Ч.Лодойсамбуу: Аливаа үндэстнийг сулруулах хамгийн амархан арга бол бахархлыг нь эвдэх их гүрнүүдийн бодлого байдаг

1 цаг 18 минутын өмнө

Орж ирсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлал, гол санаанууд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцсэн. Гишүүдийн хувьд ч, нийгэмд ч наадамтай холбоотой, бөхийн цолны асуудлаар талцал их өрнөж байна шүү дээ...?

-Орж ирсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлал, гол санаанууд нь л болохгүй байна. Хууль тогтоомжийн тухай хуульд хэлэлцүүлэг хийх ёстой гэж тодорхой заасан байдаг. Хэлэлцүүлэг хийсэн гэж тайлбарлаж байгаа ч яг ямар хүрээнд, хэнтэй хийсэн нь тодорхойгүй байна. Үндэсний бөхийн холбоо хэлэлцүүлэг хийсэн, мэргэжлийн холбоо хэлэлцсэн гэж ярьж байгаа. Гэхдээ хууль санаачлагч өөрөө бөхчүүдтэй уулзаагүй, утсаар ч ярьж санал бодлыг нь сонсоогүй юм байна гэдэг нь өнгөрсөн хэлэлцүүлгээс харагдсан. Үндэсний бөхийн холбоо энэ асуудлыг хариуцсан гэж тайлбарлаж байгаа. Холбоо гэдэг нь С.Магалжав зааныг хэлж байгаа болов уу. Гэхдээ бусад бөхчүүдтэйгээ өргөн хүрээнд ярилцсан шинж харагдахгүй байна. Жишээ нь, өчигдөр орой гэхэд ид барилдаж байгаа олон бөх надтай холбогдсон. Тэд “Энэ бол ид өрсөлдөж байгаа бөхчүүдэд маш хортой асуудал” гэж ярьж байсан. Ахмад бөхчүүдийн хувьд бол өөр хэрэг. Харин ид барилдаж байгаа залуу бөхчүүдийн хувьд энэ бол эрэмбэ, чансаа, өрсөлдөөний асуудал. Цол гэдэг өөрөө зөвхөн нэр хүндийн асуудал биш. Үндэсний бөхийн онцлог болсон ам авах, өрсөлдөгчөө сонгох эрхтэй шууд холбоотой. Тэр эрхийн төлөөх өрсөлдөөн, тэмцэл явж байдаг. Тийм байхад дундуур нь шууд тохируулга хийж болохгүй гэсэн байр суурийг бөхчүүд илэрхийлж байна.

-Хэлэлцээд явахдаа уг хуульд ямар өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай гэж харж байна вэ. 1024 бөх барилдуулах уу, тэгш ой гэж үзэх үү гэдэг асуудлыг яриад байгаа шүү дээ...?

-Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ой зэрэг түүхэн ач холбогдолтой ойг улстөржүүлэх хэрэггүй. Ардын хувьсгал бол Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдсэн түүхэн чухал үйл явдал. Үүнийг зөвхөн нэг намын баяр мэтээр ойлгож болохгүй.

Нөгөө талаас Монгол Улсын түүхийг зөвхөн 100 жилээр хэмжиж болохгүй. 1206 онд Их Монгол Улс байгуулагдсан. Тэгвэл энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байна. Энэ бол жинхэнэ тэгш ой. Тиймээс ийм түүхэн ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулах нь зөв гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр Их Монгол Улс байгуулагдсаны ой болон Ардын хувьсгалын тэгш ой хоорондоо зөрж болдог. Ийм тохиолдолд Ерөнхийлөгч санаачилга гарган бөхийн барилдааны цар хүрээг нэмэгдүүлэх эрхийг хуулиар нээж өгч байгаа нь зөв зохицуулалт гэж бодож байна. 1024 бөх барилдана гэдэг залуу бөхчүүдэд асар том боломж олгодог.

-Таны хувьд 2021 онд болсон Монголын Залуучуудын холбооны барилдааны үр дүнгээр улсын цол нөхөн олгох асуудлыг эсэргүүцэж байгаа. Үүний гол шалтгаан нь юу вэ?

-Миний хувьд хэн нэгэн бөх цол авах вий гэж бодож байгаа зүйл огт байхгүй. Бид бүгд л бөхчүүддээ хайртай, өндөр цолонд хүрээсэй гэж хүсдэг хүмүүс. Гэхдээ энд хувь хүний асуудлаас илүү зарчмын асуудал яригдаж байна. Монголчуудыг дэлхийд Монгол гэж таниулж байгаа цөөхөн зүйл үлдсэний нэг нь Үндэсний их баяр наадам. Цагаан сар бол Азийн олон оронд өөр өөр хэлбэрээр тэмдэглэдэг. Харин Монгол наадам шиг баяр дэлхий дээр зөвхөн Монголд байдаг. Жил бүрийн долдугаар сарын 10-наас эхлэх тэр хэдхэн өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд байгаа монголчууд өөрсдийгөө монгол хүн гэдгээ мэдэрч, бахархаж, огшдог цаг үе. Хоорондоо урьдчилан тохиролцохгүйгээр, үг хэлэлцэхгүйгээр бие биетэйгээ тэврэлддэг, нэг үндэстэн гэдгээ мэдэрдэг мөч. Тиймээс энэ цаг үед бид талцал, хагарлаас зайлсхийх ёстой гэж үзэж байгаа юм.

-2021 онд Есөн хөлт цагаан туг цэнгээгүй. Төрийн наадам болоогүй. Тийм учраас тэр үеийн барилдааныг өнөөдөр төрийн наадамтай адилтган үзэх нь өөрөө маргаантай асуудал гэж хэлж байна уу?

-Тийм. 2021 онд нэг сонин дүр зураг болсон. Монголчууд энд наадамгүй, хоосон Цэнгэлдэх хүрээлэнгээ хараад сууж байхад урд хөрш маань 100 жилийн ойг Өмнөд Монголын хошуу бүрд маш өргөн хүрээнд тэмдэглэж байсан. Морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвуулж, олон улсын зочид урьж баяр наадмаа хийсэн. Харин Монгол Улсад төрийн наадам болоогүй. Иргэд телевизээр Залуучуудын холбоо гэх байгууллагын ойд зориулсан барилдааныг үзэж суусан. Түүхэн бодит байдал нь энэ.

-Бөхчүүдийн цолыг нөхөж олгохтой холбоотойгоор ид барилдаж байгаа бус зодог тайлчихсан ахмад бөхчүүдийн цолыг дээрх хуулийн төслийн хүрээнд нөхөж олгоно гэж зохицуулах боломжтой юу?

-Энэ цол гэдэг чинь асар их хөдөлмөрийн үр дүн. Хүн олон жил барилдаж, даваа бүрийн төлөө тэмцэж байж авдаг зүйл. Тэгээд нэг бөхийг 40 гарсны дараа одоо цолыг нь өгчихье гэж шийдэж болохгүйтэй адил, нөгөө талдаа ид өрсөлдөж байгаа үед нь дүрмийг өөрчилж бас болохгүй. Мэдээж хүн ёсны талаас харвал үнэхээр миний хувьд талийгаач болсон Пунцагийн Сүхбат гуайд арслан цол өгчихмөөр байдаг. Өгчих л дөө гэдэг. Энэ хүнээс энэхүү цолыг нь Монголын ард түмэн харамлахгүй. Эсвэл шаардлагаа хангаад, тухайн үедээ маргаантай үлдсэн хүмүүс олон бий. Тэр болгонд цолыг нь олговол яах вэ. Ард нь ямар жишиг тогтох вэ, ямар эрх зүйн үр дагавар үлдэх вэ гэдэг чухал. Бөхийн цол бол одон медаль биш. Давж байж авдаг цол. Өрсөлдөж байж хүртдэг цол. Хэрэв бид сайн санааны үүднээс цол олгоод эхэлбэл дараа нь өөр олон тохиолдол гарч ирнэ. Тэр хүн дөрвийн даваанд таван удаа унасан юм, харцага цол өгчихье, энэ хүн олон жил барилдсан юм, цол нэмээд өгчихье” гэдэг болно. Урлагт олон жил зүтгэлээ, гавьяат болгоё гэдэг шиг. Ингэвэл мөхөл рүүгээ л явна. Тийм учраас энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр биш, зарчмаар хандах ёстой. Монгол төрийн хамгийн том өв бол шударга ёс.

-Таны бодлоор өнөөдөр зарчим гэдэг зүйл байна уу. Монголчууд бид ер нь зарчимтай байж чадаж байгаа юу?

-Заримдаа бид зарчмаасаа амархан ухардаг болчихсон юм шиг санагддаг. Нөгөөтэйгүүр зарим хүмүүсийн зарчим нэг таньдаг хүн, нэг найз дээрээ очоод нурчихаад байна. Миний найз юм, энэ хүнд хайртай, энэ хүн хөөрхий гэдэг шалтгаанаар дүрэм, журмаа өөрчилдөг болсон. Гэтэл энэ бол Чингис хааны ухаан биш. Монголчуудын уламжлалт төрийн сэтгэлгээ ч биш. Монголчууд цэх шулуун зан, зарчим дээрээ тогтож үлдсэн ард түмэн. Тийм учраас хүмүүс хувь хүн тойрч маргахаа больж, асуудлыг зарчмаар нь харах хэрэгтэй. Энд хэн нэгнийг хайрлахгүй байгаа асуудал огт биш. Бүгд л бөхчүүдээ хайрладаг. Гэхдээ үнэт зүйл, зарчим нь өөрөө хамгаалагдах ёстой. Нөгөөтэйгүүр төрийн наадам гэдэг бол хуулиараа зохицуулагддаг зүйл. Парламент төрийн эрх барина. Парламент Засгийн газраа байгуулна. Засгийн газар шийдвэрээ гаргана. Тэр шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Засгийн газар наадам тэмдэглэхгүй гэж шийдвэр гаргачхаад байхад өөр байгууллага, эвсэл аймаг, сум, орон нутаг яагаад тэмдэглэдэг юм. Тэдний дур мэдэж тэмдэглэсэн тухайн үеийн алдааны үр дагаврыг өнөөдөр яагаад ид барилдаж байгаа залуу бөхчүүд үүрэх ёстой гэж, тийм үү.

-Одоо энэ зохицуулалт хэрэгжвэл арав гаруй хүн бөхийн эрэмбийн дундуур шууд орж ирнэ. Ингэснээр ид өрсөлдөж байгаа бөхчүүдийн байр суурь, эрэмбэ өөрчлөгдөнө гэж та хэлж байсан...?

-Би тэдний өмнөөс ярьж байгаа юм биш. Харин дараагийн наадмууд дээр дахиад шинэ маргаан үүсэхээс сэргийлэх ёстой гэж үзэж байгаа юм. Аливаа үндэстнийг сулруулах хамгийн амархан арга бол бахархлыг нь эвдэх гэсэн их гүрнүүдийн бодлого байдаг. Түүхэнд ч ийм зүйл олон болсон. Хэл соёл, бичиг үсэг, ой санамж руу нь хамгийн түрүүнд халддаг. Монголчууд ч ийм сорилтуудыг туулсан. Хэл бичгээ мэддэг хүмүүсээ хэлмэгдүүлсэн үе бий. Бичиг соёлын өвөө алдах шахсан үе бий. Өөрөөр хэлбэл, үндэстнийг мөхөөе гэвэл эхлээд бахархлыг нь үгүй хийдэг. Өнөөдөр ч гэсэн бид өөрсдөө мэдэлгүй үндэсний үнэт зүйлүүдээ жижигрүүлж эхэлбэл аюултай. Цагаан сар, наадам зэрэг уламжлалт баяр ёслолын ач холбогдлыг үгүйсгэж, үнэ цэнийг нь бууруулж эхлэх нь үндэсний дархлаанд нөлөөлнө. Тиймээс үндэсний өв соёл, бахархал болсон зүйлүүддээ илүү хүндэтгэлтэй, илүү хариуцлагатай хандах ёстой гэж боддог.

-Ер нь харж байхад наадмын өмнө маргаантай асуудлууд байнга гарч ирдэг боллоо. Энэ ч бас нөгөө үндэсний дархлааг устгах гэсэн нөлөөлөл нь үү?

-Жил бүр шахуу л ийм зүйл давтагддаг. Допингийн асуудал байна. Үнэн худал нь тодорхойгүй, хэдэн сар болсон асуудлыг хүртэл яг наадмын өмнө гаргаж ирдэг. Яагаад ингэж наадам руу тулгаж байгаа юм бэ гэхээр монголчуудын хамгийн том бахархал болсон зүйл дээр хэрүүл үүсгэж байгаа хэрэг. Би хувьдаа ийм зүйлсийг зүгээр нэг давхцал гэж харахгүй. Заримдаа бүр зориудын бодлого мэт санагддаг. Дотооддоо нийгэмд болж байгаа талцал, хуваагдал, хэрүүл болгон энэ саарал байшингаас гардаг.

Би танай сониноор дамжуулаад УИХ-ын гишүүдэд нэг зүйлийг хэлмээр байна. Та Монголын хамгийн том дарга болсон байж болно. Том албан тушаалтай байж болно. Гэхдээ Монголын олон мянган жилийн түүх, өв соёлын хажууд бол хэн ч биш, түр зуурын үзэгдэл шүү.

Тамга атгалаа, гишүүний үнэмлэх зүүлээ гээд бүхнийг шийдэх эрхтэй болсон мэтээр бодож болохгүй. Энэ байшинд өв, соёлоо буруу томъёлолоор хэлэлцэж эхэлсний гор эхнээсээ нийгэмд илэрч байна. Олон нийтийн сүлжээг нээгээд харахад үндэсний бөх, морь, наадмыг элэглэсэн зураг, бичлэгүүд дүүрэн байна. Үүнийг хийж байгаа хүмүүсийг буруутгахгүй. Харин төр өөрөө ийм маргааны сэдэл өгөөд байна. Үр дүнд нь хүмүүс үндэсний бахархлаасаа ичиж эхэлдэг. Энэ бол хамгийн аюултай зүйл. Тиймээс миний хувьд УИХ-ын гишүүдээс гуйж байгаа юм. Битгий өв, соёл руугаа нулимсан хуулийн төсөл оруулж ир л дээ. Оруулж ирсэн хуулийн төслүүдээ татчих л даа гэж хэлмээр байна.

-Наадам ойртсон, нийгмээрээ наадмыг анхаарч байгаа энэ үед ийм хуулийн төслөөр иргэдийн нүдийг хааж байгаад цаагуураа аль нэг бүлэглийн эрх ашигт нийцсэн хуулийн төслийг оруулж ирэх гэж байна уу?

-Наадам, шинэ жилийн үеэр янз бүрийн асуудал оруулж ирдэг тухай хардлага олон нийтийн дунд байдаг нь үнэн. Тэр болгонд би хэлж л байдаг. Жишээлбэл, Туул голтой холбоотой асуудал дээр намайг Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүн учраас дуугарахгүй байна гэж их шүүмжилсэн. Гэтэл тухайн шийдвэр нь өнгөрсөн жилийн долдугаар сарын 9-нд, яг наадмын өмнө УИХ-аар орж байсан. Би тухайн үед чуулганы танхимд эсэргүүцэж, дараа нь бүр машин дотроосоо шууд дамжуулалт хийж байсан. Асуудал нь хүмүүс аливаа асуудал эхэлж байхад нь анхаардаггүй. Харин үр дагавар нь гарсны дараа бүгд ярьж эхэлдэг. Гал гарсны дараа унтраасан хүн хамгийн сайн хүн биш. Гал гарахаас өмнө анхааруулсан хүн хамгийн чухал байдаг. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд зудын нөхцөл байдалтай холбоотойгоор махны нөөц бүрдүүлэлт доголдож байна, хавар махны үнэ өснө гэж би байнга ярьж байсан. Хэвлэлээр ярьсан. Нийтлэл бичсэн. Байнгын сануулсан. Гэтэл тэр үед бараг тоож байсан хүн байгаагүй. Өнөөдөр бид өндөр үнэтэй мах авч байна. Энэ бол асуудлыг урьдчилан хараад хэлж байсан ч бодлогоор ажиллаагүйн үр дагавар.

-Зарим иргэд УИХ бүх нийтийн амралтын өдөр, баяр ёслолын тухай биш эдийн засаг, татвар, орлого нэмэгдүүлэх асуудалд илүү төвлөрөх ёстой гэж шүүмжилдэг?

-Тэр шүүмжлэлийг ойлгож байна. Гэхдээ бид нэг зүйлийг буруу ойлгоод байдаг. УИХ-ын гишүүн болгон хууль санаачлах үүрэгтэй мэт ойлгодог. Уг нь бодлого боловсруулж, салбарын асуудлаа шийдэх хуулийн төслүүдийг Засгийн газар оруулж ирэх ёстой. Харин парламент түүнийг хэлэлцэж, зөв бурууг нь шүүж, ард түмний өмнөөс шийдвэр гаргах үүрэгтэй. Гишүүн хууль санаачлах эрхтэй болохоос биш заавал хууль санаачлах үүрэгтэй биш. Гэсэн ч бид эдийн засагтай холбоотой олон санал гаргаж байгаа. Татварын тухай хууль, Нийгмийн даатгалын хууль зэрэг өрхийн орлогыг хамгаалах чиглэлийн төслүүд өргөн барьсан. Бидний зорилго бол айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн гар дээр үлдэх мөнгийг өсгөх. Татвар, шимтгэлийг бууруулах талаар Ардчилсан намын гишүүд дангаараа ч, хамтраад ч олон төсөл санаачилсан. Гэвч олонх нь хэлэлцүүлгийн шатанд дэмжигдэхгүй байгаа.

-Эрх баригчдын гаргаж байгаа бодлого, шийдвэр нь хадуурчихлаа. Үүнийг нь хазаарлах нь сөрөг хүчний үүрэг гэж ярьдаг. Гэтэл сөрөг хүчний хувьд 2028 оны сонгуулийг хараад эрх баригчдын жолоог сул тавьчихаад байна уу?

-Манай намын хувьд зарим асуудал дээр санал зөрөлдөх зүйл бий. Гэхдээ эрх баригчдын бодлого, шийдвэрийг хяналтгүй орхичихсон зүйл байхгүй. Нөгөө талаас МАН өнгөрсөн 30 гаруй жилийн ихэнх хугацаанд засгийн эрхийг дангаараа барьсан. Энэ хугацаанд төр, төсөв, институциудтай холбогдсон том систем бүрэлдсэн. Тийм учраас өнөөдөр улс төрийн өрсөлдөөн гэдэг зөвхөн нам хоорондын асуудал биш. Тогтсон системтэй өрсөлдөж байгаа хэрэг. Гэхдээ эцэст нь тэр системийн дотор байгаа хүмүүс ч гэсэн жирийн иргэд. Тэд ч гэсэн амьдрал дээрээ бусадтай адил асуудалтай нүүр тулж байгаа Монголын ард түмэн шүү дээ. Миний харж байгаагаар өнөөдөр эрх баригчид жирийн иргэдийнхээ амьдралыг хангалттай анхаарахгүй байна. Энэ тухай ярихаар хүмүүс дандаа улс төр гэж ойлгодог. Гэтэл бодит амьдрал дээр МАН-ын жирийн гишүүд хүртэл сэтгэл дундуур байгаа нь харагддаг. Яагаад гэвэл хэдхэн дарга, цөөн тооны нөлөө бүхий хүмүүс нь улам баяжаад байдаг. Харин жирийн иргэд нь инфляцид дарлуулж, амьжиргааны дарамтад орж байна. Өнөөдөр нэг килограмм мах 35 мянган төгрөг хүрчихлээ. Урьд нь ийм мөнгөөр машиндаа бензин хийгээд, хүнсээ цуглуулаад явдаг байсан цаг саяхан. Харин өнөөдөр нэг килограмм мах авч байна. Энэ бол жирийн айл өрхийн нуруун дээр ирж байгаа дарамт. Тийм учраас намдаа хайртай байсан ч үмх мах 35 мянган төгрөгт хүрэхээр МАН-ын идэвхтэй гишүүд ч эрх барьж байгаа намдаа гомдож байна.

 

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ЭМГЭНЭЛ6 цаг 43 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.