Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судаллаа. Судалгаагаар сүүлийн 5 жилийн байдлаар 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэгдэж байна. Сүүлийн 2 жилд шүүхээс энэ төрлийн гэмт хэрэгт 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсний 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казакстан зэрэг гадаад улсын иргэн байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэрэгт байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас, 6,09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологийн эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай. Шүүхээс 12,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ