"Цэргүүд камергүй өрөө рүү авч ороод гарч ирэхдээ түшсэн байдалтай гарч ирсэн камерын бичлэг байгаа" гэв

37 минутын өмнө

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр анги

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэрэг гаржээ.

Тодруулбал, таван сарын дараа халагдах гэж байсан 19 настай Э.Ч-ийг 2026.05.19-ний өдөр хамт алба хааж байсан цэрэг нь камергүй өрөөнд дагуулж орон, биед нь халджээ. Тус өрөөнд тэднээс гадна хоёр цэрэг байсан бөгөөд тэд "зодолдож байсан хоёр цэргийг салгасан" хэмээн мэдүүлэг өгч, суллагдсан байна.

Харин амь хохирогч цэргийн биед халдсан этгээдийг цагдан хорьж, тайлбар мэдүүлгийг авч байгаа аж. Хэрэг тухайн өдрийн 18.00 цагийн үед гарсан бөгөөд 18.30 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр "амь хохирогч эмнэлэгт хүргэгдэх үедээ ухаантай байсан. Хүзүү болон ташаа хэсэгтээ зулгарсан гэмтэлтэй байсан. Эмчээ 10 минут гаруй хүлээсэн. Гэтэл эмнэлэгт ирэхдээ нас барсан байдалтай байсан гэж тухай эмч нь мэдүүлээд байгаа" хэмээсэн юм. Одоогийн байдлаар амь хохирогч Э.Ч-ийн биед задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан дүгнэлт гараагүй нөхцөл байдалтай байгаа юм. Мөн тус аймгийн цагдаагийн байгууллагад уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Талийгаачийн үеэл эгч "Дүү минь амиа алдсан явдалд эрүүл мэндийн шалтгаан огт байхгүй. Цэргүүд камергүй өрөө рүү авч ороод гарч ирэхдээ түшсэн байдалтай гарч ирсэн камерын бичлэг байгаа" гэжээ.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Сэрэмжлүүлэг5 сар 20. 11:37
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.