ТАНИЛЦ: НӨӨЦИЙН МАХ НИЙЛҮҮЛЭХЭЭР ГЭРЭЭ ХИЙСЭН КОМПАНИУДААС УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ЭЗЭМШДЭГ ГУРВАН КОМПАНИ БАЙНА

1 цаг 10 минутын өмнө

Нөөцийн махны асуудал өндрөө авч эхэллээ.

Нөөцийн махны асуудал өндрөө авч эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхий сайд Н.Учрал захуудаар явж махны үнийн талаар газар дээр нь танилцлаа. Тэрбээр үхрийн мах нэг килограмм нь 48 мянган төгрөгт хүрснийг сонсоод "уулга" алдав. 

Ийнхүү нөөцийн махны нийлүүлэлт муу байгааг мэдсэн Ерөнхий сайд хотын даргыг огцруулах нь тэр. Эл асуудалд хэрхэн яаж яваад нийслэлтэй холбогдсоны учрыг тодруулбал, жил бүр Засгийн газрын нөөц сангаас мах нийлүүлэгч ААН-үүдэд үйл ажиллагааны зардлын зөрүү олгодог. 2025 онд нийслэлээс 3.9 тэрбум, Засгийн газрын нөөц сангаас 12.6 тэрбум төгрөг олгосон бол 2026 онд нийслэл 2.5 тэрбум төгрөг гаргаж, харин Засгийн газар дэмжлэг үзүүлэхээс татгалзжээ. 

Шатахууны хомсдол, дизель түлш болон тээврийн зардал өссөнөөс мах бэлтгэн нийлүүлэгчид орон нутгаас татан авалт хийхэд хүндрэл үүссэн талаар нийслэл гуравдугаар сард Засгийн газарт танилцуулсан ч “Орон нутгийн төсвийн хүрээнд шийдвэрлэ” гэсэн хариуг өгчээ.

Үүний дараа хотын дарга Х.Нямбаатар нийлүүлэгч компаниудтай уулзахад, үхрийн махны үнийг 15 мянгаас 18 мянга, хонины махыг 13 мянгаас 15 мянган төгрөг болгож нэмсэн. Мөн борлуулалтын цэгийг 620 болгож өргөжүүлсэн байна.

Одоогийн байдлаар 1500 тонн орчим нөөцийн мах үлдэж, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 3500 гаруй тонныг борлуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд бэлтгэсэн 5016 тонн махны дийлэнх нь худалдаалагдсан гэсэн үг.

Харин Ерөнхий сайд Н.Учрал 2500 тонн нөөцийн мах алга болсон гэж мэдэгдэн, хотын даргыг ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр махны үнийн өсөлтийг нийслэлтэй холбон тайлбарласан ч махны үнэ өнөөдөр гэнэт өсөөгүй. Өнгөрсөн намраас, шатахууны хомсдолтой зэрэгцэн өсөж эхэлсэн бөгөөд Засгийн газар үнийн өсөлтийг тогтворжуулах дорвитой арга хэмжээ аваагүй өдийг хүргэсэн цаашид ч оролцохгүй гэж Э.Энхбаяр шадар сайд мэдэгдээд буй билээ. 

Тэгвэл нөөцийн махыг ямар компаниуд нийлүүлэх гэрээ байгуулсан бэ? гэдгийг одоо хүргэе. Нөөцийн мах бэлтгэн  нийлүүлэх гэрээлсэн есөн компанийн тав нь ганц ч тонн мах нийлүүлээгүй аж. Мөн улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг гурван компани байна.

ТЕГ-аас гаргасан статистик мэдээллээр нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан есөн ААН-ийн зургаа нь махаа бэлтгэсэн ч нийлүүлээгүй, гурван ААН-ээс 2.3 мянган тонн мах нийлүүлэгдсэн, 2.7 мянган тонн мах зах зээлд гараагүй аж.

  1. "ХКҮ" ХХК нь: Гадаад худалдаа, Консервын үйлдвэрлэл, Хиам, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Спортын клубын үйл ажиллагааны чиглэлтэй. Энэ жил 602 тонн нөөцийн мах нийлүүлэх гэрээ хийсэн. Одоогоор 1,998,1 тонн мах нийлүүлжээ. Үүнээс 926 тонн нь "Мах импекс"-ийн бэлтгэсэн мах, зөрүү болох 470 тонн махыг илүү нийлүүлжээ. 
  2. "Мах Импэкс" ХК нь:  Сүүлийн жилүүдэд тасралтгүй нөөцийн мах нийлүүлж буй. Эцсийн өмчлөгч нь Х.Баттулга. Энэ жил 926 тонн мах нийлүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд нөөцийн махаа Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшдэг "ХКҮ" ХХК-аар дамжуулан нийлүүлжээ. Нэг үгээр хэлбэл нийлүүлэлт бүрэн хийгджээ. 
  3. "Агронэгтгэл трэйд" ХХК нь: П. Сарангэрэл гэх хүн эзэмшдэг бөгөөд 2012 онд үүсгэн байгуулагджээ. Барилгын материалын худалдаа, Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Авто машины сэлбэг эд ангийн худалдаа, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг 12 үйл ажиллагааны чиглэлтэй. Нээлттэй мэдээллийн санд буйгаар төрийн 69 тендерт оролцож, 33-т нь шалгарчээ. Энэ жилийн Нийслэлийн нөөцийн мах бэлтгэлд нийт 800 тонн мах нийлүүлэх гэрээ хийсэн ч 29.1 тонн махыг л зах зээлд нийлүүлж, үлдэгдэл 770.9 тонн махыг нийлүүлээгүй байна.
  4. "Багануур махмаркет" ХХК нь: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Фермерийн аж ахуй, Мал аж ахуй, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Мал эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлтэй. 926 тонны мах нийлүүлнэ гэж гэрээлсэн ч одоогоор нийлүүлэлт хийгдээгүй ажээ. Тус компани нь Дорнод аймгийн засаг даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгчөөр 2017-2024 он хүртэл ажилласан М.Бас-Эрдэнийн эзэмшдэг хоёр компани Нийслэлийн нөөцийн махны 37 хувь буюу 1.8 мянган тонн махыг бүрдүүлэхээр гэрээлжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй болох нь ТЕГ-аас өгсөн мэдээлэлд байна.
  5. "Чойбалсан групп" ХХК нь дээр дурдагсан М.Бас-Эрдэнийн эзэмшлийнх юм. Дээрх хоёр компани нь нийт 1.8 мянган тонн махыг бэлтгэн нийлүүлэх байсан ч ямар ч нийлүүлэлт хийгдээгүй байгаа юм.
  6. "И Эн Пи" ХХК нь:  Тус компанийг Н.Эрдэнэбаатар гэх хүн эзэмшдэг бөгөөдГадаад худалдаа, Бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэлтэй. Харин  185 тонн нөөцийн мах нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Тэгвэл одоогоор нэг ч тонн мах нийлүүлээгүй байна.
  7.  "Жагаасанрайс" ХХК нь: Тус компанийг Батхүүгийн Жаргалсайхан эзэмшдэг бөгөөд мах, махан бүтээгдэхүүн боловсруулалт, Гадаад худалдаа, Хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй. Уг компани 407.0 тонн мах нийлүүлэхээр гэрээлж, 241.3 тонныг нийлүүлжээ. Үлдэгдэл 165.7 тонныг нийлүүлээгүй байна.
  8. "Мийт партнер" ХХК нь: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Гадаад худалдаа, Бууз баншны үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй. Тус компани 100 тонн мах нийлүүлэх гэрээлсэн ч одоогоор нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй байна.
  9. "Гомбо Хайрхан" ХХК нь: Гадаад худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Амралтын газрын үйлчилгээ зэрэг долоон үйл ажиллагааны чиглэлтэй. Энэ жил 144.5 тонн мах нийлүүлэх гэрээ байгуулсан ч одоогоор нэг ч тонн мах нийлүүлээгүй байна.

Нөөцийн мах бол үнийн хөөргөдлөөс сэргийлэх учиртай гэвч өнөөдрийн байдлаар энэхүү үүргээ эс биелүүлэв. 

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.