АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд өчигдөр болж Генсек, дэд дарга нараа сонголоо. Энэ удаагийн хуралдаанд Үндэсний бодлогын хорооны гишүүд “Ардчиллын гэрэгэ”-г уншуулан бүртгэлээ баталгаажуулан оролцлоо. Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэболд нар даргалж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 4-ны өдрийн хурлаас санал болгосон Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсан юм. Уг хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна. Ардчилсан нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль ч шатанд сонгуультнуудын 70 хувь нь анх удаа сонгогдсон залуучуудаас бүрдлээ