл дадал зуршлыг бүх боломжит хувилбараар дэмжих ажлыг хийхээр зорьж байна.

-Ер нь орж ирсэн төсвийн хүрээний мэдэгдэлд та ямар байр суурьтай байна вэ. Орлого, зарлагын хэмжээ өссөн, алдагдал ч нэмэгдсэн гэсэн шүүмжлэл гарч байна?

-Улсын төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь яг орж ирэхдээ нэг хүснэгтэд үндсэндээ арав гаруй эдийн засгийн үзүүлэлтийг харуулсан багц тоо л орж ирдэг. Тэр дотор нийгмийн халамжийн үйлчилгээний зардал, ялангуяа халамжийн зардал өсөх, бууралт, ДНБ-тэй ямар харьцаатай байна вэ гэдэг ерөнхий дүнгээс илүү мэдээлэл харагддаггүй. Бидэнд бол багц тоо л ирж байна гэсэн үг. Тиймээс зардлын үр өгөөжийг харахын тулд хүртээмжид яг юу зарцуулж байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд юу зарцуулж байна, хүүхдүүдэд юу зарцуулж байна, ахмад настнуудад юу зарцуулж байна гэдгийг задалж харах шаардлагатай болдог. Ингэхийн тулд үйл ажиллагааны талаарх төсвийн хоёрдугаар хавсралт, гуравдугаар хавсралтад юу туссаныг шүүж үздэг юм. Өнгөрсөн жилээс нэг ахиц гарсан зүйл нь Сангийн яамны зүгээс төсвийн захирагч нарт илгээдэг төсөв бүрдүүлэх форматдаа хүртээмжийн ангиллын код оруулсан явдал юм. Энэ нь ямар давуу талтай вэ гэхээр аймаг, нийслэлийн Засаг даргаас эхлээд бүх төсөв төлөвлөж байгаа байгууллага төсөв дотроо мэдээллийн хүртээмж, орчны биет хүртээмж, хүний хөгжлийн хүртээмж, үйл ажиллагааны оролцооны хүртээмж зэрэг асуудалд хөрөнгө тусгах боломжтой болж байгаа юм.

-Төсвийн хүрээнд хүртээмжийн асуудал бодитоор хэмжигдэх боломж бүрдэж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Одоо манай аль аймаг, сум, дүүрэгт ямар чиглэлийн хүртээмж дээр ахиц гарч байна вэ гэдгийг харах боломжтой болж байна гэсэн үг. Гэтэл нэг харамсалтай дүр зураг давтагдаж буй нь хүний хөгжилтэй холбоотой төслүүд төсөвгүй орж ирж байгаа асуудал. Жишээлбэл, шүдний эрүүл мэндийн төсөл байна, хүүхдийн эрүүл дадал зуршилтай холбоотой төсөл байна, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг олон улсын үйл ажиллагааны ангиллаар ангилах асуудал байна. Ийм төслүүдээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр гэхэд л есөн төсөл үйл ажиллагаа ардаа төсөвгүй орж ирсэн байна. Төсөвгүй төсөл гэдэг маш эрсдэлтэй. Учир нь Хууль тогтоомжийн тухай хуулиар заавал хийх ёстой үйл ажиллагааг төлөвлөчихсөн мөртлөө хаанаас санхүүжих, яаж хэрэгжих нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ, тооцоолол нь гараагүй байна гэсэн үг. Ингэхээр өнгөрсөн жилүүдэд оруулж, ахиулж байсан ажлууд маань эргээд ухрах вий гэсэн болгоомжлол надад төрж байгаа. Жишээлбэл, бид Хавдрын хоёрдугаар эмнэлэг зэрэг томоохон төслүүдэд 300-400 тэрбум төгрөг төсөвлөж байна. Гэтэл яг тэр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл дадал зуршил бий болгох асуудалд нэг, хоёр, гурван тэрбум төгрөг л төсөвлөж байна. Тэгэхээр манай тогтолцоо барилга байшин, том бүтээн байгуулалт руугаа илүү хөрөнгө оруулж байгаа мөртлөө хүний хөгжилтэй холбоотой төслүүд нь ихэвчлэн гадаадын зээл тусламж, эсвэл тодорхойгүй эх үүсвэрээр явж байна гэсэн үг.

-Сүүлийн үед томоохон төслүүдтэй холбоотой хуулийн төслүүд УИХ дээр унаж байна. Үүнээс болоод том төслүүд гацаанд орж магадгүй гэсэн асуудал яригдаж байгаа. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Ер нь УИХ-аар орж ирж буй бүх төсөл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байдаг. Харин тэр мөрийн хөтөлбөр нь гурван намын зорилтуудыг нэгтгэж боловсруулагдсан. Өөрөөр хэлбэл бүгдээрээ үзэл баримтлалын хувьд дэмжээд, “Энэ чиглэлээр улс орноо хөгжүүлье” гэж баталчихаад хэрэгжүүлэх шат дээрээ буцаачихдаг нэг асуудал байх юм, жаахан хариуцлагагүй гэмээр. Мөн хэлэлцэх эсэхийг нь дэмжиж оруулж ирчихээд, эцэст нь батлах дээрээ унагаадаг сонин үзэгдэл бий. Юун түрүүнд төсөл санаачлагчид, ялангуяа томоохон төслүүд дээр олон нийтэд мэдээллээ маш нээлттэй, “шилэн” байдлаар хүргэх ёстой байдаг. Энэ тал дээр манайхан, ялангуяа мэдээллийн хүртээмжийн хувьд дутагдалтай байдаг юм болов гэж анзаарсан. Тэгээд асуудал хурцдаад, иргэд эсэргүүцээд, мэдээллийг нь сөхөөд үзэхээр уг нь зөв төсөл байсан байдаг. Гэтэл анхнаасаа бүх төлөөллийг оролцуулж, олон нийтэд ойлгуулж, байнга мэдээлж явсан бол зарим төсөл явах боломжтой байсан гэж боддог.

-УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, улс төрийн намууд зэрэг олон тал гаргаж байна. Эдгээрийг нэгтгэн хэлэлцэх боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Ижил асуудал, эсвэл нэг хуулийн хүрээнд өргөн баригдсан төслүүдийг нэгтгэн хэлэлцдэг туршлага парламентын практикт бий. (Жишээ нь: Өнгөрсөн жил Б.Түвшин гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой төслийг салбарын яамны өргөн барих гэж байсан төсөлтэй нэгтгэж байсан). Одоо өргөн баригдаж буй хуулийн төслүүд нь өөр өөрийн арга зам, үзэл баримтлалтай ч үндсэндээ нэгдмэл зорилготой байна. Тухайлбал, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий парламентын үйл ажиллагааг сайжруулах, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, парламентын засаглал, ардчиллыг бэхжүүлэх. Тиймээс эдгээр төсөл нь УИХ-ын Дэгийн тухай хууль болон Үндсэн хуулийн хүрээнд зайлшгүй огтлолцох учраас цаашид нэгтгэгдэн хэлэлцэгдэх нь гарцаагүй юм. Гагцхүү эдгээрийг аль байнгын хороогоор хэлэлцэх, ямар хамтарсан ажлын хэсэг байгуулах нь одоогоор тодорхойгүй байна.

-Таны хувьд Ёс зүйн дэд хороотой холбоотой асуудал гарсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Одоогоор ямар ч шийдвэр гараагүй байгаа бөгөөд би үүнийг л хамгийн их шүүмжилж байна. Энэ бол хэн нэгэн хувь хүн рүү дайрсан хэрэг биш, харин институцийн түвшний зарчмын асуудал юм. Олон улсын жишгээр парламентын Ёс зүйн хороо нь хууль тогтоох байгууллагын дэг, ёс зүйг байнга төгөлдөржүүлэх чиглэлд ажилладаг бөгөөд олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх ёстой байгууллага. Гэтэл манайд энэ зарчим алдагдаж, хоёр том дутагдалтайгаар ажиллаж байна. Нэгдүгээрт, тэгш бус хандлага. Хүмүүсийн асуудалд улс төрийн зорилгоор, алагчилж ханддаг. Заримыг нь дөвийлгөж ярьдаг хэрнээ заримд нь зүй ёсны хариулт өгдөггүй нь Ёс зүйн хороо өөрөө ёс зүйгүй байгаагийн илрэл юм. Хоёрдугаарт, дүр эсгэсэн ил тод байдал. Хуралдааны зөвхөн эхлэл, төгсгөлийг олон нийтэд харуулаад, гол шийдвэрлэх үйл явцаа хаалттай явуулдаг. Үүнийг жинхэнэ ил тод байдал гэхгүй. Энэ байдал Үндсэн хуулийн Цэц зэрэг бусад төрийн дээд байгууллагад ч ажиглагддаг. Төрийн толгой байгууллагуудад тогтсон ийм дүр эсгэсэн байдлыг халахын тулд УИХ-ыг хамгийн түрүүнд "Өөрсдөөсөө эхлээсэй" гэдэг үүднээс би энэ асуудлыг хөндөж байгаа юм.

-Ордны гадаа ахмадууд тэтгэврийн асуудлаар тогтмол жагсаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Одоогоор миний хувьд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байна. Ордны гадаа жагсаж буй иргэдийн шаардлагыг судалж үзэхэд үндсэн гурав ангилж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, халамжийн тэтгэвэр авагчид. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй ч Халамжийн сангаас тэтгэвэр авдаг иргэд. Хоёрдугаарт, бага тэтгэвэр авагчид. Нийгмийн даатгалын сангаас маш бага хэмжээний тэтгэвэр авч буй хүмүүс. Гуравдугаарт, итгэлцүүрийн өөрчлөлтөд хохирогсод. Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилсэнтэй холбоотойгоор авах ёстой байсан хэмжээ нь буурсан гэх иргэд гэж харагдаж байгаа юм. УИХ-ын зүгээс итгэлцүүрийн өөрчлөлтөд хохирсон гэх иргэдийн өргөдөл, гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн. Иргэн бүртэй биечлэн уулзаж, хаана алдаа гарсныг тодруулан, тэтгэвэр буурсан шалтгааныг нэг бүрчлэн шалгаж шийдвэрлэх чиглэл өгөөд, одоо энэ үйл явц үргэлжилж байна. Тэгэхээр тэтгэвэр гэдэг нь хүн насан туршдаа ажиллаж, цалингаасаа шимтгэл төлж хуримтлуулсан мөнгөө буцаан авах процесс юм. Гэтэл шимтгэл төлсөн иргэний тэтгэвэр, шимтгэл огт төлөөгүй халамжийн тэтгэвэр авагчийнхтай ижил түвшинд очиж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Тиймээс манай улсад байгаа 400 орчим мянган ахмад настнаас яг хэд нь тэтгэврийн шинэчлэлийн хохирогч болсныг нарийн тооцох ёстой. Цаашид инфляцийн нөлөөлөл, хүн ам зүйн бодлого зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж байж хууль, эрх зүйн хувьд зөв гаргалгаатай шийдвэр гаргах шаардлагатай байна.

-УИХ-ын дарга, гишүүдийн тойрогтоо төсөвлөсөн хөрөнгийг аудит шалгана гэж мэдэгдсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Анхнаасаа тойргийн болон жагсаалтын гишүүдийн чиг үүрэг аяндаа ялгарч байгаа. Жишээлбэл, би нийгмийн эрүүл мэнд, хүртээмжийн асуудлаар мэргэжлийн хүрээндээ ажиллаж байна. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар ажиллаж байгаа. Жагсаалтын гишүүдийн хувьд тодорхой нэг аймаг, сумыг онцолж ажиллахаас илүү салбарын бодлого, улсын хэмжээний асуудал дээр төвлөрдөг. Би сая Нийгмийн ажлын тухай хуулийг 24 гишүүний хамт өргөн барьсан. Энэ хууль бол Монгол Улсад нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа бүх нийгмийн ажилтнуудын бодлогын асуудлыг шийдэх зорилготой. Тиймээс жагсаалтын гишүүдийн төсөв, үйл ажиллагааны цар хүрээ тойргийн гишүүдээс өөр логиктой байдаг.

-Ярилцлагын төгсгөлд онцолж хэлэх зүйл байна уу?

-Бид хүүхдүүдээ багаас нь зөв хооллоход дадуулах хэрэгтэй байна. Сургуульд орсон найман настай хүүхэд “Би яагаад лууван идэх ёстой вэ, яагаад бор будаа идэх ёстой вэ, яагаад махаа сайн зажилж идэх хэрэгтэй вэ, яагаад дэлгэц ширтэж хооллож болохгүй вэ” гэдгийг ойлгодог болох ёстой. Хэрвээ тэр хүүхэд үүнийг ойлгодог бол 18 настайдаа эрүүл иргэн болж өснө. Өнөөдөр эмнэлгийн статистикийг харахад хүүхдийн өвчлөл маш өндөр байна. Эх, хүүхдийн эмнэлгүүд яагаад ийм ачаалалтай байгаа юм бэ гэхээр бид хүүхдүүддээ буруу хооллолт, буруу дадлыг өгөөд байна. Цэргийн үзлэгийн датаг харахад хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдүүд маш их байна. Хүүхдүүдийн шүдний асуудал ч ноцтой байна. Тэгэхээр бид одооноос хүүхдийнхээ хооллох дадал зуршил дээр ажиллах “зөөлөн бодлого” хэрэгтэй байгаа юм. Бид хангалттай гал тогоо ярьсан, цэвэршүүлэгч ярьсан, сургуулийн заал ярьсан, хоолны танхим ярьсан, эрүүл ахуй ярьсан. Одоо харин дадал зуршлаа ярих цаг болсон.

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.