2111-р сар, 2026Бямба гараг

Монголчууд “Ардчиллаас гарах ёстой үр шим, өгөөжийг” хүртэж чадсангүй

8 сар 20. 10:434 мин унших

​​​​​​​

Хэн болох нь тодорхойгүй хэсэгхэн залуусын талаарх хэдэн үг

 

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй”, “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй”, “Эхийг нь ч эцээхгүй, тугалыг нь ч тураахгүй байх чадвар”, “Хүн ахтай, дээл захтай” гэхчилэн аливаа хэргийг олуулаа оролцож шийдвэрлэх, олны хүчийг ашиглах, ахмадын үгийг сонсох ухаан ба аргачлал ард түмэн нэг бүрд өнө эртнээс л байжээ. Товчилж хэлбэл “Ардчилал” бол шинэ зүйл ер биш. Гэхдээ “Ардчиллыг” яг л байх ёстой тэр “илрэл, хэрэгжилт”-ээр нь ашиглаж чадсан, цэвэр ариунаар нь “ядаж л 20-30 жил амьдруулж ид шидийг нь үзэж чадсан” тийм баримт, тохиолдол таван тив, дөрвөн далайн түүхэнд үгүй. Дүр эсгэсэн, луйварчид дорхноо л гарч ирсээр байжээ...

 

XX зууны эцэс, XXI зууны эхээр монголчууд ч “Ардчиллаас гарах ёстой үр шим, өгөөжийг” хүртэж чадсангүй. Залуу, хөгшин, болчимгүй, хэнхэг, доргио, сагсуу, зальхай, шуналтай олон хүн хотод ч, хөдөөд ч “Ардчиллыг хөөдчихлөө, хөнөөчихлөө”.

 

Дэлхийн цар, түвшинд үзэх аваас “Ардчилал, хүний эрх, чөлөөт байдал” гэх лоозон бол тухай тухайн улс орны элитүүдийн тун ч сурамгай ашигладаг “нүүрний баг” болчихжээ. Дүр эсгэсэн ардчилал ноёрхох болсон улс оронд сонгуулиар буй болсон төр засаг ба элитүүдийн ашиг, сонирхолд үйлчилдэг гүнийн төр засаг хоёр зэрэгцэн оршиж, нэг нь ил ажиллаж, нөгөө нь нууц ажиллаж байна. Нууц ноёдын хүсэл, шунал л биелдэг ажээ...

 

Сонгогчдын саналыг хуурч авах, худалдаж авахад шаардагдах мөнгийг нь хандив нэрээр гаргаж өгөөд л өөрийн хүнээ төр, засгийн гишүүн болгож авах, тэр хүнээрээ дамжуулан чухал мэдээлэл, ашигтай тендер олж авах, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газарт том том шахаа хийх, өөртөө хэрэгтэй хууль, журам батлуулах талаар Монголын олигархиуд мэргэжиж, стратегийн гэгдэх том ордуудад ч тэд эзэн сууж чаджээ. 

 

Өнөөдөр гэхэд л УИХ маань ард түмний төлөөлөл биш цөөн хэдэн тооны олигархийн төлөөлөл шахуу болчихоод байна. Хэдэн зуун сая төгрөгөөр угжуулсан, нэр, нүүрээ хөөдчихсөн, шударга хүний дүр эсгэн жүжиглэж байгаа утсан хүүхэлдэйнүүдийг хараад хэнд ч гэсэн жигших сэтгэл л төрнө шүү дээ. Тэр залуус мөдхөн л улстөрийн амьд хүүр болж үлдэх нь тодорхой юм. Зарим нэгийг нь нууц эзэд нь хөнөөж мэднэ...

 

Улстөрчдийн түүхэн үүрэг, зорилго бол өнө эртнээс нааш л ард түмнээ хамгаалах, амьдралыг нь сайжруулах, дорой буурайг нь дэмжих, тэтгэхэд л оршиж ирсэн юм. Гэтэл өнөөдрийн улстөрчид аман дээрээ бол ард түмнээ гэж нулимс унагаах шахдаг, харин ар хударгаар нь ард түмний өмч, хөрөнгийг хулгайлж, худалдаж, авлига авч зөвхөн өөрсдөө л хөрөнгөжиж байдаг болчихлоо. Тэдний нэг чухал үүрэг нь далд эзэддээ үг дуугүй үйлчлэх, захирагдах явдал бололтой... 

 

Эрх мэдэл, тамга тэмдэгний эзэн болох, татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо зарах, гадаад улсуудаар аялах, зугаалах, бусдыг дарамталж авлига авах, ард түмний өмч, хөрөнгөнөөс хулгайлах, бусдад худалдаж хөрөнгөжихийн төлөө л шинэ цагийн луйварчид нам байгуулж, поопорцгоож, намууд дамжин тэнүүчилж, золбин ноход, гуринхалсан чоно мэт явцгааж байна.

 

Тэднийг хүн гэх үү?, Эх оронч гэх үү?, улстөрч гэх үү? Ааль эсвэл шуудхан л луйварчид гэж нэрлэх нь зөв юмуу? Улстөрийн янхнууд гэх нэр бас байдаг...

 

Төрийн эрх барьж, бас хамтран барилцаж ирсэн хоёр намынхан санаанд ч багтамгүй томоор хулгай, луйвар хийж сурлаа. Бас хэн ч болов гайхахаар урлагтай, сурцтайгаар ял зэмлэлээс мултарч гаршлаа. Өнгөрсөн хугацаанд дэгдсэн, ил болсон бүх том хэргүүд бүгд л ортой, үндэстэй байлаа. Бүгд л аажимдаа унтарлаа. Одоохондоо ард түмэн тэсэж, тэвчиж л байна. Цаашдаа харин юу ч болж мэднэ. Аливаа тэвчээрт төгсгөл гэж ирдэг, хэрэг хуучирдаггүй. Түүх энэний гэрч нь. Эрх баригч хоёр нам ард түмний итгэл, сэтгэлийг буцааж авах талаар оройтоогүй дээрээ том эргэлт, том цэвэршилт хийх нь л өлзийтэй байх бизээ...

 

Ард түмнээ гар хоосон болгоод, бүр итгэл, сэтгэлийг нь алдаад, элит давхраа нь ард түмнийхээ хувьд дайсан болчихвол маргааш юутай золгох бол оо? Ингэж бодсоор, эмзэглэсээр л би хувьдаа хорвоог орхих бололтой.

 

Монгол эх орон, Монголын ард түмэндээ амар амгалан, сайн сайхныг хүсдэг сэтгэл, зүрх минь өөрийн эрхгүй л ингэж бодогдуулж, ингэж хэлүүлж байна.

Хэн ч гэсэн “өргүй бол баян, өвчингүй бол жаргалтай” гэх үнэн үгээр баримжаалан хэтэрсэн шуналаа хазаарлаад, дундаж давхраанд харъяалагдаад, хууль дүрэмд захирагдаад, хулгай, худлаас зайгаа бариад, нэр нүүрээ хөөдөлгүй аж төрж болноо доо? “Сүрэг хонинд орсон чоно шиг” шунахайрах нь чамд өөрт чинь л олон олон гай зовлон, ял шийтгэл авч ирнэ. Худал, хулгайн өр төлөөс тун ч хэцүү шүү!

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

561

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 395

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

685


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.