Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс долоон төрлийн урамшуулал олгожээ. Аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 174,127.1 тэрбум төгрөгийн таван албан шаардлага өгч, 18 сая төгрөгийн нэг акт тогтоон, хууль хяналтын байгууллагад хоёр асуудлыг шилжүүлж, ХХААХҮС-д зөвлөмж өгч, Улсын Их Хуралд аудитын тайлангаар холбогдох асуудлыг толилуулсан гэдгийг Ерөнхий аудиторын орлогч онцолсон юм. Үргэлжлүүлэн Төрөөс сүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаанбуудайн чиглэлээр зарцуулсан урамшууллын хэмжээ, үр дүнгийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээч ирүүлсэн материалын хүрээнд авч үзэхэд, 2008-2025 онд төрөөс долоон төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тушаал, шийдвэр, санхүүгийн бусад баримтуудад дүн шинжилгээ хийхэд үнийн дүн 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байгаа нь салбарын яамнаас мэдээллээ бүрэн ирүүлээгүйтэй холбоотой гэв. Мөн шинжээч төрийн урамшууллыг асуудал шийдвэрлэгдсэн эсэхээр бус олгосон дээр төвлөрч хэрэгжүүлсэн, урамшууллын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ил тод мэдээлээгүй, урамшууллын олголт, үйлдвэрлэлийн бодит үр дүн, төсвийн зарцуулалтын мэдээлэл хоорондоо уялдаагүй байна хэмээн дүгнэжээ. Иймд урамшууллын талаар холбогдох журам, тогтоолд үр дүн буюу хэмжих шалгуур үзүүлэлт, чиг үүрэг, хариуцлага байхгүй, урамшууллыг үр дүнтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна хэмээн дүгнэлтдээ дурдсан байлаа. М.Мандхай: Тоо төдий бус үүний цаана иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн Сонсгол даргалагч М.Мандхай: Салбарын сайдын танилцуулгыг нэгтгэн дүгнэхэд мах махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 97 байсан бол 2025 онд 93 хувь, сүүн бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 61 байснаа 2025 онд 59 хувь, гурилын дотоодын хангамж 2021 онд 98 байснаа 2025 онд 81 хувь болон буурч, харин өндөгний дотоодын хангамж 2021 онд 51 байснаа 2025 онд 66 хувь болж өссөн гэдэг нь харагдлаа. Эдгээр үзүүлэлт өсөж, буурч байгаа нь зөвхөн тоо төдий бус үүний цаана иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн харагдаж байгаа гэдгийг бодох ёстой УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: ХХААХҮ-ийн салбар чинь мафижчихсан юм биш үү дээ -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаасын хэрэгжилтийг нягтлах шаардлагатай байна