2111-р сар, 2026Бямба гараг

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

7 сар 2. 9:467 мин унших

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонох гэж байна. Энэ хугацаанд өмнө нь оволзож байсан улс төр ч овоо намжлаа. Гэхдээ л ирэх намраас том намуудын Их хурал болно. Монголын улс төр дахиад л хална.

Улс төр оволзоод ирэхээр бай нь Засгийн газар болчих гээд байдаг талтай. Г.Занданшатарын Засгийн газарт ингэж онилуулах шалтаг бас бий. Учир нь, тэрээр өмнөх Засгийн газрын залгамжийг хадгалж авч үлдсэн. Хамтарсан Засгийн газар хэвээр үргэлжилж байна. АН гарч оронд нь ИЗНН орсон. Энэ нь ИХ-д хүчтэй сөрөг хүчнийг бий болгосон. АН сөрөг хүчний байрнаас улс төр хийх нь тодорхой. Хийгээд ч эхэлсэн байна. Гэхдээ үүнийг улс төрийн жам ёсны үйл явц гэж болно. Сайн талаас нь харвал энэ Засгийн газрын ажил чангахан хяналттай болсон. Харин нөгөө талаасаа, АН хэт улстөржвөл бодлогын зарим томоохон ажилд нь чөдөр тушаа, саад тотгор болохыг үгүйсгэхгүй.

 
Нэмээд, МАН-ынхан Г.Занданшатарын Засгийн газарт ханатал багтсан уу гэвэл үгүй. УИХ-ын дараалсан гурван сонгуульд ялж, дангаараа шахам засаглаж ирсэн МАН-ынхан 2024 оны сонгуулиас хойш төр, засгийн албан тушаалуудыг хамтарсан намуудтайгаа хуваах болсон. Энэ үүднээс Г.Занданшатарт Засгийн газрын тэргүүний хувьд намынх нь зүгээс даралт ирэх магадлалтай.

 

Мөн МАН-д, ялангуяа УИХ дахь бүлэгт нь хуваагдал үүсчихсэн. АН ч тийм байна.

 

Нэг ёсондоо, Монголын улс төрийн хоёр том нам улс төрийн хаашаа ч хөдөлж мэдэх бүлэгнэлтэй болоод байгаа юм.

 

Товчхондоо, энэ нь Засгийн газарт тийм ч сайнгүй тусгал үзүүлж мэднэ. Угаас, зүй тогтол нь тийм юм.

 

Гэхдээ МАН-ынхан, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн субьектүүд дотоодын улс төр ийм хурцадмал үед хамгийн оновчтой сонголтыг хийжээ. Ийм дүгнэлт өнгөрсөн өдрүүдэд хийгдэж байна. Энэ нь ч ойрын өдрүүдэд харагдлаа. Тодруулбал, “...Улс төрийн ийм ороо бусгаа, тодорхойгүй цаг үед Г.Занданшатараас өөр хүн засаглах бараг боломжгүй байж” гэдэг нь ойлгогдоод эхэллээ.

 

Яагаад гэхээр, Ерөнхий сайд Г.Занданшатарын хувь улстөрчийн онцлог байдаг. Тэрээр их улс төрд орж ирснээсээ хойшх бүхий л цаг хугацаандаа аль нэг тийш хэтийдэж туйлшралгүй явж ирсэн. Түүний улс төрийн түүх аль 2003 оноос ХХАА-н дэд сайдаар томилогдоод эхэлжээ. Түүнээс хойш УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. Тэгэхдээ УИХ-ын даргаар хоёр удаа ажиллачихсан. Мөн Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Ийм атал гоцолж тоглосон улс төр хийж яваагүй байдаг.

 

Тийм атлаа, шаардлагатай цаг үед өндөр дээд албан тушаалд дэвшин томилогдож гарч ирдэг.

 

Тухайлбал, Монголын улс төрд 2017-2019 он бас л бужигнаан, булгиан ихтэй цаг байв. Эрх барьж байсан МАН-д удирдлага солигдсон үе л дээ. Тэгэхэд, М.Энхболд нарыг буулгаж У.Хүрэлсүх нар гарч ирсэн. Үнэнийг хэлэхэд, тэр үед МАН-ын даргаар хоёр удаа, Ерөнхий сайд байсан М.Энхболдын оронд УИХ-ын дарга болох хүн 2019 онд МАН-аас олоход хэцүү л байв. Чухамдаа, тэгэхэд намынхан нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгосон. Өөрөө амбицалж гүйгээд, бусдаас онцгойрч тодрох гэж попроод байдаггүй Г.Занданшатар гэнэт ингээд томилогдсон. УИХ-ын дарга болоод удалгүй энэ албан тушаалдаа тохироод эхэлсэн. “...УИХ-ын даргын албан тушаалд жижигдлээ, багадлаа” гэдэг шүүмж ер нь гараагүй дээ. Хөвхөлзөж байсан улс төр ч намдсан. Тэрээр 2020 оны сонгуулийн дараа дахиад УИХ-ын даргаар сонгогдсон. Хэрэв тэр тааруухан спикер байсан бол дахин сонгогдох уу даа.

 

Гэхдээ, өнөөдөр түүнийг Ерөнхий сайд болоход нь шүүмж өрнүүлж байгаа талууд байна. Тэд “…Шинэ Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш” гээд байгаа юм. Хэрэв тэр УИХ-ын гишүүн болъё гэвэл түүнд орж ирэх үүд нь нээлттэй гэхэд болно. Өөрийнх нь тойргоос нэр дэвшиж сонгогдсон Дав.Цогтбаатар Улсын дээд шүүхээс ял шийтгүүлчихсэн. Тэрээр УИХ-ын гишүүнээс дефакто татагдсан. Тиймээс, Г.Занданшатар тэрхүү орон гарсан мандат дээр нэр дэвшихэд дуугай л гараад ирнэ. Гэсэн ч тэрээр ийм хөдөлгөөн хийхгүй л байна. Энэ асуудлаар нам нь, эрх бүхий субьектүүд түүнд юу гэж зөвлөх юм, бүү мэд.

 

Нөгөө талаасаа, ингээд УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайдтай байгаад үзээд гэмгүй л болов уу. Энэ нь Засгийн газрын ажлыг УИХ-тай холихгүй байх талтай. Өөрөөр хэлбэл, УИХ хууль тогтоох, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ тус тусдаа хэрэгжүүлэх ёстойг харуулах сайн талтай ч байж мэднэ. Тэгвэл цаашдаа ийм байх жишиг болж үлдэх болох юм. Энэ дүгнэлт зөв эсэхийг ирэх өдрүүд харуулна, болоогүй байна.

 

Харин, энд хэлэх гэсэн санаа бол Г.Занданшатар улс төрийн ийм хүнд үед хэцүү атлаа өндөр дээд албан тушаалд томилогддог. Энэ удаад ч гэсэн дотоодын улс төрийн, засаглал хоорондын зодоонтой цаг таарлаа. Болсон явдал гэвэл, зөвхөн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулаагүй юм. Хамтарсан Засгийн газраас МАН-ынхан мөнхийн өрсөлдөгч АН-ыг гаргасан. Тус нам сөрөг хүчний байр суурь руу нь илгээсэн. Үүнээс үүдээд, Монголын улс төрийн маш том өөрчлөлт хийгдсэн. Нэг үгээр, энэ бол эрх баригчдын хувьд том эрсдэл үүсчихэж байгаа юм. Хүнд хэцүү үе ирлээ гэсэн үг. Ийм л учраас Засгийн газрыг “аваар осол”-гүй залаад явах нь Ерөнхий сайдын шандсыг шалгасан явдал болж хувирч байгаа хэрэг. Тэр хэрээр “…Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг олны анхаарлыг татсан биз. Ер нь бол, шинэ Ерөнхий сайд тодролгүй олон ч хоног дуншсан. Олон ч улстөрчийн нэр яригдсан. Тэгж тэгж ЕТГ-ын дарга Г.Занданшатар тодорч гарч ирсэн. Ер нь ч тэгээд хэд хоногийн турш шинээр Ерөнхий сайд болох хүмүүсийн нэр яригдахад хамгийн боломжтой нь тэр л байсан. Улмаар, намаасаа сонгогдож, УИХ-аас томилогдсон. Тэгвэл, “…Яагаад Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэвшүүлж, дэмжсэн бэ” гэхээр тэр бол улс төрийн хүнд хэцүү цаг үеийн улс төрийн баланс болдогт л байдаг болов уу. Нэг бус удаа ийм цаг үед сонгогдож буй учраас тийм дүгнэлт гарцаагүй гарч байна.

 

Ер нь, Г.Занданшатар энэ мэт бодлогын асуудал дээр нэг л зарчим барьдаг чанартай. Харахад зөөлөн хэрнээ зарчмаа бол хатуу барьдаг. Харин, улс төрийн PR-т төдийлэн өндөр ач холбогдол өгдөггүй нь анзаарагддаг. Өөрийгөө ойлгуулах гэж гоёж гоодоод байдаггүй улстөрч гэгддэг. Бас, улс төрийн нөлөө авах гэж талцаж тоглодоггүй хүн байгаа юм. Тэгсэн хэр нь, заримдаа баргийн хүнээс гарахааргүй үйлдлийг ч хийдэг. 2019 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын мөнгийн орд дээр тусгай ажиллагаа удирдаж явуулахад нь олон хүн гайхсан. Улстөрчид ч тэр үед “…Зандан ингэчихлээ” гээд нүд нь орой дээрээ гарчихсан явж л байсан. Онцгой сонин биш ч тэр үед төр тэгэх л ёстойг Г.Занданшатар гүйцэтгэсэн нь тэр. Сая л гэхэд өөрийг нь Ерөнхий сайдаар томилдог чуулган дээр “…Авлигатай тэмцэж чадах уу гэж байна. УИХ парламентын хяналт шалгалтын хуулийг баталж, ард түмний мэдэх эр­хийг хангаж, ногоон автобус, нүүрс, Хөгж­лийн банк, эмийн чанар гэх мэт олон нээлттэй сонсголыг зохион байгуулж, парламентын хяналт шал­гал­тын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Ий­мээс би өөрийгөө үгээрээ биш үйлд­­лээрээ авлигатай тэмцэж чадсан улстөрч гэж баттай хэлж чадна” гэсэн юм. Тэр ингэж л ярьдаг. Зарчим нь гэсэн үг.

 

Дээрээс нь, Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойшх 20-иод хоногт гал гаргавал гаргахаар олон шийдлийг гаргалаа. Тэр “…Монгол Улсын мега төсөл бол хүний хөгжил юм” гэв. Хүн бүрт таалагдав. “…Төрийн хэмнэлтийн бодлогыг удирдах албан тушаалтнуудаас эхэлнэ” гэлээ. Олон нийтээс талархал хүлээв.

 

Уг нь эдгээр шийдвэрийн ард МАН-ынхны ч, АН-ынхны ч гишүүдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Гэхдээ үүгээр ард түмэн, олон нийтийн эрх ашиг тодорхой хэмжээнд хангагдана.

 

Магадгүй, өнөөдөр Г.Занданшатараас өөр хүн Ерөнхий сайд болсон бол эдгээр болоод өнөөгийн улс төрийн пянд дийлдэж, өдийд “тойрох хуудас”-аа зуруулаад явж байж мэдэх л юм. Гэвч, тэр Ерөнхий сайд учраас Засгийн газар улс төрийн зодоонд хутгалдаж оролцохгүй болохоор ажил нь аятайхан үргэлжлээд явчихаар харагдаж байна. Шулуухан хэлэхэд, Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна гэсэн үг.

 

Угаасаа, ингэвэл сайн. Улс төр тогтож, төр тогтворжино. Тэр нь Монголд, монголчуудад тустай.

 

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

398

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

571


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.