Монгол үндэстнээ авран хамгаалъя

1 цаг 59 минутын өмнө

Монгол үндэстнээ авран хамгаалъя

Саяхан би фасебүүк дээр ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангар хэмээх хүний санаачилсан “Монгол үндэстний карта” хэмээх хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг авч байна гэсэн мэдээлэл үзээд  энэ төслийг дэмжихээр Багануураас гарч нийслэл Улаанбаатар хотод ирлээ.

Зам зуураа “жирийн нэгэн монгол сэхээтэн би ер нь монгол туургатнаа дэмжих талаар юү хийсэн билээ” хэмээн бодов.

 

Олон жилийн өмнө би Зөвлөлт Холбоот улсын Баку хотын их сургуульд оюутан байхдаа тэнд анх халимаг монгол цэрэгтэй таарч танилцаж байлаа. Түүнтэй ярьж байхадаа би түүнийг монголоор нэг ч үг мэдэхгүй байхад нь ихэд гайхаж байв.

 

Ингээд би тэр үеэс эхлэн яагаад монгол туургатан дэлхийгээр тарж бутраад их гүрний хаяанд амьдрах болов, яагаад монгол үндэстэн бууран доройтов гэдгийг ихэд сонирхож холбогдох ном, баримт цуглуулж судалдаг болж  билээ. Би Зөвлөлт улсад их сургуулиа төр эрхээр мэргэшсэн хуульч мэргэжлээр төгсөж Хэнтий нутагтаа төрийн байгууллагад ажиллаж байхдаа наяад оны сүүлчээр буриад, халимаг, тува, өвөр монголчуудын тухай “Дагаар орсон монголчууд” хэмээх 33 хуудастай нийтлэл бичиж анхны номоо энэ нэрээр нэрлэн бүтээж, хожим нь энэхүү нийтлэлээ дахин шинэчлэн “Алдагдсан монгол туургатан” гэсэн нэртэй 63 хуудас нийтлэл болгож дараагийн номондоо оруулж билээ. Тэрхүү нийтлэлдээ монгол туургатны туулсан эмгэнэлт түүхийг бичиж цаашид бид Монгол улсын Харьяатын тухай хуулиа хэрхэн шинэчлэх тухай санал бодлоо номондоо тусгаж билээ.Үүнээс өөр зүйл би хийж чадаагүй л юм байна. Нийслэл хотод ирээд би энэхүү төслийг санаачилсан халимаг монгол Жангар болон түүнтэй хамт ажиллаж байгаа ОХУ-ын Буриад улсын зохиолч, яруу найрагч Балдоржиев нартай уулзлаа.

 

Би Жангараас “Та ямар мэргэжилтэй хүн бэ, энэхүү хуулийн төслийг яагаад санаачлах болов, төслийн явц ямар байгаа” талаар  асуулаа.   

 

Жангар Тюбеев: Би ОХУ-ын Халимаг улсын Элстэй хотод төрсөн. Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Халимагт татварын байгууллагад ажиллаж байсан, эхлээд Элстэй хотод дараа нь Москва хотод ажиллаж байсан. Аспирантурт сурсан, дараа нь бизнесийн ажил эрхэлсэн. Би хувийн “Лада- Жигули” автомашинаараа 7000 км-ийн холоос аялж Монголд 2022 оны 10-р сард ирсэн. Монголчууд намайг найрсгаар хүлээн авч байсан. Би өвөг дээдсийнхээ эх орондоо ирсэндээ туйлын баяртай байсан. Одоо ч гэсэн Монгол улсад амьдарч байгаадаа баяртай байна. Гэхдээ би гадаад хүн шиг Монголд 30 хоног болоод  дахин виз авах хэрэгтэй болдог. Би бол гадаад хүн биш. Би бол монгол үндэстэн.

 

Би Монгол улсдаа ажиллаж амьдрах хүсэлтэй боловч гуч хоног тутам Буриадын Улаан - Үд хот руу явж визээ сунгуулах нь их бэрхшээлтэй санагдсан. Ингээд би Монгол улсад маань бусад евроазийн улсууд шиг гадаадад амьдардаг эх орон нэгтнээ дэмжин хамгаалдаг хууль байдаг болов уу хэмээн судалсан. Нийтдээ 48 хууль судалсан.

 

Гэтэл Монгол улсад энэ талаар нэг ч хууль байгаагүй.  Евроазийн бүх улсууд гадаадад амьдардаг эх орон нэгтнийгээ хамгаалж дэмжсэн хуультай байсан. Зөвхөн Монгол, Киргиз улс хоёр гадаадад амьдардаг эх орон нэгтнээ хамгаалж дэмжих нэг ч хуульгүй байсан. Гэтэл саяхан Киргиз улс гадаадад амьдардаг эх орон нэгтнээ дэмжсэн хуулиуд гаргалаа. Мөн Киргиз улс гадаадын иргэншилтэй гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж  “Мекен карт” буюу “Эх орны карт” баталж гаргалаа. Би Монгол үндэстний картны талаар  монгол нөхдөдөө ярьж та бүхэн монгол туургатанаа энэ мэтээр дэмжих хэрэгтэй, ийм хууль гаргах хэрэгтэй гэсэн юм. Гэтэл тэд маань надад  “Чи өөрөө энэ асуудлаа хөөцөлд” гэдэг байгаа. Ингээд би “Монгол туургатан гэрэгэ” хэмээх төрийн бус байгууллага Монголд байгуулж 2024 оны 3-р сарын 17 ны өдөр нээлтээ хийсэн. Би Монголд 2023 оны 8-р сард дахин ирж “Монгол үндэстний карт” хуулийн төслийг 2023 оны 9-р сард хийж дуусгасан. Анхандаа би энэ ажил амархан бүтнэ хэмээн бодож байсан. Гэтэл тийм биш байлаа. Энэхүү төслийн ач холбогдлыг буриад, монгол хүмүүст ойлгуулах хэцүү байлаа. Ингээд хуулийн төсөл бэлэн болсон тул баталгаажуулах л ажил үлдээд байна. 2024 оны 9-р сард энэхүү хуулийн төслөө бүх холбогдох бичиг баримтын хамт багцалж нэг пакет болгоод Монгол улсын Их Хурлын дарга болон Их Хурлын 126 гишүүн, Монгол улсын Ерөнхийлөгчид хүргэж өргөн барив. Ингээд хариуг нь хүлээгээд л байлаа. Ингээд 16 сарын дараа 2026 оны 4-р сард УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Д.Бум- Очир, Т.Баасанжаргал гэсэн 3 гишүүн л намайг хүлээн авч уулзлаа. П.Наранбаяр гишүүн энэхүү хуулийн төслийг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд уламжилсан боловч “Энэ асуудал манай яаманд хамаагүй” гэсэн хариу өгчээ. Монгол улсын Үндсэн хуулиар бол зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар л хууль санаачлах эрхтэй юм байна лээ. П.Наранбаяр гишүүн маань бидэнд энэ асуудлаар олон улсын эрх зүйч оролцсон Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн ярьж байсан.

 

Ер нь монголын олон иргэд, төрийн бус байгууллага энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоо над дээр энэхүү хуулийн төслийг дэмжсэн иргэд, төрийн бус байгууллагын 35 кг баримт бичиг байгаа.

 

Энэхүү хуулийн төсөл хэрэгжсэнээр монгол туургатан Монгол улс, Буриад, Халимаг, Тува улсын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид харилцан зах зээл дээрээ гарч хамтран ажиллах, харилцан визгүйгээр зорчих, амьдралын түвшнээ дээшлүүлэх боломжтой болох юм. Энэ ажил бүтэх болно” хэмээн Жангар итгэл дүүрэн ярьж байлаа. “Энэхүү монгол туургатны төлөөх нүсэр ажлын төлөө та хувиасаа их л хөрөнгө мөнгө гаргасан байх даа. Халимагаас гарч Монголд ирэх, виз сунгуулж Улаан Үд явах зэрэг ажилд их л зардал гарсан байх даа ? гэж асуухад  Жангар инээмсэглэж: “Зардал гаралгүй яахав. Халимагаас Монгол хүртэл 7000 км хувийн автомашинаараа явах бензин шатахуунд гэхэд л 100 000 рубль зарцуулсан. Монголоос Буриад улсын Улаан- Үд хот руу 20 гаруй удаа явж виз сунгуулах, Улаанбаатар хотод орон сууц хөлслөх, төрийн бус байгууллагынхаа албан өрөө хөлслөх, энэхүү хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг зуруулах маягт хэвлүүлэх зэрэгт зардал гарч байгаа нь мэдээж” гэв. Дараа нь би энэхүү төрийн бус байгууллагад Жангартай хамтран ажиллаж байгаа ОХУ-ын Буриад улсын иргэн, монгол үндэстэн Виктор Балдоржиевтай жаахан хууч хөөрлөө. В.Балдоржиев бол ОХУ-ын Буриад улсын Ононгийн районы Усть Ималк тосгонд төржээ. Энэхүү суурин монголын хилээс буюу монголын Дорнод аймгийн Эрээнцаваас тавхан км-ын цаана байдаг ажээ. Тэр бээр 1973-1975 онд Монголд байрладаг зөвлөлтийн армид цэргийн алба хаажээ. Виктор Балдоржиев бол буриадын нэртэй зохиолч, яруу найрагч, орчуулагч, нийтдээ 60 гаруй ном бичиж хэвлүүлсэн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар С.Пушкиний медалиар шагнагдсан мэдлэг, туршлагатай ахмад зохиолч хүн юм байна. Орос хэлийг орос хүнээс ч илүү төгс мэддэг, орос хэл дээр шүлэг яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг эрдэмтэй буриад монгол хүн юм билээ. Хилийн чанадад амьдардаг монгол туургатан маань ийнхүү монгол туургатныхаа төлөө хамаг хөрөнгө мөнгө, үнэт цагаа зориулж зүтгэж байхад эх орондоо амьдарч байгаа монголчууд бид монгол туургатныхаа төлөө юу хийсэн билээ? Монгол улс 70 жилийн коммунизмын дарангуйллаас чөлөөлөгдөж эрх чөлөөт ардчилсан Монгол улс болсны дараа 35 жилийн хугацаанд гадаадад амьдардаг монгол туургатныхөө төлөө юү хийж ямар ямар хууль тогтоомж гаргасан билээ? Монгол улсын парламент  сүүлийн 35 жилд нийтдээ 7292 хууль батлан гаргажээ. Мал сүргээ хамгаалах маш олон хууль тогтоомж гаргаж мал сүргийн тоо 70 саяд хүрчээ. Сайн байна. Монгол туургатан гадаадад амьдардаг монгол үндэстнээ  хамгаалж өмгөөлсөн хууль тогтоомж гаргасан бил үү. Ганцыг ч гаргаагүй байна. Муу байна. Маш харамсалтай байна. Бусад дэлхийн орнуудын төр засаг нь  гадаадад амьдардаг эх орон нэгтнээ өмгөөлж хамгаалсан маш олон хууль гаргасан  байх юм. Зарим жишээг дурдая.

 

Нэг тэрбум 412 сая хүн амтай Хятад улс / гадаад улсад 60 сая хятад хүн амьдардаг/ 1980 онд БНХАУ-ын “Харьяатын тухай” хууль, 1990 онд “Буцаж ирсэн хятад хүн, түүний төрөл садны хүмүүсийн эрх ашиг, сонирхлыг хангах тухай” хууль баталжээ. Үр дүнд нь гадаадад амьдардаг 1 сая 800 000 хятад хүн эх орондоо буцан иржээ.

 

Тэдний эх орондоо оруулсан хөрөнгө гэвэл хэдэн зуун тэрбум доллараар яригдана.  10.0 сая хүн амтай Израиль улс 1950 онд “Дэлхийн бусад оронд амьдардаг бүх еврей хүнд иргэншил олгох тухай” хууль гаргажээ. Энэхүү хуульд Израиль улсын эсрэг ажиллагаанд оролцсон, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнээс бусад бүх еврей үндэстэн хүнд Израиль улсын иргэншил олгоно хэмээн заажээ. Үүний дүнд Израиль улс 1950 онд  онд 1.3 сая хүн амтай байсан бол одоо 10.0 сая хүн амтай болж эдгээрийн 7.5 сая нь еврей хүн байна.Тэдний эх орондоо оруулсан хөрөнгийг яривал хэдэн зуун тэрбум доллар болно.  51.2 сая хүн амтай БНСУ / Өмнөд Солонгос / гадаадад 7.0 сая солонгос хүн амьдардаг /1963 онд “Цагаачлалын хяналтын тухай” хууль, 1988 онд “Хилийн чанад дахь солонгос хүний тухай” хууль, 1997 онд “Хойд Солонгосын дүрвэгчдийг хамгаалах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх тухай” хууль, 1997 онд БНСУ-ын “Харьяатын тухай” хууль, 2000 онд “Хилийн чанад дахь солонгос хүний цагаачлал, эрх зүйн байдлын тухай” хуулийг тус тус баталжээ. Өмнөд Солонгосын гадаад орнуудад байдаг Элчин сайдын яамд нь хэрэв гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгосын иргэн болох хүсэлт гаргавал шууд хүлээн авч иргэн болгодог, Өмнөд Солонгост ирсэн гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгост амьдарч ажиллахыг хүсвэд шууд хүлээн авч 3 жилийн дотор улсынхаа бүрэн эрхт иргэн болгодог ажээ.

 

Өмнөд Солонгост амьдрахаар ирсэн солонгос хүнд үзүүлдэг тусламж тэтгэмж дэмжлэгийг ярих юм бол бүр урт түүх болно. Үүний дүнд Өмнөд Солонгос 1955 онд 22.1 сая хүн амтай байсан бол эдүгээ 51.2 сая хүн амтай болжээ.  

 

20.0 сая хүн амтай Казахстан / гадаад улсуудад 4.5 сая казах амьдардаг/ 1992 онд “Цагаачлалын тухай хууль”, тус улсын Сайд нарын Зөвлөл “Казахстанд ирж буй гадаадын казах хүмүүст нийгэм эдийн засгийн хөнгөлөлт эдлүүлэх тухай” тогтоол, 1996 онд Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар “Казах түмнийг дэмжих тухай” төрийн хөтөлбөр, 1997 онд “ 2000 он хүртэлхи цагаачлалын бодлогын үндсэн чиглэл баримт бичгийг батлав. Казахстаны Засгийн газар 1998 онд “Казах үндэстэн иргэд түүхэн эх орондоо ирж суурьших үзэл баримтлалын тухай” тогтоолыг батлав. Казахстаны парламент 1997 онд “Хүн амын шилжилт хөдөлгөөний тухай” хууль батлав. Үүний үр дүнд 1.0 сая казах хүн гадаадаас нүүн ирж суурьшив. Монголоос 70 000 казах иргэд шилжин очиж байлаа.Тэр үед монголчууд манай улсаас явсан казахуудыг “Эд нар явбал явж л байг, эд нараар бид дутахгүй”  хэмээн харааж зүхэж байсан болохоос “Энэ ер нь юү болж байна вэ. Яагаад манай улсын нэг үндэстэн казах иргэд маань Казахстан руу олноороо шилжин явах болов. Бид яагаад Назарбаев шиг ухаалаг бодлого явуулж гадаадад амьдардаг монгол үндэстэндээ тусалж эх орондоо буцан ирэх эрх зүйн нөхцлийг хангахгүй байна вэ хэмээн хэн ч боддоггүй байлаа. Би хувьдаа боддог юм. Казахууд Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевдаа зориулж алтаар хөшөө босгосон ч багадна. Елбасы буюу Ард түмний Эцэг гэдэг цол зүгээр ч нэг нэр төдий зүйл биш юм байна. Ард түмний эцэг гэдэг чинь ийм л удирдагч байдаг юм байна. Назарбаевын зөвхөн хоёрхон гавьяа байгуулсны төлөө казахууд үеийн үед баярлан дурсаж явбал зохино. Энэ бол нэгд, Назарбаев 1992 онд Казахстаны хүн амын зөвхөн 35 хувийг эзэлдэг байсан казах хүн амыг 70.0 хувь болтол нь өсгөж чадсан. Хоёрт, 1992 онд Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн /GDP/ 25 тэрбум ам доллар, нэг хүнд ногдох ДНБ 700 ам доллар байсныг өсгөж ДНБ-ийг 198 тэрбум ам доллар болгож, нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 000 ам доллар болтол нь эдийн засгаа өсгөж чадсан юм. Гадаадаас шилжин ирсэн казах иргэдийн орлогын албан татварын нэг жилийн улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө нэг жилд 1 тэрбум 500 сая ам доллар болж байлаа.

 

1991 онд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхийн казахуудад хандаж эх орондоо буцаж ирэхийг уриалсаны дүнд хагас сая казах хүн эх орондоо буцаж ирж байлаа.

 

1992 онд дэлхийн бүх казахуудын Хурултай болж түүнд дэлхийн 30 орны казах үндэстний төлөөлөл оролцжээ.Үүний дүнд 1991-1999 онгд 700 мянган казах хүн иржээ. 1989 онд Казахстанд 6.5 сая казах хүн амьдардаг байсан бол дээрхи хууль тогтоомж гарсны үр дүнд 2025 он гэхэд казах хүний тоо 14.4 саяд хүрч Казахстаны хүн амын 71.3 хувийг эзэлдэг болжээ Одоо дэлхийд гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж нэг ч хууль, нэг ч карт  гаргаж байгаагүй Киргиз, Монгол гэсэн хоёрхон орон байсны нэг Киргиз улс  хэрхэн энэ асуудлаар хууль тогтоомж гаргасныг дурдая. Киргиз улс бол 7.1 сая хүн амтай/ гадаадад 1.5 сая киргиз хүн амьдардаг/, нэг хүнд ногдох ДНБ нь 2700 ам доллар болсон орон юм. Киргиз улс 2001 онд Ерөнхийлөгчийн “Түүхэн эх орондоо эргэн ирж буй киргиз хүнд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” зарлиг гаргав. 2007 онд Киргизийн парламент “Эх орондоо эргэн ирж буй иргэдэд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” хуулийг батлав,  2013 онд “Хилийн чанад дахь киргиз иргэдэд дэмжлэг үзүүлэх төрийн үндсэн бодлогын тухай” хуулийг батлав. Саяхан Киргизэд гадаадад амьдардаг киргиз хүмүүст зориулж “Мекен карт” буюу “Эх орны карт”-ыг батлав. Энэхүү карт авсан гадаадад амьдардаг киргиз хүн 10 жил Киргизэд амьдарч ажиллах эрхтэй болдог ажээ. Энэхүү Мекен картыг авахад хоёрхон нөхцлийг хангасан байхад болох ажээ. Энэ нь нэгд, Гадаад паспорттой байх хэрэгтэй. хоёрт, Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт хэрэгтэй аж. Одоо тэхлээр 35 жилийн турш энэ асуудлаар нэг ч хууль тогтоомж гаргаж байгаагүй ардчилсан Монгол улс цаашид яах вэ? Юуны түрүүнд монгол үндэстэн Жангарын санаачилсан энэхүү “Монгол Үндэстний карт” хэмээх хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дэргэд олон улсын эрх зүйч мэргэжилтэй хуульчид оролцсон Ажлын хэсэг яаралтай байгуулж төслийг эцэслэн гаргах нь зүйтэй болов уу. Учир нь Хууль зүйн Байнгын хороо бол Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, Цагаачлал болон иргэний харьяатын асуудал хариуцдаг юм. Ингээд уг төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж нэн яаралтай батлах хэрэгтэй байна. Бусад орны удирдагчид жишээлвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Жонхи, Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч Жапаров нар энэхүү амин чухал ажлыг манлайлан удирдаж хэрэгжүүлсэн байх юм.

 

Манай Монголд энэхүү ажилд  Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд яагаад манлайлан оролцож болохгүй гэж. Мөн энэхүү хууль батлах ажиллагаанд Монгол улсын Гадаад харилцааны яам болон Монгол улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  манлайлан оролцох хэрэгтэй байна.

 

Монгол улсын Ерөнхийлөгч бол монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Монгол улсын Харьяатын асуудал, үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагаанаас болж хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүсэлт гаргасан тохиолдолд Монголд улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэмээн заасан. Гэтэл амьдрал дээр ерөнхийлөгч энэ эрхээ хэрэгжүүлж чаддаггүй. Нэг ч монгол үндэстэнд Монголын паспорт олгож чаддаггүй. Харийн дарангуйлаас зугатаж ирсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд паспорт олгох бүү хэл, карт ч олгож чаддаггүй. Хэдхэн жилийн өмнө харийн улсаас зугатааж Монголд ирсэн ганц халимаг монгол Баатарыг өмгөөлж хамгаалж Монголдоо үлдээж чадаагүй яалаа даа. Ичмээр юм. Цаашид Жангарын санаачилсан энэхүү хуулийн төслийг батлах УИХ-ын тогтоол  хоёр хэсгээс бүрдэх нь зохистой биз. Нэгд, энэхүү хуулийн төслийг баталсан заалт байх биз. Хоёрт, Энэхүү хуулийн төслийн Карт олгох журмыг хавсралтаар батлах биз. Тэрхүү журам нь олон илүү, хэрэггүй шалгуур үзүүлэлттэй байх нь зохисгүй.Зөвхөн нэгд, Энэхүү картыг гадаад паспорттой монгол үндэстэнд олгох, Хоёрт. Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн тодорхойлолттой байх гэсэн товчхон шалгууртай байх нь зүйтэй болов уу. Монгол улсын Харьяатын хууль  аль 1995 онд батлагдсан бөгөөд эдүгээ энэ хууль  маш их хоцрогдсон, шинэчилж өөрчлөх шаардлагатай хууль юм. Зарим хэрэггүй болсон заалтыг дурдахад энэ хуулийн 9-р заалтад Монгол улсын харьяат болохын тулд энэ асуудлаар өргөдөл өгсөн өдрөөс өмнө Монголд 5-аас доошгүй жил байнга оршин суусан байх ёстой хэмээжээ.

 

30 хоногийн аялал жуулчлалын визтэй Монголд ирсэн гадаадад амьдардаг монгол үндэстэн яаж Монголд 5 жил байнга оршин суух юм бэ?Харин энэхүү төслийн Монгол үндэстний карттай л болж байж Монгол улсад  5 жил байнга оршин суух боломжтой болох  юм.

 

Өөр ямар ч арга байхгүй. Ийм учраас л Монгол Үндэстний картыг хурдан батлаач гээд байгаа юм. Монгол үндэстний картыг Монголд амьдарч ажиллахаар ирсэн гадаад паспорттой монгол үндэстэнд шууд 10 жилийн хугацаатай олгодог болох хэрэгтэй. Дараа нь Монгол улсын харьяат болох асуудал амар болно. Уг хуулийн Монгол улсын харьяат болох нөхцлийн тухай 9-р зүйл дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монгол улсын төлөө гавьяа байгуулсан, Монголд онц шаардлагатай мэргэжил эзэмшсэн , олимпын төрөлд эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт амжилт гаргасан иргэнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэжээ. Энд нэг чухал зүйлийг орхигдуулсан  байна. Монгол улсад үлэмж их хөрөнгө оруулсан хүнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэсэн заалт алга. Хэдэн жиийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ираны Саид гэдэг жудогийн бөхөд шууд Монгол улсын харьяат иргэншил паспорт олгоод яалаа. Өнөөх нь олимпоос Монголд нэг медаль авчраад Монголоос  баахан мөнгө, орон сууц аваад Монголоос Азербайжан руу зугтаад явчихсан. Гэтэл үлэмж их хөрөнгө Монголд оруулъя, Монгол улсын харьяат болъё гэсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд монголын үе үеийн Ерөнхийлөгч шууд иргэншил олгоогүй байдаг юм. Учир нь ийм хууль байхгүй, харьяатын тухай хуульд ийм заалт оруулахаа орхигдуулж мартчихсан тул ийм харамсалтай байдалд орсон юм. Оросын Холбооны улс хүртэл өөр орны иргэншилтэй иргэнд Оросын паспорт шууд олгодог юм билээ.Хэдэн жилийн өмнө Оросын ерөнхийлөгч АНУ-ын иргэн, Холливудын од Стивен Сигалд шууд Оросын паспорт өгч байсан даа.

 

Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн Хүний эрхийн 2 дугаар бүлгийн 62 дугаар зүйлийн 1-д:  “ОХУ-ын иргэн ОХУ-ын холбогдох хууль тогтоомж, ОХУ- ын нэгдсэн олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаад улсын / давхар иргэншил / иргэншилтэй байж болно” хэмээн заасан байдаг юм билээ. Тэхлээр Монгол улс ч гэсэн хуулиндаа давхар иргэншлийн асуудлыг тусгах хэрэгтэй, монголын хуулинд давхар иргэншилтэй байж болно гэсэн заалт тусгаад гадаадад амьдардаг монгол үндэстэнд шууд монгол паспорт олгодог болох хэрэгтэй. Монгол улсын паспорт олгодоггүй юм аа гэхэд ядаж Монгол үндэстний карт олгож болно биз дээ. Алгын чинээ л цаас шүү дээ. Гэхдээ энэ карт бол гадаадад амьдардаг монгол үндэстэнд авдар алт л гэсэн үг. 

 

Монголчууд гадаадад амьдардаг монгол үндэстнээсээ баахан мөнгө хөрөнгө нэхдэгээ болих хэрэгтэй. Монголд бизнес эрхлэхийг хүссэн гадаад орны монгол үндэстнээс 100000 доллар авна ч гэх шиг.

 

Бас тэгээд Монголын иргэн болохыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэн хүн монголын бүх хуулиудыг мэддэг байх хэрэгтэй, монгол хэлийг эзэмшсэн байх хэрэгтэй гэх мэтийн амьдралд нийцэхгүй баахан юм нэхдэгээ болих хэрэгтэй. Гадаадад амьдардаг Монгол үндэстэн маань эх хэлээ мэдэхгүй байх нь тэдний буруу биш, их хөрөнгө мөнгөтэй болоогүй нь тэдний буруу биш. Сүүлийн дөрвөн зууны туршид  Монголын үлэмж их газар нутаг, хүн ардаа харийн гүрэнд алдсан нь монголчууд бидний л өөрсдийн буруу. 2200 жилийн төрт ёсны уламжлалтай гэгддэг монголчууд бид  хүчирхэг төрт улсаа дахин сэргээж хөгжиж чадаагүй нь бидний л буруу. Одоо хэний буруу вэ, энэ карт хэнд хэрэгтэй юм бэ гэх мэтээр  хоосон маргаж хэрэлдэх  цаг биш. Одоо яаж монгол үндэстнээ авран хамгаалах вэ, монгол хүний эрхийг хэрхэн хангах вэ, Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь гол чухал асуудал юм. Эдүгээ эрх чөлөөт ардчилсан Монгол улс маань гадаад харилцаагаа өргөтгөж энх тайванч олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж нэр хүнд нь олон улсын тавцанд өссөөр байна.Чухам ийм таатай нөхцөлд Монгол улс гадаадад амьдардаг эх орон нэгтгээ өмгөөлж хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Би ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангарын УИХ болон Ерөнхийлөгчид  өргөн барьсан энэхүү “Монгол үндэстний карта хэмээх хуулийн төсөл хэрэгжээсэй” хэмээн ерөөж байна. Гэхдээ бас манай төр засаг энэхүү саналыг нь хэрэгжүүлэхгүй орхичих вий хэмээн болгоомжилж байна. Учир нь би ч гэсэн залуудаа их сургуулиа төгсөж нутагтаа ирээд их л идэвхтэй ажиллаж төр захиргааны ажлын талаар саналаа дээд байгууллагад явуулдаг байлаа. Тэртээх наяад оны сүүлчээр би Сайд нарын Зөвлөлд Монгол улсын засаг захиргааны нэгжийг ийм олон 21 аймаг, 330  сум байлгахыг өөрчилж 5 аймаг, 49 хошуутай болгоё, төрийн зарим хуулиудад өөрчлөлт оруулъя гэх мэтийн саналуудыг явуулдаг байсан боловч огт хариу ирдэггүй байлаа.

 

Үе үеийн монголын ерөнхийлөгчид монгол айл бүхэн гэртээ Морин хуур залах тухай, мөн гэртээ болон албан байгууллагадаа Чингис хааны эш хөрөг залах тухай зарлиг гаргасан нь сайн хэрэг.

 

Гэхдээ би улсын ерөнхийлөгч зөвхөн ийм ажил хийгээд зогсохгүй, дараах ажлыг нэмж хийвэл зүйтэй юм болов уу гэж бодоод ажил хэрэгч саналуудыг Ерөнхийлөгчид явуулж байлаа. 2022 онд Монгол улсын ерөнхийлөгчид Чингис хааны эш хөргийг дагалдуулан Чингис хааны дэлхийн хэмжээнд болон монголын хувьд байгуулсан гавьяа , сургаалийг товхимол болгон өгөх  тухай саналыг тавьж, тэрхүү товхимолд хэвлүүлэх Чингис хааны гавьяа, сургаалийн тухай нийтлэлийг өөрөө  бичиж хавсарган илгээсэн юм. Мөн Эзэн Богд Чингис хааны хөрөг, нэр төр, намтар түүхийг гүтгэх, доромжлох, хараах, гуйвуулах явдал гадаад, дотоодын ном, хэвлэл, кинонд сүүлийн 100 жилийн турш тасралтгүй  явж ирсэн тул энэ гүтгэлэг доромжлолыг зогсоож хориглох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргах тухай саналыг 2022 оны 9-р сард илгээсэн юм. Гэвч огт хариу ирээгүй. Ямар ч ажил хэрэгжээгүй. Эзэн Богд Чингис хааныхаа үзэл санаа, сургаалийг орчин үетэй хослуулан хэрэгжүүлсэн бол хамгийн зөв төрийн бодлого болох байлаа. 2024 оны 3-р сарын 18-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчид Гадаад улсад амьдардаг монгол туургатны хэдэн зууны мөрөөдөл болсон Монгол улсаа зорьж ирээд Монгол нутагтаа амьдарч ажиллахыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэнд Монгол үндэстэн мөн гэсэн хөх карт олгодог болъё, Гадаадад амьдардаг монгол үндэстнээ эх орондоо хүлээн авч карт, иргэншил, тэтгэмж олгодог Израиль, Өмнөд Солонгос, Казахстаны туршлагыг нэвтрүүлье гэсэн санал явуулсан юм. Мөн  Монгол улсын Гавьяат цол, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан зарим хүмүүс гэмт хэрэг, хулгай хийж монгол төрийн шагналын нэр хүндийг гутааж байгаа тохиолдол гарч байгаа тул шагналын журамдаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяатын цолыг хураана гэсэн заалт оруулах нь чухал байна гэсэн товч тодорхой, ажил хэрэгч амин чухал саналуудыг  тухайн үед Ерөнхийлөгчид явуулсан боловч ямар ч хариу өгөөгүй, ямар ч ажил хэрэгжээгүй өнгөрч билээ. Өнөөдөр Монголд амин чухал өчнөөн асуудал хэрэгжихгүй байгаа нь эх оронч сэтгэлгээ, хариуцлага сахилга бат, эв нэгдэл, хууль ёс, шударга ёс дутсанаас болж байгаа юм. Энэ бүх дутагдлаа арилгалж чадвал Монгол улс хөгжинө өө. Монголчууд минь. Эзэн Богд Чингис хааныхаа “Эдээр биеэ чимэхийг урьтал болгосноос Эрдмээр оюун билгээ гийгүүлвэл эрхэм сайн. Давшгүйг зорин давбаас оройд нь гарюу. Гэтлэшгүй мөрнийг зориглон гэтлэх аваас тэртээд гарюу” хэмээн зарлигласныг хэрэгжүүлцгээе.

 

 

Монгол туургатан мандан бадрах болтугай.

Хуульч, сэтгүүлч, зохиолч Доржийн СҮХБААТАР



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.