Прокурорын байгууллага 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,384 хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1,548 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 901 хэрэг шинээр нээж, 376 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 181, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 61, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн эсрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Авлигын эсрэг тус бүр 6, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, Соёлын өвийн эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмчлөх эрхийн эсрэг 84 хэргийг зүйлээр нь авч үзвэл, залилах 30, хулгайлах 27, хөрөнгө завших 8, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших болон эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг тус бүр 6, мал хулгайлах 4, дээрэмдэх 2, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах 1 хэрэг байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: - Ц.Ц нь “Т...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд 2 ширхэг падаанаар 938 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 93,8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Н.Г нь “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд 5 ширхэг падаанаар 527 сая төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Б.А нь “... клиник”-ийн эрхлэгчээр ажиллах байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виза карт ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл хугацаанд авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан, бусдад 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Х.А нь “..