Жанжин штаб: Байлдагч таталт өгч ухаан алдсан & талийгаачийн нагац ах: Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан

46 минутын өмнө

Эрчимтийн сэхээний эмч яаралтайгаар тусламж үзүүлсэн боловч үр дүн гараагүй

Энэ сарын 19-ний өдөр намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339-р ангид цэргүүд камергүй бүсэд нэгнээ зодож амь насыг нь хохироосон талаар бид өмөн нь мэдээлсэн. Тэгвэл Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, "Байлдагч таталт өгч ухаан алдсан тул ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх үедээ нас барсан" гэжээ.

 

 

Тэгвэл талийгаачийн Нагац ах Н.Гансүх "Гурван удаа дүүгээ эргэж очиж байсан. Эрүүл чийрэг сайхан хүү байсан. Өнөөдөр ар гэрийнхэнд бүгдэд нь шок болж байна. Бүгд сэтгэл зүйн хувьд том цохилтод ороод байна. Талийгаач дүүг минь нас барснаас хоёр цагийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Би задлан шинжилгээ хийхийнх нь өмнө би орж дүүгээ гадна үзлэгийн үеэр нь орж харсан. Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан. Миний дүү өвөө эмээгийнхээ гал дээр төрсөн зээ болохоор өлчир, чийрэг биетэй 180 см өндөр залуу байсан. Хүний хүчинд автаж, аргагүй байдалд орж нас барсан байх гэж би харж байна. ЗХЖШ-аас эрүүл мэндийн шалтгааны улмаас гэдэг тайлбар өгснийг хараад маш их цочирдсон. Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэсэн тайлбар өгснийг нь хараад миний хувьд маш их гомдож, итгэж чадаагүй. Цэрэгт татах үеийнх нь эмчийн үзлэг, дүгнэлтийг үзүүлнэ. Цааш цаашдаа аавын олон хүү армид яваад амиа алдаад байж болохгүй.

Цэрэгт байхдаа гоё байна, улирч магадгүй гэж ярьж байсан шүү дээ, дүү минь. Ийм эх оронч сэтгэл зүрхээр хандаж байсан. Гэтэл хөшигний цаана ийм сэтгэл зүрхтэй цэргүүд нь амь насаа алдаад байж болохгүй. Холбогдох албан тушаалтнууд нь арга хэмжээ авах ёстой" хэмээн газар дээр нь очиж сурвалжилж буй Eguur News агентлагт өгсөн яриандаа дурджээ.

Мөн "5-сарын 19-ний орой 18 цаг өнгөрч байхад Яаралтай тусламжийн тасагт дуудлага ирсэн. Эмнэлгийн тусламжийн баг өөр дуудлагад явсан байсан бөгөөд цэргийн анги руу баг гарах үед цэргүүд өөрсдөө талийгаачийг зөөвөрлөж эмнэлэг дээр зөрж авчирсан. Энэ үед амь хохирогчийн биеийн байдлын хувьд амьсгал зогссон зүрхний цохилт мэдрэгдэхгүй клиник үхлийн байдалтай ирсэн. Тухайн өдөр гарсан сувилагч нь бол алга байна. Маргааш нь мэдээлэл авахад тухайн цэрэг амьсгалгүй, зүрх нь зогсож, аль хэдийн амьсгал хураасан байсан. Эрчимтийн сэхээний эмч яаралтайгаар тусламж үзүүлсэн боловч үр дүн гараагүй. Огт амьсгал, зүрхний цохилтгүй буюу сэргэх магадлалгүй болсон байсан гэсэн үг" гэж Баянхонгор аймаг, Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн зөвлөх эмч Ч.Жавзан ярьжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Сэрэмжлүүлэг5 сар 20. 11:37
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.