2111-р сар, 2026Бямба гараг

Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

1 сар 19. 17:413 мин унших

Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг ногоон байгууламж болгон тохижуулна. Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс энэ онд хувийн хэвшлүүдтэй хамтран нийгмийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Бид хүндээ ээлтэй, хүртээмжтэй хотыг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, гудамж зам талбай, цэцэрлэгт хүрээлэн барих тал дээр онцгойлон анхаарч ажиллаж буй. 2026 онд хоёр байршилд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.4 га газарт чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах, зугаалах аятай таатай орчин бүхий, хиймэл нууртай цэцэрлэгт хүрээлэнг төлөвлөөд байна. Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангаас зүүн тийшээ 1.7 га талбайд газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ногоон нуурын тохижилтын ажлыг хийхдээ баруун талд буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 110 нэгж талбарт зогсоолын асуудлыг шийдэхийн тулд газар чөлөөлөлт хийнэ. Гандангийн тохижилтыг төлөвлөхдөө Урт цагаантай холбогдох явган болон дугуйн замын гүүрэн байгууламжийг барина. Цаашдаа Гандангийн урд хэсгийн газар чөлөөлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот нэг хүнд ногдох ногоон байгууламжийн үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас доогуур байдаг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага бий” гэсэн юм.

 

Ч.Төгсдэлгэр: Ногоон нуур орчмын намгархаг хөрсөнд ногоон байгууламж байгуулах нь байгаль орчинд өндөр ач холбогдолтой

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын нэг иргэнд найман м.кв ногоон байгууламж ногдож байна. ДЭМБ-аас нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг 35 м.кв байлгахыг зөвлөдөг. Энэ хүрээнд бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж, дүүргийн чанартай томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо орчимд хүн амын нягтшил ихтэй. Энэ хэсэгт ногоон байгууламж, зогсоолыг шийдэх зайлшгүй шаардлага бий. Тухайн орчим намгархаг хөрстэй, экосистемд өндөр ач холбогдолтой хэсэг. Намгархаг хөрс нь агаар цэвэршүүлдэг учир энд барьсан ногоон байгууламж нь байгаль орчинд өндөр ач холбогдолтой. Тиймээс намгархаг хэсгийг зайлшгүй авч үлдэх хэрэгтэй. Энд мөн олон нийтийн барилга байгууламжийг төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтыг хийхдээ иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч, саналыг тусган ажиллана” гэлээ. 

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулна. Ингэснээр ААН-үүдийн дэд бүтцийг шийдэж, дэмжиж өгөх, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг төсвөөс мөнгө гаргалгүй хийх зэрэг ач холбогдолтой” гэв.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 363

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.