Н.Учрал Засгийн газарт АН-ыг урихаар намынхаа Бага хурлыг товложээ…

5 сар 20. 9:59

Эдүгээгийн Монголын бүх компанийн адил үйл ажиллагаа хумигдаж, орлого дундарч уу?

Эхлээд: Эрхэм захирал та компанийнхаа дансыг шалга, үйл ажиллагаагаа нэг нягтална уу. Хүндэт иргэн та халаасаа ух, түрийвчээ тэмтэр, хөргөгчөө ч онгойлгож үзнэ үү? Яаж вэ, яасан байна?

Эдүгээгийн Монголын бүх компанийн адил үйл ажиллагаа хумигдаж, орлого дундарч уу?

Хүн болгонтой ижил цалин орлого хүрэлцэхээ больж, түрийвч нимгэн, халаас хоосондуу болж уу?

Энэ бол: МАН угшилтай улстөрчдийн нэг жилийн турш хоорондоо зодолдсоны үр дүн.

Гэлээ гэхдээ бид энийг яс махандаа тултлаа хараахан мэдэрч амжаагүй байгаа.

Угтаа: Эдийн засаг ташраараа муудаж. Хүн амын амьжиргааны доод түвшнээсээ эхлээд хямарч байна. Эдүгээ захууд хүнгүй. Харин их дэлгүүрүүд хүний хөлтэй хэвээр байгаагаас тэгж дүгнэхээр байна. Өвдөнө, өлсөнө, их юм болно, цаашдаа. Ирэх өвөл хот хөлдөж, харанхуй болох нигууртай. Хөдөө ч мах үнэтэй, гурил ховордох шинжтэй.

Дашрамд дэмий: 12 онд байх аа, дэлхий сөнөнө гэж Монгол даяар юм болоод эдүгээгийн Ерөнхий сайд маань лаа чүдэнзээ базаагаад зуслан дээрээ хүлээж байв. Тэгэхэд дэлхий сөнөсөн бол ч…

Тэрнээс хойш 14 жил өнгөрч. Дэлхий хэвээрээ, гэлээ гэхдээ геополитикийн зөрчлөөс үүдсэн эдийн засгийн савлагаа болж байна. Гэтэл нь Монголд энийг тоож байгаа ч юм алга. Эрх мэдлийн төлөө бүтэн нэг жил зодолдлоо. Хажуунаас нь харах нь ээ: Эрх баригч улс төрийн хүчнийхний зодоон эдүгээ нэг төгсөх шат руугаа орж байх шиг.

Өнгөрсөн жилийн 5 дугаар сараас эхэлсэн энэ улс төрийн тогтворгүй байдал нь Дарга намаа авах гэснээс үүдсэн. Л.Оюун-Эрдэнийг цүнхээр, Д.Амарбаясгаланг Бор тээгээр зайлуулсан. Тэгээд өөрийнх нь үгийг үг дуугүй биелүүлдэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга томилсон. Өнгөрөгч бямба гарагт Х.Нямбаатарыг Туулын хурдны зам, нөөцийн махаар явууллаа. Экс хүргэн Хотын дарга боллоо. сая л нэг юм нам төр нэг гар дор орж ирэв. Энэ учир зорилгын дор өнгөрсөн нэг жилийн хугацаанд үргэлжилсэн зодооныг бид бүгд үзэж харлаа. Харамсалтай юм нь: Энэнээс болоод эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдээр тоглож дууслаа.

Өдөр болгон тодорхой тооны компаниуд дампуурч үүдээ барьж байна. Өдөр болгон тодорхой тоотой иргэд дунджаас улны хэсэг рүү гулсаж байна. Хэцүү, тэгээд эмгэнэлтэй.

Гэхнээ: Монголын улс төр сөрөг хүчинтэй ажээ.

УИХ-ын АН-ын бүлгийн гишүүд: Эдийн засаг муудсанд Н.Учрал хариуцлага хүлээх ёстой гэж ярьцгаагаад гарын үсэг цуглуулж эхэлж байна. Харин Н.Учрал сөрсөн базаа хийгээд эхэлж. Н.Учрал энийгээ эрт мэдэж байж. Дор хаяж 14 хоногийн өмнөөс АН-ын зарим гишүүнд: Засгийн газарт хамтаръя, зургаан сайд, УИХ-ын даргыг өгье гэх санал тавьж. Энэ зүг чиг Дарга нараас нь ирж. Мөнхүү: АН-аас хэсэгт нь энэ таалагдаж. Залгасан яриа АН-д бас явж байна. Хамтрах уу, яах уу гээд. Гэлээ гэхдээ МАН өнгөрөгч 5 дугаар сард Л.Оюун-Эрдэнийгээ зайлуулж Хамтарсан Засгийн газрыг тараахдаа: АН-тай л хамтрахгүй гэх шийдийг бага хурлаараа гаргасан. Эдүгээ тэр нь хүчинтэй хэвээр. Тиймийн учраас Н.Учрал энэ 5 дугаар сард багтааж бага хурлаа хуралдуулахаар болж. Өөрөөр: Н.Учрал Засгийн газарт АН-ыг урихаар намынхаа Бага хурлыг товложээ… Тэрээр намаа контролдож чадахаа больсон тул Дарга дэмжлэг үзүүлнэ. Дарга дэмжих тул МАН-ынхан: АН-тай Хамтарсан Засгийн газар байгуулъя, тэднийг урья гэж шийдвэр гаргана. Тэгэхлээр МАН гэхээсээ АН урилгыг яаж хүлээж авах нь одоо асуулт болно.

Базах нь ээ: Зарим нь, нэн ялангуяа улс төр орчмынхон Даргыг шүүмжлэхээс айдаг болж. Нэрийг нь хэлж ч зүрхлэхээ больж. Үнэндээ: Хятадын си Жиньпин, сингапурын Ли Куан Ю үнэмлэхүй удирдагч болохдоо танил тал, ойр дотныхноо улс төрөөс, төрийн өмчөөс улам холдуулсан. Харин манайд эсрэгээрээ тавигдаж байна. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Төмөр зам, Төрийн өмчийн хороо… Бүгдээрээ Даргын ойрынхон. Тэдгээр газарт төсвөөс гадуурх асар их мөнгө эргэлддэг. Хулгайлахад хуульгүй мөнгө. Гэтэл нь Монголын 3.6 сая иргэн төсөв хэмээх тавагтай жаахан хусмаар гол зогоох. Тэр нь хүрэлцэхгүй болж их хямралд сөхөрлөө. Өөрөөр: Эдүгээ Монголд улс төр цэцэглэн бадамлаж, эдийн засаг мөхөн сөнөлөө. Хаа байна, тэр Монголын заяа…

Ө.БАТБИЛЭГ

ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Сэрэмжлүүлэг5 сар 20. 11:37
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.