ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ

5 сар 29. 8:28

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ



Эрүүл мэндийн сайдын “хувийн” сангийн төсвийг нэмэгдэхүүлэхийн тулд тамхины онцгой татварыг 2 дахин өсгөж тамхины үнийг нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол ч байна.

УИХ-ын ажлын хэсэг Тамхины онцгой албан татварыг жил бүр хоёр дахин өсгөж таван жилийн дараа өнөөдрийн 5,000 төгрөгний үнэтэй хайрцаг тамхи 50,000 төгрөгт хүргэх санал боловсруулсан. Мөн гоёмсог нэртэй, иргэд төдийлэн сайн мэддэггүй Эрүүл мэндийг дэмжих санд онцгой албан татвараас орох 2 хувийг 50 хувь болгох санал гаргажээ.

Саяхан News mn site-д нийтлэгдсэн Эрүүл мэндийн сайдын “хувийн” сан эрэн сурвалжлах нийтлэлд “ Амьдрал дээр, бодит хөрсөн дээр энэ уриа хэрэгжиж байгаад хэн ч хяналт тавьдаггүй, хэдэн төгрөгийг ямар зүйлд зарцуулсан нь ч тодорхойгүй байсаар байна. Цаасан дээр хэдэн тоо өрөөд тавихыг хэн ч чадах ч төсвийн зарцуулалт нь хаашаа, хэнд ямар шалгуураар очдог нь бүрхэг. гэжээ.

Тэгвэл энэ сан зорилгодоо хүрч чадахгүй төсвийн хар нүх болж хувирахгүй гэж хэн баталж чадах вэ?


Татвар нэмэхээс өмнө хариулах асуултууд

Эрүүл мэндийг дэмжих сангийн өмнөх болон одоогийн санхүүгийн бүрэн тайланг олон нийтэд нээх үү? Төвлөрсөн 9.6-9.8 тэрбум төгрөг яг ямар төсөлд, хэчнээн хүнд хүрч, ямар үр дүн гарсныг ил тод мэдээлэх үү?

Хэрэв хариулах зүйлгүй бол татварын хэмжээг нэмэгдүүлэх санал нь зөвхөн сангийн төсвийг хөөрөгчихөөд, бодит асуудлыг шийдэхгүй байх арга болж хувирна.

Мөн түүнчлэн “Энэ сангийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан:  “Өнгөрсөн жил 3,9 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулсан. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлд зарцуулж чадаагүй. Зөвхөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийн гадаадад эмчлүүлэх зардалд зарцуулсан” гэжээ. Мэдээж олон хүүхдийн амь аварч байгаа нь сайн хэрэг ч бодит нөхцөл сангийн мөнгө зорилгоо биелүүлдэггүй гэсэн үг. Учир нь гадаадад улсад эмчлүүлэхэд зарцуулах төсөв нь тусдаа, тусгай журмаар батлагдах ёстой. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулиар энэ журмыг Засгийн газар баталдаг. Харин төсвийг эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулдаг байх нь.’’ гэв.

2022 онд Эрүүл мэндийн сангийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэнд сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулагдсан олон жишээ байдаг.

Тухайлбал:

Монголын эмэгтэйчүүдийн холбоо ” HOPE” нэртэй төсөлдс ЭМДС аас 21.7 сая төгрөг авсан. Цахимаар 10,000, танхимаар 700 гаруй хүнд сургалт явуулсан гэж яриад байгаа. Нотлох баримт байхгүй.

Эрүүл мэндийг дэмжих сангаас “Ай-Ёо” компанид 278.8 төгрөгийн санхүүжилт олгосон. “Ай-Ёо” нь тухайн үедээ эрүүл мэндийн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэггүй, гэр ахуйн цахилгаан бараа худалдаалдаг компани байсан.

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн ЦАГААН ҮЗЭГ холбоо 16 сая төгрөг, НИРУН МОНГОЛ МАЙНД ЭНТЕРТАЙМЭНТ 49 сая төгрөг, нийгммийн эрүүл мэндийн боловсрол олгох БАДАМЛЯНХУА ТӨВ 25сая төгрөг тус тус гэрээний урьдчилгаанд авсан гэх мэт олон жишээ байна.

Тиймээс уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг хариулах цаг иржээ. Тамхины онцгой татварын орлогын 2% нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм.

Сангийн мөнгө хаашаа явдаг вэ – ил тод бус байдал хэний хэрэг?

Татвар нэмэгдсэнээр тамхичдын тоо буурахгүй, бүр нэмэгдэх эрсдэлтэй нь одоогийн бодлогын үр дүнгүй байдлыг илтгэж байна. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх нь зөвхөн татвараар бус, цогц хандлага, нийгмийн идэвхтэй оролцоо, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамарсан байх ёстой. Тамхины онцгой татварын орлогыг ил тод, үр ашигтай хуваарилах, тамхины эсрэг үйл ажиллагаанд хангалттай хөрөнгө оруулалт хийх нь тамхичдын тоог бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх үндсэн нөхцөл юм. "Эрүүл мэндийг дэмжих сан" нь улсын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, боловсрол, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх чухал механизм. Гэвч санхүүжилт, төсөл хэрэгжилт, ил тод байдал, тендерийн журам болон хяналтын сул байдлаас үүдэн үр ашиг, итгэлцэл алдагдах эрсдэл бий.

Эрүүл мэндийг дэмжих сан 2023 онд байгуулагдсан. Архины онцгой албан татварын 1%, эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын 2%, тамхины татварын 2% энэ санд очих ёстой. Харин 2024 оны сангийн төсөв 9.8 тэрбум, 2025 онд 9.6 тэрбум төгрөгөөр батлагдсан. Эдгээр хөрөнгө яг ямар төсөлд, ямар шалгуураар, хэний шийдвэрээр зарцуулагдаж байгааг харах боломж олон нийтэд нээлттэй биш.

Албан ёсоор мөнгийг:
· эрүүл мэндийн боловсрол, сурталчилгаа
· урьдчилан сэргийлэх хөтөлбөр
· халдварт бус өвчний эсрэг арга хэмжээ
· гадаадад эмчлүүлэх зардалд зарцуулдаг гэдэг.

Гэвч тамхины хэрэглээ буураагүй төдийгүй хэрэглэгчдийн нас залуужиж байна. 15-аас дээш насны 700 мянган хүн тогтмол тамхи татдаг. Сангийн үндсэн зорилго – хэрэглээг бууруулах, өвчлөл, нас баралтыг сааруулах – биелэхгүй байна.


Дүгнэлт: Ил тод бус татвар бол дээрэм

 

ЭМДС-нд зөвхөн тамхины татвараас орж ирэх мөнгөний хэмжээ 20-30 тэрбум төгрөгт хүрч, гашуун хувь заяа амссан Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангууд шиг эрх мэдэл бүхий улс төрчдийн гарын салаагаар орж зарцуулагдах магадлал маш өндөрсөж, тэдний шуналын нүдийг сэргээх нь тодорхой.

 

Татварын орлогыг олон нийтэд хаалттай, үр ашиггүй aсанд төвлөрүүлэх бус холбогдох яамдаар хэлэлцэж УИХ-аар батлуулах хэрэгтэй байна. 

Тамхитай тэмцэх бодлого нь зөвхөн татвар нэмэхээс илүү цогц шийдэл шаарддаг: эрүүл мэндийн боловсрол, залуучуудад чиглэсэн нөлөөллийн хөтөлбөр, хууль бус худалдаатай тэмцэх механизм. Харин хамгийн түрүүнд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтыг бүрэн ил тод болгох ёстой.

Эрүүл мэндийг дэмжих сан үнэхээр хүмүүсийн эрүүл мэндийг дэмжиж байна уу, эсвэл зүгээр л тусгай төсвийн сан болон хувирч байна уу? Хариулахыг уриалж байна. Иргэн бүр татварын мөнгө хаашаа, хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй. Хариуцлагагүй, ил тод бус татварын бодлого нь иргэдийг хууран мэхэлсэнд тооцогдоно.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.